Үйлчилгээний ажилтнуудаа шагналаа
Монгол Улсад нийтийн аж ахуй, үйлчилгээний салбар үүсэж хөгжсөний 90 жил, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Аж ахуй, үйлчилгээний цехийн 46 жилийн ойд зориулсан баярын хурал боллоо. “Ковид-19” цар тахлын нөхцөл байдлын улмаас хязгаарлагдмал хүрээнд даруухан болсон ч баярын хурлаар Аж ахуй, үйлчилгээний цехийн олон ажилтан шагнал гардаж, ажил хөдөлмөрөө үнэлүүлэв.
Баярын үйл ажиллагаанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Ц.Бат-Энх оролцож, мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр “Өөдлөх айлын өнгө үүднээсээ гэдэг. Эрдэнэт үйлдвэрийнхээ өнгө төрхийг улам илүү сайхан байлгаж, гадна тохижилт, цэвэр цэмцгэр орчныг бүрдүүлэхэд хүч хөдөлмөрөө зориулж байгаа үйлчилгээний ажилтнууддаа баярын мэнд хүргэе.
Уул уурхайн ажилчид гэхээр яагаад заавал гутал нь цайрч, гудамж талбай нь шороонд дарагдаж, үүд хаалга нь тоостой байх ёстой вэ, дэд бүтэц, халаалт дулаан доголдож, эвдэрч байх ёстой гэж? Ийм ойлголтыг өөрчилж, энэ бүгдийг засаж засварлаж, арчилж тордон, бүрэн бүтэн, гоё сайхан байлгахын төлөө хэчнээн зүтгэж буй та бүхнээрээ маш их бахархаж байна. Аж ахуй, үйлчилгээний цехийн хамт олондоо баярын энэ өдөр нэгэн таатай мэдээ дуулгая.
Хуучнаар “Строй инвест” компанийн барилга байгууламжид засвар хийж, Эрдэнэт үйлдвэрийн захиргааны 3 дугаар байр болгох шийдвэрийг удирдлагуудын зүгээс гаргасан. Ингэснээр танай цех бүл нэмж, Аж ахуй, үйлчилгээний цехийн 3 дугаар хэсгийг тэнд нээх болсныг хэлэхэд таатай байна. Ингээд та бүхэндээ ойн баярын мэндийг дахин дэвшүүлж, та бүхний сэтгэл зүтгэл, нөр их хөдөлмөрийн хүчээр Эрдэнэт үйлдвэр өнгө үзэмжтэй, гэрэл гэгээтэй байгааг тэмдэглэн хэлье” гэсэн юм.
Үүний дараа тус цехийн шилдэг ажилтнуудад Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Ц.Бат-Энх, Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын орлогч дарга Н.Энхболд, Аж ахуй, үйлчилгээний цехийн дарга Б.Туяа, Соёл, урлагийн цогцолборын орлогч дарга Х.Үнэнзориг нар шагнал гардуулав.
“Нийтийн аж ахуй үйлчилгээний тэргүүний ажилтан” цол тэмдгээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Аж ахуй, үйлчилгээний цехийн ажилтан Л.Амартүвшин, И.Банзрагчгарвуу, Э.Саруул, Х.Дэлгэрбаяр, Г.Батчимэг, Б.Ламший, Б.Бадмаа, Соёл, урлагийн цогцолборын ажилтан Б.Даваасүрэн нар шагнагдсан бол Төр засгийн үйлчилгээ эрхлэх газрын “Хүндэт жуух” бичгээр Н.Саранчимэг, Д.Баатар нарын 6 ажилтан, Орхон аймгийн Засаг даргын “Жуух бичиг”, Эрдэнэт хот байгуулагдсаны 45 жилийн ойн медаль, үйлдвэрийн ҮЭХ-ны “Уурхайчны алдар” цол тэмдэг, Монголын Эмэгтэйчүүдийн холбооны “Хүндэт тэмдэг”, Залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн медаль, МЗХ-ны “Тэргүүний залуу” алтан медалиар нийт 17 ажилтан тус тус шагнуулж, гардан авлаа.
Мөн энэ үеэр тус цехийн дарга Б.Туяа 2021 онд цехийн хамт олны хийж хэрэгжүүлж буй ажил, амжилт бүтээлийн талаар танилцуулж, ковид цар тахлын хүнд цаг үед ажлын цаг ашиглалт, бүтээмж, сахилга хариуцлага, чанар гүйцэтгэлээрээ манлайлсан ажилтнуудаа урамшуулсан. Түүнчлэн ажилтан Ц.Эрдэнэболд, Д.Байгалмаа нарт гадаадад аялах эрхийн бичгийг гардуулсан нь үйлчилгээний ажилтнуудад урам зориг нэмсэн баярт үйл явдал боллоо.
М.Балжинням
Фото Б.Баттөгс