ЯрилцлагаОнцлохОрон нутагШинэ мэдээ

Д.Эрдэнэбаатар: Аврагчийн туршлага байгууллагын үнэт хөрөнгө

Архангай аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Д.Эрдэнэбаатартай ярилцлаа.

– Таны хувьд аймгийн Онцгой комиссын шуурхай штабыг ахлан ажиллаж байгаа. Эхний асуулт маань өнөөдрийн нөхцөл байдалтайгаа уялдаад цар тахалтай тэмцэх талаар аймгийн хэмжээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар сонирхмоор байна. Нөхцөл байдал ер нь ямар байна?

–Аймгийн хэмжээнд батлагдсан тохиолдлын тоо нэмэгдэх хандлагатай байна. Өдөрт 150-170 хүн шинээр батлагдаж, батлагдсан тоо нэмэгдэж байгаа нь хариу арга хэмжээг яаралтай, шуурхай авах шаардлага тулгарч байна. Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийг хааж, сурагчдын хичээл 10 дугаар сарын 01 хүртэл цахимд шилжүүлсэн. 

Эмнэлгийн орны тоог нэмэгдүүлэхэд анхаарч аймгийн нэгдсэн эмнэлгээс гадна нэг сувилал, хоёр хувийн эмнэлгийг шинээр бэлтгэн аймгийн төвд 250, сумдын хэмжээнд 600 орыг бэлтгээд байна.

Шуурхай штабын даргаар жил гаруй хугацаанд ажиллаж байна. Онцгой байдлын алба дээр ирэх ачааллыг багасгах, хүн, хүч, ажлын ачааллыг тэнцвэртэй ажиллуулахад анхаарч мэргэжлийн албадыг илүү түлхүү ажиллуулж байна.

– Өвөлжилтийн бэлтгэлийг хэрхэн хангаж байна?

–Хур бороо ихтэй, газрын гарц сайн байлаа. Малчид хадлан сайн авч байна. Өвөлжилтийн бэлтгэлийг хангахад зориулж аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс сум бүрт 15,0 сая төгрөг олгосон.

–Төрж өссөн нутаг ус, аав, ээжийнхээ тухай хуучлаач. Мөнхийн сэдэв юм даа…

–Аав, ээж маань Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрж өссөн. Би мөн энэ аймагт төрсөн. Аав маань санхүү, эдийн засагч мэргэжилтэй, аймгийн захиргаанд санхүү төрийн сангийн албанд 40 гаруй жил ажиллаад тэтгэвэртээ гарсан даа. Ээж маань сувилагч, эм найруулагч хүн. Нэгдсэн эмнэлгийн эмийн санд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Эцэг эхээс долуулаа. Гурван эгч, гурван дүүтэй.

–Төрсөн нутагтаа ажиллаж, амьдрахад давуу болон бэрхшээлтэй зүйл байна биз?

– Давуу тал байна л даа. Аав, ээжийнхээ дэргэд, гэр бүл, ах, дүүтэйгээ хамт, төрсөн нутагтаа ажиллаж, амьдрана гэдэг сайхан. Өөрийгөө азтай хүн гэж боддог. Ар гэртээ санаа зовох зүйлгүй, ажлаа сэтгэл амар хийх боломжтой. Манай албанд ч гэр бүлээсээ хол, өөр нутагт ажиллаж, амьдарч байгаа хүн олон л байдаг. Хэцүү санагддаг.

– Бэрхшээлтэй нь гэвэл?

–Таньдаг хүн олон /инээв/. Танилын нүүр халуун гэдэг шиг зүйл заримдаа байнаа байна. Аав, ээжийн нутаг болохоор олны хүрээлэл ихтэй л дээ. Сүүлийн үед манай албанд ажилд орох гэсэн залуусын хүсэлт их нэмэгдсэн. Гэхдээ нутаг ус, танил тал гэлтгүй албаны тавигдах шаардлага, зарчим гэж байх ёстой.

– Онцгой байдлын байгууллагатай ажил, амьдралаа холбосон он жил хэзээнээс эхтэй вэ?

–Аав маань төрийн захиргааны байгууллагад олон жил ажиллаж зүтгэсэн хүн. Цэргийн байгууллагад орж ажилла, эр хүний хийх ёстой ажил гэж анх санал болгож байсан даа. Дунд сургуулиа ч төгслөө. Анх 1996 онд аймгийн БХТН-ийн жолооны курст С ангиллын жолоочоор зургаан сар суралцаж төгсөөд дараа жил нь хуучнаар Гал түймэртэй тэмцэх албанд орох хүсэлт гаргаж шалгаруулалтад орж байлаа.

Тэр үед чинь галын автомашины жолооч болох хүн гурван жил жолоо барьсан, туршлагатай байх шалгуур тавьдаг байлаа. Нэг жил гал сөнөөгчөөр томилогдон ажиллаж байгаад 1998 онд автомашин жолоодох эрхээ авч байлаа. Ажилдаа улам л дур сонирхолтой болж эхэлсэн. Энэ байгууллагадаа хийж бүтээсэн зүйлтэй явья, улам суралцая л гэж бодсон. Илүү суралцаж, өөрийгөө хөгжүүлэхийг зорьж байлаа.

Цагдаагийн академийн Галын техникчийн ангид суралцах элсэлтийн шалгалтад орж суралцсан. Цэргийн офицерийн эгнээнд орж дэвшин ажиллах үүд хаалга нээгдэж байлаа.  Дахин мэргэжил дээшлүүлж, 2005-2008 онд ОХУ-ын Онц байдлын яамны Гал эсэргүүцэх албаны академид суралцаж, галын аюулгүй байдлын инженер мэргэжилтэй болсон. Мөн техникийн ухааны магистр хамгаалсан. Амьдралын замыг минь зөв залж өгсөн аавдаа баярлаж явдаг.

Галын техник спортоор хичээллэдэг байсан. Гэхдээ миний хувьд өөрийгөө  спортод амжилт гаргахгүй юм байна гэдгээ тухайн үед ойлгосон юм шиг байгаан. Сургуульдаа тэнцэх гэж бие дааж их ч бэлтгэж, мэрийсэн дээ.

–Тантай олон удаа уулзаж, ярилцаж явсан. Олон таван үггүй, эмх цэгцтэй, элдэв маяггүй хүн шиг санагддаг. Бас чамгүй няхуур байх шүү…

 –Танд тэгж үнэлэгдсэн бол баяртай байна. Няхуур зан бий бий.

–Гал сөнөөгчөөс ажлын гараагаа эхэлж байсан хүн өнөөдөр удирдах албан тушаалд олон жил тасралтгүй ажиллахад нөлөөлсөн гол зүйл нь юу гэж боддог вэ?

–Энэ хугацаанд Гал түймэртэй тэмцэх хэлтэст гал сөнөөгч, галын авомашины жолооч, салааны захирагч, Онцгой байдлын хэлтэст гал түймрийн болон гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын орлогч, ажлын албаны даргаар ажиллаж байлаа. Онцгой байдлын газрын даргаар 9 жил ажиллаж байна.

Аливаа ажлыг үр дүнд хүргэж, эхэлсэн бол, дуусгадаг зантай. Тууштай, зүтгэлтэй хандах дуртай. Үр дүнд хүрч, ажлын ард нь гарах сайхан. Ер нь албан тушаал чухал биш. Гал сөнөөгч ч бай, байгууллагын удирдлага ч бай даалгасан ажлыг хариуцлагатай гүйцэтгэж, хүлээлгэсэн итгэлийг дааж ажиллах ёстой гэж боддог. Залуустаа ч хэлдэг. Ер нь нямбай, цэгцтэй байхыг хүсдэг. Хамт олноосоо ч тийм байхыг хүсдэг. 

Дарга, удирдлагууд маань бичиг үсгийн чадвартай гэж их үнэлдэг байсан. Аливаа юманд цэгцтэй байх, нямбай хандах чанар маань нөлөөлсөн юм болов уу. Одоо ч тайлан мэдээ гаргалаа гэхэд өөрөө давхар заавал хянадаг “муу” зантай хүн. Алдаа гаргахгүйг хичээдэг. Олон хүн удирдаж явна, ажил, амьдралыг нь зөв удирдаж явья, удирдлагын арга барил тодорхой, зарчимтай байх ёстой л гэж боддог. Шаардлагаа зөв тавих хэрэгтэй.

–Онцгой байдлын газрын хувьд автомашин техник, парк шинэчлэл сайн хийгджээ гэж харлаа.

–Албаны хэмжээнд хууль эрхзүйн орчин сайжирч, техник хэрэгслийн чадамж 10 жилийн өмнөхөөс эрс өөрчлөгдсөн. Онцгой байдлын газар хоёр том гаражтай. Сүүлийн жилүүдэд евро стандартын автомашинуудаар парк шинэчлэл хийгдсэн. Гал унтраах хүчин чадал 60-70 хувь нэмэгдсэн.

Уснаас аврах ажиллагааны багаж хэрэгсэл сайжирсан. Аймаг, орон нутгаас ч их дэмжлэг үзүүлдэг. Ер нь иргэдийн шаардлага их өндөр болсон. Иргэдийн хүлээлт, сэтгэл ханамжид хүртэл ажиллана гэдэг Онцгой байдлын байгууллагын үүрэх ачаа, албаны үүрэг роль, хариуцлага улам нэмэгдэж байна гэсэн үг. Тийм ч учраас алба хаагчдын мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэх, техник тоног төхөөрөмжийн дэвшил өндөр хэмжээнд, олон улсын түвшинд хүргэхэд анхаарч ажиллаж байгаа үе, үеийн Засгийн газар, онцгой байдлын байгууллагын дарга, удирдлагууддаа талархаж явдаг. 2016 онд шинэ депо ашиглалтад оруулснаар алба хаагчдын ажиллах орчин, нөхцөл эрс сайжирсан. 2018 онд 24 айлын орон сууцыг ашиглалтанд орууллаа. Алба хаагчдын 50 гаруй хувь нь орон сууцны зээл, түрээсийн орон сууцны нөхцөлтэйгээр орон сууцтай боллоо.  Хуучин эрэн хайх, аврах салбар байсан газар дээр дахин алба хаагчдын орон сууц барихаар төлөвлөж байна.

–Хамгийн хуучин нь хэдэн оны ямар автомашин байна?

–1970, 80-иад оны Зил-130, УАЗ-469, автоцистерн, Газ-66 байна. Ажиллуулвал,  бүгд үүрэг гүйцэтгэх боломжтой. Мөнхжүүлэх үүднээс албаны музейдээ байрлуулахаар төлөвлөж байна. Түүх юм даа.

–”Цэргийн хүний гэргий бурхад байдаг юм” гэдэг үг байдаг. “Цэргийн хүний гэргий түүнээс нэг цол дээр” ч гэдэг. Зүгээр ч нэг хэлчихээгүй үг шиг санагддаг. Гэр бүлээ танилцуулаач?

–Бид дөрвөн хүүхэдтэй. Бага нь охин, гурван настай. Эхнэр маань Нэгдсэн эмнэлэгт зүрх судасны сувилагч. Хүүхдүүддээ хааяахан ганц нэг үг хэлнэ үү л гэхээс тэр бүр хичээл номонд нь оролцоод, хүмүүжилд нь анхаараад байж чадахгүй юм.

Сургуульд сурна гээд нялх хүүхэдтэй орхиод явж л байсан. Хүүхдүүд өвдөнө. Залуу хүмүүст тохиолддог хэцүү зүйлийг бид ч туулаад, даваад л гарсан. Ар гэр, амьдрал ахуйгаа эхнэр маань л зохицуулаад явдаг. Уурхайн осол, ой, хээрийн түймэр, усны ослын дуудлагаар олон хоног ажиллана. Манай нутаг уул хад, даваа олонтой. Холбоо, сүлжээгүй газраар явна. Шаварт сууна, автомашин техник нь эвдэрнэ. Араас нь сэтгэл зовоостой, нойргүй л хононо. Тэр болгонд хамт л сэтгэл нь зовоостой байдаг даа. Ер нь цэргийн хүний эхнэр байна гэдэг амаргүй шүү дээ.

Ялангуяа манай алба гэрийн бараа харахгүй. Залуус маань ихэнх нь өрхийн тэргүүн болсон. Тэдний маань хань ижил бүгд л ар гэрээ авч явах, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлж,  гэр бүл, үр хүүхдэдээ санаа зовох асуудалгүй арыг нь найдвартай дааж явна. Биднээс дутахгүй эх орондоо оруулж буй томоохон хувь нэмэр гэж боддог шүү.

– Алба их залуужиж байна. Туршлагатай, олон жил ажилласан хүмүүс тэтгэвэрт эрт гарч байгаа ажиглагддаг. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

–Олон жил ажилласан туршлагатай алба хаагчид гарч явахад харамсалтай байдаг ч хувь хүний гаргаж байгаа шийдвэрийг хориглох боломжгүй. Аврагч болно гэдэг маш нарийн олон жилийн дадлага туршлагаар олж авдаг мэргэжил. Ийм хүмүүс гараад явахад тэр чадвар хамт гараад явчихдаг. Энэ хэрээр албаны үүрэг гүйцэтгэх чадвар суларч болзошгүй. Тухайн хүний олон жилийн дадлага туршлага байгууллагын үнэт хөрөнгө байдаг.

Хэдийгээр ажиллах орчин нөхцөл сайжирч, техник багаж хэрэгсэл сайн болж байгаа ч байнга шинэчлэгдэж байдаг хүний нөөц боловсон хүчнийг бэлтгэх тал дээр онцгой анхаарч ажиллах шаардлагатай гэж боддог.  

– Та ер нь ажлаас хүн халж байв уу?

–Шинэ залуу хүмүүс янз бүрийн ааш, зан төлөвтэй л байх юм. Зөрчил дутагдал гаргавал засаад авахыг илүү боддог. Хэд хэдэн удаа шаардлага тавина. Биелүүлэхгүй, үнэхээр болохгүй бол арга хэмжээ авахаас аргагүй. Зарим нь өөрөө гараад явах ч бий.

Сургууль төгсч ирсэн залуус шууд ажил дээр гарахад учир дутагдалтай зүйл олон л байдаг. Ур чадвар, мэдлэг, мэргэжлийг энд, ажил дээр гарч байж л сурч байна.

–Архангай аймгийн Онцгой байдлын газар аймгуудаа төлөөлж анхны Цэргийн гавьяаны одонт байгууллага болсон. Бахархалтай сайхан санагдаж байлаа.

–Архангай бол том аймаг. 19 сумтай. Бүх л суманд хүрч ажилладаг. Нэг ч дуудлагыг алдахгүй үйлчилдэг. Тэр ч утгаараа иргэдийн талархлыг хүлээсэн алба болж чадсан. Төр засаг, ард иргэдийн маань хүндэтгэл, хайр хишиг гэж ахмад буурлууд, хамт олон маань их баяртай хүлээж авсан.

Цаашид ч төрийн дээд шагналынхаа нэр хүндийг улам өндөрт өргөж, хичээж ажиллах хариуцлага ноогдож байна. Ахмадууддаа, хамт олондоо, бүгдийнх нь энгэрт “Цэргийн гавьяаны одон” гялалзаж байгаа шүү гэж хэлдэг. Ахмадуудын маань хийж бүтээсэн үйлсийг алдаршуулах, одоо ажиллаж байгаа залууст маань урам зориг, эрч хүч өгсөн сайхан шагнал болсон.

– “Хангай-21” сургалт, дадлага сургуулийг аймагтаа амжилттай зохион байгууллаа. Сургалт зохион байгуулсан АНУ-ын багш нар манай аврагчдын ур чадвар өндөр түвшинд хүрсэн, сургагч багшаар ажиллах, бусад оронтой туршлага хуваалцах хэмжээнд хүрчээ гэж үнэлж байсан. Цаашид аврагчдын үүрэг гүйцэтгэх нөхцөл бололцоог дээшлүүлэхэд хэрхэн анхаарч ажиллаасай гэж газрын даргын хувьд боддог вэ?

–”Хангай–21″ гамшгийн хор уршгийн арилгах хамтарсан дадлага сургуулийг аймагтаа амжилттай зохион байгууллаа. Онцгой байдлын байгууллагын аврагч нар, удирдах ажилтнуудад чиглэгдсэн сургалтууд явагдсан.

Мөн шинэ залуу аврагч нараа хамруулсан АНУ-аас ирсэн сургагч багш нар өндрөөс аврах, олсны сургалт, давчуу орон зайн аврах ажиллагаа, хээрийн эмнэлэг дэлгэх сургалтыг 12 хоногийн хугацаанд онол, дадлага хосолсон аврагч нарын ур чадварыг нэмэгдүүлсэн сайн сургалт болсон гэж үзэж байна.

Манайх усчин аврагч нарын сургалтыг жил бүр Өгийнуур, Тэрхийн цагаан нууранд зохион байгуулдаг. Энэ жил Зэвсэгт хүчний 084-р анги, Өвөрхангай аймгийн ОБГазартай хамтран гүний усны сургалтыг 8-р сард зохион байгуулсан.

Бид хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг төрийн тусгай албан хаагчид. Хууль эрхзүйн хүрээнд алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, багаж, техник хэрэгслийг шинэчлэх, орчин үеийн автомашин техникээр хангах гээд олон зүйл хийгдэж, алба улам хөгжиж байгааг сайшааж явдаг. Гамшгийн эрсдлийн, сургалтын, эмч, сэтгэл зүйч гэх мэт шинээр орон тоо нэмэгдэж байна.

Нөгөөтэйгүүр байгаль цаг агаарын гамшигт үзэгдлүүд, газар хөдлөлт зэрэг аюул, ослын тоо давтамж нэмэгдэх боллоо. Энэ жил гэхэд хур бороо элбэгтэй байлаа. Аймгийн хувьд том гол, мөрөн ихтэй. Тамирын голын дагууд айлууд үерт урссан. Нүүлгэн шилжүүлэх, аюулгүй газарт хүргэх ажиллагааг хэд, хэдэн удаа зохион байгууллаа.

Өвлийн улиралд цасанд боогдоно, мөн л аврагчид маань гарч ажиллана. Эрэн хайх аврах ажиллагааг гардан зохион байгуулан ажиллаж байгаа аврагчдын орон тоо хангалтгүй байдаг нь эргээд байгууллагын хүч, чадавхи суларна л гэсэн үг шүү дээ. Цөөхөн бүрэлдэхүүнтэй. Аврагчдын ажлын ачаалал их болдог. Бага бүрэлдэхүүний орон тоог нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатай байна. Харин эсрэгээрээ офицер бүрэлдэхүүний тоо нэмэгдсэн.

Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.

Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version