“Монголын мистер-2021” тэмцээн шилдгүүдээ тодрууллаа
“Монголын Мистер 2021” 30 дахь удаагийн Бодибилдинг Фитнессийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 17-ны өдөр Уран Ган төвийн UG Palace-д зохион байгуулагдлаа. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас 2 жил зохиогдоогүй тус тэмцээнд хот хөдөөгийн 56 клубын 260 гаруй тамирчин оролцон өрсөлдөж, шилдэгүүдээ тодрууллаа.
Монголын Бодибилдинг Фитнессийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Одбаатар: Саяхан АНУ-д зохиогдсон тэмцээнд оролцож, манай мэргэжлийн 8 тамирчин маань оролцож, эх орныхоо нэрийг гаргаад ирлээ. Ирэх оны хувьд нэгдүгээр сард Улсын аварга шалгаруулах тэмцээн, Дөрөвдүгээр сард ирээдүйн мистер тэмцээнийг зохион байгуулна. Улсын аварга шалгаруулах тэмцээнээс эрхээ авсан тамирчид 7 сард Малдив улсад зохиогдох Азийн аварга шалгаруулах 54 дэх удаагийн тэмцээнд эх орноо төлөөлж оролцоно. 11 дүгээр сард Дэлхийн аварга болон мэргэжлийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд хүмүүсээ бэлтгэж оролцуулахаар төлөвлөж байна. Бодибилдинг фитнессийн спортын ач холбогдол маш их. Хүн болгон хичээллэх боломжтой. Заавал тэмцээнд оролцох гэж биш, хүн бүрийг амьдралын эрүүл зөв хэвшилтэй, чийрэг сайхан бие бялдартай болгоно. Залуу насыг удаан хадгалж, зөв хооллож, эрүүл мэндэд эерэг үзүүлдэг гэдэг утгаараа манай улсад нийтийн биеийн тамирын спорт чиглэлээр хөгжиж байна. Түүнчлэн мастер ангилалд оролцож байгаа 55-аас дээш насныхан хүмүүст урам зориг, үлгэр дуурайлал болдог. Залуучуудын хувьд өөрийн биед анхаарал хандуулж, хорт буруу зуршлуудаас хол байхад нь эерэг нөлөө үзүүлж чадаж байна.
Монголын Бодибилдинг Фитнессийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Олон улсын шүүгч Г.Батзориг: Ковидын нөхцөл байдлаас үүдэн 2 жил хойшлоод байсан ч тэмцээнийг манай холбооноос хүчин чармайлт гарган зохион байгууллаа. Бүх тамирчидаа 3 тунд хамруулж, түргэвчилсэн тест авлаа. Манай спорт тайзан дээр зохиогддог онцлогтой учраас тамирчид хоорондын зайг барих боломжтой. Бүх тамирчид маань нүүрний хамгаалалттай, цөөхөн тооны үзэгчидээ PSR шинжилгээ авч оруулсан. Манай холбооны зүгээс нийтийн биеийн тамир буюу бодибилдинг фитнессийн спортоор ард иргэдээ хичээллүүлж, эрүүл зөв амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх гэсэн гол зорилгоо баримтлаж байна. Тэмцээн бол бидний ажлын нэг хэсэг. Тэмцээнээр дамжуулж маш олон хүмүүст урам зориг өгч, бүх хүнд боломж байгааг харуулахыг хүсдэг. Тэр ч утгаараа жилээс жилд тэмцээн маань илүү өргөн дэлгэр болж, насны ангиллууд нь нэмэгдэж байна. Тэмцээний ангиллаас харахад 30-40 насны эмэгтэйчүүд маш их оролцож байна. Эдийн засаг нийгмийн хүндхэн цаг үед биднийг дэмжиж ажиллаж байгаа спонсорууддаа баярлалаа.
Champ фитнесс клубын тамирчин Д.Энхбилэг: Юун түрүүнд энэ спортыг сонирхдог бүх хүмүүст талархал илэрхийлье. “Монголын мистер 2021”тэмцээний 30-40 насны ангилал оролцод хүрэл медалийн болзол хангасан.
Би дөрвөн жил бодибилдинг фитнессийн спортоор хичээллэж байна. Ковидын үед бэлтгэлээ гэрээр хийдэг байсан.
Манай ангилалд олон тамирчин өрсөлдөж, шагналт байранд орсондоо баяртай байна.
П.Нарандэлгэр