Уул уурхайЗасгийн газарНийгэмОнцлох

Цогтцэций-Чойрын шороон замын нөхцөл байдалтай гурван тал хамтарч ажиллана

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Тавантолгойн ордоос Чойр чиглэлд шороон замаар нүүрс тээвэрлэж байгааг эсэргүүцсэн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын малчдын төлөөлөлтэй өнөөдөр уулзлаа.

Тэд “Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгийн нутгаар шороон замаар нүүрс тээвэрлэж байгааг эсэргүүцэж байна. Шороон замаар хийж буй тээвэрлэлтийн улмаас газар нутаг, ус бэлчээр доройтохоос гадна мал, малчдын эрүүл мэнд, ан амьтан, өвс ургамал бүгд сүйдэж байна. Говийн малчин ард түмэн хүнд даацын машины замын шороо тоосон дунд байх болчихлоо. Холын бараа харагдахгүй шахам тоосон тунд төөрөхөөс наахнуур малаа адуулж байна.

Хойноос салхилсан ч, урдаас салхилсан ч битүү тоос шороо. Үүнийг дарга, сайд анхааралдаа авч, бодит байдалтай танилцаж арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна.

Зам, тээврийн хөгжлийн сайдын 10 дугаар сарын 2-нд гаргасан Цогтцэций-Чойрын чиглэлийн шороон замын нүүрс тээвэрлэлтийг зогсоох шийдвэрийг бид дэмжиж байна. Энэ шийдвэрийг эсэргүүцэж “Баянзам” тээвэрчдийн холбооныхон Сүхбаатарын талбайд шалаанзтай эсэргүүцлээ илэрхийлснийг бид дуулаад нийслэлд ирсэн. Сүхбаатарын талбай дээр зогсоосон тийм том шалаанз манай нутгаар өдөрт 100-200-гаараа цувж байна. “Баянзам”-ынхан 4 тэрбум төгрөгөөр зам тавьж, янзалсан гэж ярьж байна билээ. Огтхон ч тийм зүйл байхгүй. Газрын хөрсийг хуссаныгаа зам гээд байна” гэлээ.

Сайд Л.Халтар Цогтцэций-Чойрын чиглэлийн шороон замын нүүрс тээвэрлэлтийг ямар ямар үндэслэлээр зогсоох шийдвэр гаргах болсноо тайлбарлаад хэн нэгэн рүү буруугаа чихих биш, Зам, тээврийн хөгжлийн яам, Цогтцэций-Чойрын чиглэлд шороон замаар нүүрсний тээвэр хийж буй “Баянзам” тээвэрчдийн холбоо, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын малчдын төлөөлөл хамтарч нөхцөл байдал газар дээрээ ямар байгааг хамт явж үзэж танилцахаар тогтлоо.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version