НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол Улсад тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх” төсөл болон Нийслэлийн ИТХ-ын Ажлын алба хамтран нийслэлийн есөн дүүргийн ИТХ-ыг хамруулсан нэг сарын аяныг 2021 оны 09 дүгээр сарын 01-нээс 10 дугаар сарын 1-ний хугацаанд зохион байгуулж, үр дүнгээ хэлэлцлээ.
Оролцогчид тогтвортой хөгжлийн зорилтын аль нэг зорилгын хэрэгжилтийн талаарх судалгааг өөрийн дүүрэгт хийж, түүнд хүрэх арга замыг тодорхойлсноо энэ сарын 8-ны өдөр танилцуулж, үр дүнгээ гаргав. “Тогтвортой хөгжил -2030 хөтөлбөр”-ийг анх 2012 онд Рио Де Жанейро хотод улс орнуудын төрийн тэргүүнүүд оролцсон НҮБ-ын “Тогтвортой хөгжил” бага хурлын үеэр санаачилсан.
Тодруулбал энэхүү хөтөлбөр нь 2015 онд хэрэгжилтийн хугацаа нь дуусгавар болсон “Мянганы хөгжлийн зорилтууд”-ын үргэлжлэл юм.НҮБ-аас нийт 17 зорилгыг баталж, дэлхий нийтээр хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд, ядуурлыг бууруулах, өлсгөлөнг зогсоох, эрүүл мэндийг дэмжих, чанартай боловсролыг дэмжих, жендэрийн эрх тэгш байдлыг хангах, баталгаат ундны ус ариун цэврийн байгууламжаар хангах, сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх, тэгш бус байдлыг бууруулах…зэрэг 17 зорилгоос дүүргүүд өөрийн дүүрэгт аль нэг зорилтыг хангах боломж, нөөцийг хэрхэн тодорхойлсноо бусад дүүрэг болон үнэлгээний багт хуваалцав.
Улмаар Баянзүрх дүүрэг “Сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх”, Багануур дүүрэг “Төрийн албаар үйлчилүүлсэн сүүлийн үйлчилгээндээ сэтгэл хангалуун байгаа хүн амын эзлэх хувийг өсгөх нь” сэдвийн хүрээнд хийсэн судалгаа, хүрэх үр дүнгийн арга замыг тодорхойлсон шийдлээрээ тэргүүллээ.
Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны Захиргаа, зохион байгуулалтын хэлтсийн дарга М.Халтар ”Нэг сарын аяны маань хамгийн гол үр дүн нь шийдлээ тодорхойлох байсан. Тогтвортой хөгжлийн 17 зорилтоос сонгож авсан зорилгодоо хүрэх арга замыг дүүргүүд маань тодорхойллоо. Тиймээс үр дүнд хүрэх чиглэлд дүүргүүдийн ИТХ-ын байгууллагууд манлайлан ажиллаарай” гэв.
Түүнчлэн 2022 он бол дүүргүүд санхүү, төсвийн боломж бололцоо нэмэгдэх он жилүүдийн эхлэх болно. Өөрөөр хэлбэл эрх зүйн шинэ зохицуулалтын хүрээнд нийслэлийн төсөвт төвлөрүүлдэг байсан гурван нэр төрлийн орлого дүүргийн төсөвт шууд орно. Тиймээс энд танилцуулсан зорилтуудаа үр дүнд хүргэх чиглэлээр орон нутгийнхаа төсөвт тусгаж ажиллах боломж бололцоо нээгдсэн гэдгийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн зөвлөх Ц.Долоонжин онцоллоо.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ