ЯрилцлагаОнцлох

Д.Содном: Ерөнхий сайдаас огцорчихоод байхдаа гомдох хоргодох сэтгэл огт төрөөгүй

Дорноговь аймгийн Өргөн сумын уугуул, Монгол Улсын Ерөнхий сайд асан Алтан-Чой овогт Думаагийн Содномтой ярилцлаа.

-Дэлхийг нөмөрсөн цар тахал дэгдээгүйсэн бол хүмүүс өдийд нэг заваараа нутаг шурхийгээд ирэх юм сан гэсэн бодолтой явж байх байсан биз. Цаг сайхан болвол та нутаг явъя гэж бодох юм уу?

-Нутаг явах бодол байлгүй яах вэ. Аргалын ууландаа, төрсөн гэрийн буйран дээр очмоор санагдах л юм. Би чинь Өргөн сумын харьяат. Миний төрсөн гэрийн буйр 1956 онд Өргөн суманд нэгтгэгдсэн Баянмөнх суманд байсан. Аргалын уул нэртэй гайхалтай сайхан говийн хангай байдаг. Тэр уулын хойд талд байгаа Гарамын голын Илийн бууц бол миний төрсөн гэрийн буйр гэдгийг ээж минь зааж өгсөн юм. Миний аавыг Аргалын уулын Алтан Чой гэдэг байсан юм билээ. Ээж минь 40 гаруй жил Баянмөнх сумандаа амьдарч байгаад намайг 1946 онд Санхүүгийн техникумд суралцаж эхлэхэд Улаанбаатарт ирж билээ. Аав ээжийн минь амьсгал, дуу хоолой, бараа нь шингэсэн Аргалын уул хайрханаа шүтэж, харж мөрөөдөж байхаас яах вэ.

-Хамгийн сүүлд та нутаг усаа хэзээ эргэв. Өргөн сумынхныг чинь Их говийн зоригтонгууд л гэдэг дээ?

-Хамгийн сүүлд 2019 онд очсон юм байна. Өргөн сумын удирдлага сумынхаа Ерөнхий боловсролын сургуулийг миний нэрэмжит болгох шийдвэр гаргасан. Тэр ёслолд оролцож, сургуулийн багш сурагчидтай уулзаж, холбоо тогтоосон. Жижигхэн номын сантай болгосон, одоо нэмж өгөх номуудаа бэлтгэж байна. Мэдээж Аргалын ууландаа очсон. Манай сумынхан чинь Их говийн зоригтонгууд хэмээн алдаршсан хүмүүс. Дэлхийн 2 дугаар дайн болж байсан 1944 онд аюултай зуд болж олон хоног үргэлжилсэн цасан шуурганд хөөгдсөн 70 мянган адууг хил давуулахгүйн төлөө манай сумын иргэд, хилчидтэй хамт тэмцэж тогтоон барьсан түүхтэй. 

Ямар баатарлаг гавьяа байгуулсныг мэдүүлэх гэж маршал Х.Чойбалсангийн даалгавраар Б.Ринчин гуай газар дээрээс нь сурвалжилж “Их говийн зоригтонгууд“ нийтлэлээ бичсэн гэдгийг олон хүн мэднэ байх.Тийм зудын аюул гамшиг болж байсныг би ч мэдэх юм. Хавар нь цас хайлж дулаарах үеэр манай сумын төвийн эрчүүд үхсэн адууны арьс ширийг өвчиж авч байхад, тэдний гар хөлийн  туслалцаж байснаа сайн санадаг. 

Тэгэхэд би 11 настай, аливаа юмыг сайн ухаж ойлгож тогтоодог дээрээ байж. Мөн тэр онд сумын төв орчимд хоёр гурван орос цэрэг нэг ачааны машинтай, зээр агнаж байсантай би танил болж байлаа. Бодвол Зөвлөлтийн дайчдын хүнсний хэрэгцээнд зээр агнаж хэрэглэхийг зөвшөөрч байсан байх. Ер нь манай аймгийн иргэд нийт монголчуудынхаа нэгэн адил дайны үеийн хүнд хэцүү нөхцөлд улс эх орноо хамгаалах, үр хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэхийн төлөө тэмцэж, амьдралын гачигдал зовлонг өндөр тэвчээр гарган даваж байсан эгэл жирийн баатарлаг иргэд гэдгийг би тэр үед өсч хүмүүжиж байсан хүүхэд байх үеийн амьдралаараа мэддэг, бахархдаг.

-Та ингэхэд эхээс хэдүүлээ вэ. Танайх ер нь ямаршуу айл байв. Төрсөн сар өдрөө яг таг мэддэг үү. Таны үеийн хүн амын бүртгэл гэж хэцүүхэн эд байсан байх?

-Миний ээж Думаа, аав Чойжамц нарын төрүүлж өсгөсөн 8 хүүхдээс би долоог нь мэддэг. Хамгийн том ах маань 1943 онд уушигны хатгалга авч нас барсан. Аав маань хилийн гадна тусгай үүрэг гүйцэтгэж яваад мөн тэр жилд амь үрэгдсэн. Үлдсэн зургаан хүүхдийн гурав нь хүнд өргөгдсөн, надтай гурав нь 1943 оноос ээжтэйгээ амьдардаг байсан. Би чинь эх барьж авсан хүн байтугай, төрсөн сар өдрөө мэддэггүй. Төрсөн он бол 1933 он гэдэг нь баталгаатай. Харин төрсөн сар өдрөө 7 дугаар сарын 14 гээд таамгаар бичүүлчихсэн.

Миний 7 орчим настайгаасаа \1943 оноос\ мэддэг манайх гэдэг айл бол гурван хүүхэдтэй, өрх толгойлсон Цэвэгийн Думаа гэдэг ядуу амьдралтай эмэгтэйнх байснаа намайг Санхүүгийн техникум төгсөж Сангийн яаманд ажиллаж эхэлсэн 1950 оноос Содномынх гэх болсон юм.

-Сониноос та чинь Содномжамц гэсэн нэртэй байсан гэл үү?

-Өө тийм. Баянмөнх сумын бага сургуулийг төгсөөд 1946 онд Улаанбаатар хотод ирж Санхүүгийн техникумд суралцахаар шалгалт өгч бүртгүүлэхдээ хүмүүс Содном л гэдэг байсан болохоор Думаагийн Содном гээд бичүүлсэн. Тэгж л нэрийнхээ жамц гэдэг хэсгийг гээчихсэн. Төвөд нэр, Содном гэдэг нь буян, Жамц гэдэг нь далай гэсэн утгатай юм гэсэн.

Сангийн яамны ажилтан  Д.Содном. 1952  он

-Та хамгийн анх төв суурин газар хэзээ очиж үзэв.  Тэр мэдрэмжээсээ хуваалцаач.  Суурин газрын юу нь тийм содон санагдаж байв. Сонин түүх байгаа байх гэж бодогдоод асуулгүй өнгөрч чадсангүй?

-Хамгийн анх буюу 1946 онд үзсэн хот бол Улаанбаатар. Хотод ойртож ирээд Баянзүрхийн модон гүүрний дэргэд машинаас бууцгаагаад Туул голыг харахдаа энэ их ус урсаад дуусчихдаггүй юм байхдаа хэмээн гайхаж байж билээ. Их ус анх үзсэн говийн хүний мэдрэмж. Дайн дууссаны дараах анхны жил.

Сүхбаатарын хөшөөг хэд хоногийн өмнө босгочихсон, орчны талбайн хайргыг ч тэгшилж амжаагүй байсан цаг. Төрийн ордон байгаа талбайд Бөмбөгөр ногоон нэртэй театрын модон байшин байлаа. Одоогийн Багшийн сургуулийн барилгын төв хэсэг нь Засгийн газрын ордон байсан. Гадаад яамны барилга дөнгөж ашиглалтад орчихсон, Дуурийн театр, Хөрөнгийн биржийн барилга баригдаж байсан. Ер нь нийслэлийн маань төвийн цөөхөн хэсэг баригдаж эхэлж байсан цаг даа.  

Түүнээс хойш Улаанбаатар маань нүдэн дээр минь баригдаж хөгжсөн, би хаана юу баригдсан, юу байгааг сайн мэддэг байв шүү. Харин одоо хотоо мэдэхээ больж байна. Хэдхэн хоног, сарын дараа шинэ гоё барилга байгууламж бий болж, хуучирсан нь алга болсон байх юм. Хотын хөгжлийн одоогийн түүх их содон бичигдэж байна.

Өвөр эгнээ: Зүүнээс Дондов, Жамсран, Бадарч нар

-Таны залууд Орост сурна гэдэг азтай гэмээр явдал байсан шиг. Та ер нь ямаршуухан оюутан явав. Ингэж асуугаад байгаа маань учиртай. Тэр үед одоогийнх шиг интернэт, компьютер, цахим толь бичиг энэ тэр гэж байсангүй. Тиймээс хар тархиараа бүгдийг сурдаг байсан гэхэд орчин цагийн хүүхдүүдийн сэтгэлд багтах болов уу гэж бодоод асууж байгаа юм?

-Орост суралцаж дээд мэргэжилтэй болох нь миний үеийн залуучуудын мөрөөдөл байсан.  Үеийн найз нөхөдтэйгээ Орост суралцаж санхүүчийн мэргэжил эзэмшсэнээ би аз гэх биш, Сангийн сайдын санаачилга, бид нарын өөрсдийн хичээл зүтгэлийн ач гэж боддог. Манай эрхэм удирдагчид Ю.Цэдэнбал, Д.Моломжамц нар хоёулаа ЗХУ-ын Эрхүү хот дахь Санхүү эдийн засгийн дээд сургуульд суралцаж 1938, 1946 онд санхүүгийн дээд мэргэжил эзэмшсэн анхны монголчууд бөгөөд өөрсдийн суралцсан сургуульд залуучуудыг явуулж сурган санхүү, эдийн засгийн дээд мэргэжилтнүүдийг бэлтгэх бодлого хэрэгжүүлдэг байв. Бид нар ч их хичээдэг байлаа. 

Техникумд 7 жилийн боловсролтой болсон бид оройн цагаар гурван жил суралцаж 10 жилийн боловсролтой болж, орос хэлний бэлтгэлийг шамдан хангаж байгаад Эрхүүгийн Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн бэлтгэл ангид биш шууд нэгдүгээр ангид орж суралцаж байлаа. Одоо Байгалийн эдийн засаг, хууль эрх зүйн их сургууль нэртэй болсон энэ сургуульд манай улсаас 800 гаруй залуус суралцсан байдаг. Энэ сургуульд суралцсан хүмүүсээс 9 хүн манай улсын Сангийн сайдаар ажилласан юм билээ. Яг таны хэлж байгаа шиг хар тархиараа сурахыг хичээдэг оюутан байсан.  Харамсах биш олзуурхах хэрэгтэй

Интернэт, компьютер, цахим толь зэрэг нь ажил амьдралд зайлшгүй хэрэглэгддэг, асуудлыг ойлгож шийдэхэд чиглэсэн хялбарчилсан агуу дэвшил.  Гэвч тархиа ажиллуулах зайлшгүй шаардлагатайг хэрхэвч анхаарахгүй байж боломгүй.  

-Хойноос төгсөж ирээд ямар ажилд орж байв? Нам таныг хэзээ нь анзаарч олж харсан хэрэг вэ?

-Эрхүү хотоос сургуулиа төгсөөд 1958 онд ирэхэд Сангийн яамны сайд Б.Дүгэрсүрэн гуай намайг яаманд шинээр байгуулагдсан Валютын хэлтсийнхээ даргаар томилсон. Ер нь тэр үед мэргэжлийн боловсон хүчнийг, үүний дотор санхүүчдийг бэлтгэх бодлоготой, тэр бодлогоо хэрэгжүүлэх арга төлөвлөгөөтөй байсан юм билээ.

Жишээлбэл, Сангийн яам өөрийн харьяанд байсан Санхүүгийн техникум төгсөгчдийг бүгдийг нь яамандаа болон аймаг хотын санхүүгийн хэлтэст хуваарилан, цааш суралцах хүсэлтэй, гайгүй ажиллаж байгааг нь бэлтгэл хангасан гэж үзвэл дотоод гадаадад их дээд сургуульд яамныхаа нэр дээр явуулж, дээд мэргэжилтэй болоод ирэхэд нь шаардлагатай газарт нь томилдог байсан. 

Намайг 1950 онд техникум төгсөхөд яамандаа авч байцаагч, нягтлан бодогчоор ажиллуулж, 10 жилийн сургуульд оройгоор гурван жил сургаж, орос хэлний бэлтгэл хийлгээд, Эрхүүд дээд сургуульд явуулж сургасан. Суралцаж байхад яаман дээр дуудаж дадлага хийлгэсэн, төгсөж ирэхэд хэлтсийн даргаар томилж таван жил ажиллуулсны дараа чи бэлтгэгдсэн гэж хэлээд 1963 онд Сангийн сайдаар томилж байсан юм даг. Боловсон хүчнийг бэлтгэж, бэлтгэгдсэнээс нь олж харж, хариуцлагатай албанд томилж ажиллуулдаг байсны нэг жишээ нь би. 

МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны хурлаар намайг Сангийн сайдын албанд томилох асуудлыг хэлэлцэхэд “Яамны сайдын ажлыг би хийж чадахгүй байх, айж байна” гээд хэлчихэж билээ. Тэгэхэд Ю.Цэдэнбал гуай “Чи зохих ёсоор бэлтгэгдсэн учраас чадах ёстой. Туршлага дутах байх, бид нар тусална“ гэж хэлээд шийдвэр гаргуулж байсан. 

Сангийн сайдаар 6 жил ажиллуулаад 1969 онд Улсын төлөвлөгөөний комиссын даргаар томилсон. Тэнд 15 жил ажиллуулаад Сайд нарын Зөвлөлийн дарга буюу Ерөнхий сайдаар томилсон. Эдгээр өндөр хариуцлагатай албанд өөрийн саналаар биш зөвхөн нам, төрийн удирдлагын даалгавраар ажиллажээ. Би 17 настайгаас нийтдээ 60 жил тасралтгүй хөдөлмөрлөсөн. Түүний 41 жилд нь төрийн байгууллагад, сүүлийн 19 жилд нь Монголын Алт Компани гэдэг хувийн компанид зөвлөхөөр ажилласан.

-Одоогийн улс таныг харахаар дандаа дардан замаар явж, магтуулж сайшаагдаж явсан юм шиг харж байж магад. Та ер нь буланд шахагдаж, буруудаж явсан үе тохиож байв уу? Монгол-Зөвлөлтийн хамтын ажиллагааны үр ашгийг үгүйсгэгч гэж буруудаж явсан гэдэг үнэн үү?

-Дандаа дардан замаар явсан гэж хэлэхгүй. Ажил амьдралд алдаа оноо, бэрхшээл байлгүй яах вэ. Гэвч ноцтой хэрэгт холбогдож буруутгагдаж, хэлмэгдэж байсан зүйлгүй. 

Наяад онд Монгол-Зөвлөлтийн хамтарсан Эрдэнэт үйлдвэрийг байгуулах Засгийн газар хоорондын гэрээний зарим нөхцөл Монголын талд алдагдалтай болсон гэж үзэж, засах санал гаргасныг манай зарим эрх мэдэлтэн ойлгоогүй буюу хувийн ашиг сонирхлын үүднээс хоёр улсын хамтын ажиллагааны үр ашгийг үгүйсгэж байна хэмээн мушгин гуйвуулж намайг хэлмэгдүүлэхийг оролдсон явдал бий. 

Мөн 1990 онд Ю.Цэдэнбалыг тойрон хүрээлэгчийн нэг гэгдэж прокурорт хоёр жил шахам хугацаанд байцаагдаж байлаа. Ийм хоёр янзын шахалтад өртөж байсан боловч шударга шүүхийн ачаар хэлмэгдээгүй. Дилав хутагт Жамсранжав гуайн “Ариун сэтгэл авралын үндэс” гэж хэлснийг би ямагт санаж явдаг.

-1990 оны улс төрийн өлсгөлөнгийн үеэр Улс төрийн товчооноос огцрохоо мэдэгдэж, Сайд нарын Зөвлөлийн даргын суудлаа өгч байж. Албаа хүлээлгэж өгчхөөд харьж явахад юу бодогдож байв?  За одоо болно доо гэж бодож байв уу эсвэл гомдох хоргодох сэтгэл төрж байв уу?

-Би Сайд нарын Зөвлөлийн дарга байхдаа 1990 оны 3 дугаар сарын 8-нд Сүхбаатарын төв талбайд өлсгөлөн зарлаад байсан С.Зориг тэргүүтэй ардчилсан хөдөлгөөний залуучуудтай төв телевизэд уулзаж, анх удаа залуучуудаас нам засагт тавьж байгаа шаардлага, тэдгээрт Засгийн газар хэрхэн хандаж буйг хэлэлцсэн ил тодорхой яриаг иргэдэд нээлттэйгээр өрнүүлсэн. Хүмүүс ч өдгөө санаж байгаа байх. 

Телевизийн тэр уулзалт ярилцлагын бичлэгийг олоод, оролцсон бүх хүмүүсийн яриаг, зурагтай нь нийтэлсэн сонирхолтой ном санаачилж хэвлүүлсэн нь ч бий. “Өлсгөлөн зарлаж, огцролт болж, өөрчлөлт эрчимжсэн түүхээс” гэсэн нэртэй жижиг ном гарсан байгаа. Тэр уулзалтын үед ярьсны дагуу МАХН-ын Төв Хорооны Бүгд хурал, Ардын Их Хурлын Чуулган хуралдаж өөрчлөлтүүд явагдсан. 

Телевизэд болсон уулзалтаас дөрөв хоногийн өмнө буюу 3 дугаар сарын 4-нд би Япон улсад хийсэн айлчлалаас буцаж ирсэн байлаа. Японд айлчлал хийж байх үед болсон хэвлэлийн бага хурал дээр Японы сэтгүүлч “Танай улсад залуучууд засаг төрөө өөрчлөх хатуу шаардлага тавьж байна. Та яаж хандаж байгаа вэ?“ гэсэн асуултыг тавьсан. Би түүнд нь “Манай улсад өөрчлөн байгуулалт шаардлагатай. Манай ирээдүй бол залуучууд. Ийм учраас засаг төрийн эрх залуучуудын мэдэлд шилжинэ. Үүнд асуудал байхгүй“ гэсэн утгатай хариу өгсөн. Тийн хэлж байснаар огцролт өөрчлөлт болсон учраас бид тайван байцгаасан. Гомдох хоргодох юм сэтгэлд огт байгаагүй.

Гурван найз. Молом, Содном, Сосорбарам. Эрхүү хот, 1956 он

-Хамгийн их чардайж ард нь гарсан ажил үүрэг юу байсан гэж хожим нь дүгнэж байв?

-Ард нь гарч үр ашиг өгсөн ажил гэдэгт би юуны өмнө өөрийн удирдан боловсруулж, хэрэгжүүлж амжсан “Монгол Улсын үйлдвэрлэх хүчнийг 1975-1990 онд хөгжүүлж байршуулах ерөнхий схем“ гэсэн баримт бичгийг гэж боддог. Чухамдаа тэр ерөнхий схемийн ачаар манай улс 1975-1990 онд урьд байгаагүй их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, эдийн засаг нийгмийн үсрэнгүй хөгжлийг хангаж чадсан.

Гурван найз. Сосорбарам, Содном, Молом нар.2010 он. 1946 оноос найз нөхөд болсоны 64 жилийн ой.

-Хүн ер нь чадалтай тэнхээтэй цагтаа ихийг хийгээд, бүтээгээд л байх шиг байдаг.  Сул суух цаг нь ирэхээр хийсэн бүтээсэн бүхэн чамлалттай санагдах юм уу. Эсвэл би хангалттай ихийг хийжээ, гэр бүлдээ илүү их цаг зарцуулдаг байжээ гэж бодох юм уу?

-Өнгөрсөн цагийг эргүүлж авчрахгүй. Хийснээ чамлах, ихийг хийжээ гэж сайрхах ч хэрэггүй биз.

-Тэр үеийн ажил алба гэдэг цаг наргүй, дуусч дундардаггүй байсан байх.Цагаан сар ч гэж ёс төр болдоггүй байсан цаг. Танайх цагаан сараар ёсолдог айл байв уу?

-Хүүхдүүдээ унтаж байхад ажилдаа явж, унтсан хойно нь ажлаасаа ирэх, сайн өдөр ч ажил дээрээ байх тохиолдол багагүй байсан. Ажил маань сонирхолтой албадлагаар биш байсан болохоор түүртэж байсангүй. Намайг Улсын төлөвлөгөөний комисст ажиллаж байхад олон хүн хүүхдээ манай байгууллагад оруулж ажилд сургах юм сан гэж хүсдэг байсан юм шүү.

Таны хэлж байгаа шиг цаг наргүй ажиллаж байхад ажилтнуудын маань гэр бүлийн хүмүүс ойлгож дэмждэг байсан. Хамт ажиллаж байсан нөхөд маань одоо уулзаад ярьцгаахдаа тэр үеийн ажиллаж байсан арга барил, даруухан амьдралаа гэгээлэг сайхнаар дурсацгааж байдаг. Бид нар, манай гэр бүл цагаан сарыг даруухан тэмдэглэдэг байлаа.

-Та гэргийтэйгээ анх хэрхэн төвхнөж байв. Танайх хоёр хүүхэдтэй айл. Одоо ач зээ хэдүүлээ болов?

-Гэргий Вера Степановна маань ЗХУ-ын Алтайн хязгаарын, украин гаралтай хүн. Бид хоёр Эрхүү хотын Санхүү эдийн засгийн дээд сургуульд хамт сурч 1958 онд төгсөлтийн шалгалтаа өгч дууссан өдөр гэр бүлээ бүртгүүлээд, гэр гэртээ харьж дараа жил нь Вера минь Улаанбаатарт ирсэн. Улаанбаатар төмөр замын удирдах газарт тасралтгүй 32 жил ажилласан, монгол хэлийг сайн сурсан, монгол зан заншилаар амьдардаг, маш олон монгол найз нөхөдтэй, ээжийг минь сайхан асардаг, миний заяаны хань байсан. Бид хоёрын охин хүү, гурван ач зээ байдаг. Би бас одоо гурван хүүхдийн өндөр өвөө болоод байна.

-Яг одоо сэтгэлд тань бууж буй гэр бүлтэй чинь холбоотой хөгжилтэй явдлаас нэгийг дурсаач?

-Бид гэртээ монгол орос хэлээр ярьдаг байлаа.  Хоёр хүүхэд маань зарим үгийг монгол орос хоёр үгийг нийлүүлж нэг үг болгож ярьдаг байж билээ.  Тэд хэл сурах их авьяастай.  Одоо монгол, орос, англи хэлийг сайн мэднэ.  Миний оросоор бичсэн юмыг засаж өгнө, англи хэлнээс сонирхсон юмыг орчуулж өгдөг юм.

-Таны үеийнхний намтар түүхийг сонсохоор надад хар цагаан, тэгсэн хэрнээ итгэл үнэмшил өндөр, гэрэл гэгээ цацарсан, хайр халамж ундарсан асар баялаг олон цагаар үргэлжилсэн кино үзэж байгаа юм шиг санагддаг?

-Манай үеийнхэн чинь цөм социализмын үеийнхэн шүү дээ. Одоогийн зарим хүний ад үзэх маягтай ярьдаг социализмын үед чинь Монгол Улсын иргэд улсынхаа тусгаар тогтнолыг олж авч бататгасан, хүн бүхний тэгш амьдралыг бий болгох оролдлогыг хэрэгжүүлж байсан, социализм ирээдүйтэй гэдэгт итгэл үнэмшилтэй, сахилга дэг журамтай, хүн чанартайчууд зонхилсон иргэдтэй байлаа. 

Монголчууд монголоороо л байсан. Мөхөхөд дөхсөн 600 орчим мянган хүнтэй ядуу орныг 3 сая гаруй эрүүл чийрэг, боловсролтой иргэд бүхий дэлхийд нэр алдраа бадруулсан орчин үеийн Монгол Улсыг бий болгож өгсөн хүмүүс чинь социализмын үеийн монголчууд. 

Миний үеийнхэн алдаж онож байсан, хар цагаан, гэрэл гэгээ, хайр халамж, ололт амжилт гэж таны дурьдаж байгаа хүний амьдралын баялаг түүхийг бүтээгчид юм. Тийм учраас урт сайхан кино үзэж байгаа юм шиг сэтгэгдэл төрөх нь аргагүй. Ер нь социализмын үеийн түүхийг нарийн судалж, түүнээс уламжилж авах ёстой зүйл их байдгийг олж ашиглахад анхаарах цаг ирэх байх.

Би зах зээлийн нийгмийн үед хүний чанар, зан авир  эвдэрч байна гэж боддог. Зарим хүн хүсэл шуналаасаа болж өөрийгөө зовоож, бусдад гай болж байна. Буддагийн сургаальд хүсэл шунал бүх зовлонгийн эх үүсвэр гэсэн байдаг. Хүний эрх эрх чөлөөг туйлшруулж, сахилга дэг журмыг эрхэмлэхгүй байна, энэ зүйл даамжирвал буруудна. Хэрэв иргэн болгоныг юу хүссэнээ хийх бүрэн эрхтэй болгочихвол түүгээр нийгэм дэх тэгш байдал төгсөнө гэж үздэг юм билээ. Бусдын эрхийг хүндэтгэдэг байхаас өөр зам байхгүй. Энэ бүхэн бас л социализмын үеийнхний амьдралыг сонирхоход хүргэдэг байх.

-Сүүлчийн асуулт эх орон, эх нутагтай холбоотой асуулт байх нь зөв зүйтэй байх.  Монголынхоо ирээдүйг хэрхэн төсөөлж явдаг вэ?

-Монгол Улс минь өөртөө тохирсон хүчирхэг эдийн засагтай, тухайлбал, дотоодын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн нэг хүнд оногдох хэмжээгээр хоёр хөрш улсын түвшинд ойрын үед \10-15 жилд\ хүрсэн, ийм хугацаанд ядуу амьдралтай иргэдгүй улс болно гэж төсөөлж байна. Хөгжлийн ухаалаг бодлого гаргаж, түүнийгээ хэрэгжүүлэх тодорхой төлөвлөгөө хэрэгжүүлбэл манайд ийм зорилт хэрэгжих бодит бололцоо бий. 

Сая болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн үед МАН-аас нэр дэвшиж сонгогдсон У.Хүрэлсүх “Монгол Улсыг хүчирхэг эдийн засагтай, экспортлогч орон болгохын төлөө зүтгэнэ“ гэж байсан. Энэ амлалт маш чухал. Мал аж ахуй, уул уурхайн түүхий эдийг гүнзгий боловсруулж экспортод өрсөлдөж чадах чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар хүчирхэг эдийн засагтай болох бодлого, түүнийг хэрэгжүүлэх маш тодорхой төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ талаар надад тодорхой саналууд бий. Хамгийн яаралтай шийдэх асуудал бол Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан яамыг байгуулж, энэ чухал ажлыг хариуцсан эзэнтэй болгох хэрэгтэй байна.  

-Нутгийн эрхэм ахтай цар тахлын үеэр хоёр талаас ийн хөөрөлдөх завшаан тохиосонд нэн билэгшээж байна. Цар тахлын дараах шинэ дэлхийд нүүр тулан уулзахын ерөөл тавья.

Ярилцсан Батсуурийн Туул

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version