Байгаль орчинСурвалжлагаОнцлох

Ч.Галсан: Мод тарина гэдэг миний хувьд шүтлэг юм

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Галсан Сэлхийн аманд байрлах Гүнжийн Булагт сая дахь модоо тарилаа. Гурван жилийн өмнөөс “Чинагийн Галсан” сан, Сүхбаатар дүүргийн иргэн Э.Ганхуяг, Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Чанцалдулам нар хамтран Гүнжийн булгаа сэргээж, мод тарих аяныг хэрэгжүүлж байгаа аж.

Энэхүү аяны хүрээнд нийт 3 удаа 350 орчим иргэн ирж, үрсэлгээ суулгасан ба цаашид хүүхэд тоглож, хөгшид нарлах цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулахаар төлөвлөж байгаа ажээ. Нэг сая дахь мод тарих /2021.10.15/ хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Аялал жуулчлалын хөгжлийн төвийн дарга С.Бат-Эрдэнэ, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон юм.

Зохиолч Ч.Галсан “Нэг хүн сэдэж эхлүүлээд нэг сая мод тарьж болж байгаа юм чинь 1000 хүн байхад л бид нэг тэрбум мод тарина. Манай гэр бүлийн хувьд нэг сая мод тарьж чадлаа, одоо бид хоёр дахь сая модоо тарих ажилдаа орно” хэмээн хэлж байлаа.

Энэ үеэр Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Галсанд Монголын аялал жуулчлалын холбооны “Аялал жуулчлалын төлөө” медалийг гардуулав. Аялал жуулчлалын хөгжлийн төвийн дарга С.Бат-Эрдэнэ “Зохиолч, яруу найрагч Чинагийн Галсан нь Монгол орны ой модны нөөцийг нэмэгдүүлэх, гол мөрний урсацыг сайжруулах, хүрээлэн буй орчны доройтлыг бууруулахад өөрийн хүч хөдөлмөрийг зориулж яваа эрхэм хүндтэй хүн билээ. Түүний бичсэн ном зохиол, бэлтгэсэн танилцуулга товхимол, хийсэн лекц яриа нь ХБНГУ-аас манай улс руу аялах аялагч жуулчдыг татах гарын авлага болж, хоёр орны хооронд гүүр болон ажиллаж байгаа тул уг шагналыг олгож байна” хэмээн онцолсон юм. Мөн тэрбээр ирэх 2022 оноос Аялал жуулчлалын хөгжлийн төв, Монголын аялал жуулчлалын холбоо, “Чинагийн Галсан” сантай хамтран аялал жуулчлалын салбарынхантайгаа нэгдэж, жуулчны баазуудыг түшиглэн мод тарихаар болсон гэдгээ дуулгалаа.   

МУСГЗ Ч.Галсан: Мод хүнийг зөв амьдралын замд жолоодоод оруулчихдаг

Мод өөрийгөө тариад үржээд байдаг. Яагаад гэвэл улиас, чацаргана  тариад үз. Нэг улиас тарихад 5 жилийн дараа 20 гаруй болсон байна. Үндэс нь газраас цухуйгаад ургаад байдаг. Ер нь мод ургуулна гэдэг буян юм. Зарим хүн мод тариад бизнес хийдэгг. Энэ бол буруу биш маш сайн үйл. Харин миний хувьд мод тарина гэдэг шүтлэг юм. Би ном бүтээл туурвиж олсон мөнгөөрөө худалдаж авсан модоо огт үнэгүйгээр ургуулья гэсэн хүнд блэгэлэчихдэг. Энэ утгаараа буян юм.

Миний хамгийн ихээр хайрлаж явдаг мод улиас, бургас хоёр. Голын бургасыг би яагаад тэгж хайрладаг гээч. Зургаан жилийн өмнө би хүүхдүүдтэйгээ сууж байгаад цонхоор хартал хоосон зай байлаа. “Тэр зай надаас мод нэхээд байна. Нүх ухаад өг” гэхэд хүүхдүүд маань инээлдэж байгаад ухаад өгсөн. Би тоолж байгаад дөрвөн төө бургасны мөчир тайраад тэнд хатгаж байлаа. Тэгээд өглөө бүр услаарай гэж хүүхдүүддээ захисан. Одоо тэр мөчир маш өндөрт найгсан, 20 гаруй бургас болсон. Мод тарина гэдэг ийм л буянтай ажил. Мод тарьсан хүн хүндтэй болдог юм байна. Би хоол хороогоод байшингийн мухарт хэвтэж байсан бол өнөөдөр хэн намайг ингэж үнэлэх билээ.

Өтлөхгүй урт насалъя гэвэл мод тарьцгаа, намайг хар. Нэрд гаръя гэвэл мод тарьцгаа, намайг хар. Мод хүнийг зөв амьдралын замд жолоодоод оруулчихдаг. Намайг анх мод тарьж эхлэхэд хажуу айлын амарцар бүсгүй гарч ирээд “Чиний мод тарих гэж юу байдаг юм. Модыг чам шиг өвгөн тарьдаггүй юм. Мод чинь өөрөө ууланд ургадаг зүйл” гээд загнаж билээ. Загнуулж байгаад тарьсан модны сүүдэр дор одоо тэр бүсгүй ач, хүүхдүүдээ агаарлаж суудаг. Тэгээд би хүүхдүүддээ хэлдэг юм. Түүний хүүхдэд сайн бэлэг өгөөрэй, модны сүүдэрт хүүхдүүд нь унтаг гэдэг. Ер нь өшөө авах хамгийн сайн арга бол зөөлөн аргаар буян хийж, хүнийг ичээх юм шүү дээ. 

Бид ой үржүүлгийн хоёр газар байгуулсан. Нэг нь Улаанбаатарт Хадатын аманд, нөгөө нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд бий. Багц, багцаар нь мөнгө өгөөд хүмүүсээс суулгацыг нь худалдан авч байлаа. Хадатын аманд арав гаруй жилийн өмнө хогийн цэг байсан газар надад оногдсон. Хогийн цэгийн 400 ам.метр газрыг би 13 сая төгрөгөөр худалдан авч мод тарьж байлаа. Машин яваад тахалсан, хог овоолсон, өмхий үнэртэж байсан тэр цэгт өнөөдөр том том улиас, бургас мод найгаж байгаа.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг: Мод гэдэг  аливаа улсын ногоон тусгаар тогтнол гэж би боддог 

Аливаа улс орны хөгжлийг олон хүн амтай байна уу, өндөр барилгатай байна уу, олон машинтай байна уу гэж үнэлэхээс илүү иргэддээ ээлтэй байна уу ногоон байгууламжтай байна уу, агаарын чанар сайн байна уу гэдгээр үнэлдэг болсон энэ цагт мод тарьж тэрнийгээ ургуулна гэдэг  үнэхээр хамгийн том  хөрөнгө оруулалт юм. Анх би Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга болчихоод тэнд хоосон газар ямар ч ус ч үгүй мод ч үгүй байх үед Галтайхүүтэй танилцаад, надад 5000 мнган мод хандивлаж байсан. Тэр цагаас хойш маш олон ажилд хамтран ажиллаж, мод тарьж ургуулжээ.

Мод тарина гэдэг хүүхэд өсгөхтэй адил. Энэ олон модыг тарьж ургуулсан  бүх хүмүүст талархалаа илэрхийлэхийг хүсэж байна. Миний хувьд 120 мянга гаруй мод бут сөөгийг тарьж  ургуулахад гар бие оролцсон. Би говь нутгийн  хүн Бага газрын чулуунд 500 мод тарьсан маань өндөр ургаж төгөл болсон байна.  Мод гэдэг  аливаа улсын ногоон тусгаар тогтнол гэж би боддог. Тийм ч учраас эх дэлхийгээ хайрлах, хойч үедээ илүү сайхан байгаль үлдээх, мөн  тарьж ургуулсан модоо хайрлаж, баясаж харах гээд олон талын ашиг тустай таашаалтай ажил юм. Ургасан мод нь бүхий л ан амьтад, жигүүртэн шувуудад ач тусаа өгдөг тул өөрийн бүхий л ажил үйлсээ “Ногоон хөгжилд” зориулж, энэ чиглэл ажиллаж буй хүмүүсийг дэмжиж хамтран ажиллаад явна.

My Club”-ийн үүсгэн байгуулагч Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Түүхийн тэнхимийн профессор, доктор Д.Сэрдарам: Хүмүүст итгэл найдвар, гэрэл гэгээ авчирдаг манлайлагч хүн нийгэмд хэрэгтэй. Би М.Горькийн “Эзергиль эмгэн”  зохиолын Данко гэдэг баатарт дуртай. Өнөөдөр мод тарих их үйлсэд өөрийнхөө амьдралаараа Данко болж байгаа Чинаагийн Галсан гуайдаа баярлаж байна. Маш олон залуучуудад итгэл найдвар, урам зориг өгч, бамбар болон асч байна. Мод тарих үйлсэд уриалж, тарьсан модоо арчлах, ургуулах нь ямар чухал болохыг ойлгуулж байна. Түүнийг Монголоос гадна барууны ертөнцөд маш сайн мэддэг. Тууштай хөдөлмөр, амьдралын сургамжийг залуучуудад хүргэх нь маш чухал гэж боддог.

Сонирхуулахад, Одоогоос 20 жилийн өмнө зохиолч Чинагийн Галсан гуай 1 сая мод тарихаар зориг шулуудаж ажлаа төлөвлөөд, зүрхэн хэлбэртэй нутгийн чулуу, хадаг сүүгээ барьж Мод үржүүлэгч, ойн инженер Д. Сугарсүрэн эгчтэй уулзаж анхны модоо авахдааИнгээд бид 2 гэгээн нарны дор, байгаль эхийн үр сад болж ах дүүс болон байгаль дэлхийгээ баярлуулцгаая!” хэмээн андгай тангараг өргөж байжээ.

П.Нарандэлгэр

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version