Уул уурхайFocus

Гашуунсухайт боомтод жолооч, компаниуд алдагдал хүлээж байна

“Баян зам” тээвэрчдийн холбооноос Гашуунсухайт боомтод үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Тус боомтод авсан шинжилгээний хариунууд зөрүүтэй гарч байгаагаас олон жолооч, компаниуд ихээхэн алдагдал хүлээж байгаа талаар гэдгийг энэ үеэр онцолж байв.

“Баян зам тээвэрчдийн холбоо” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга П.Баярхүү “Гашуунсухайт нь Өмнөговь аймгийн Ханбогд суманд орших Цагаан хад боомтын гаалийн хяналтын бүс. Сүүлд авсан мэдээллээр есөн сая тонн нүүрс хилээр гарч чадаагүй, овоолгоотой байна. Үүнийг Хятадын талд 25 километр замд тээвэрлэн гаргах үүрэг нь Гашуунсухайт боомтын үндсэн ажил. Өдөрт 1,000 тээврийн хэрэгсэл хилээр гарахад экспорт хэвийн үргэлжилж байна гэж үздэг бол одоо 150 машин гарч байна.

Экспортыг явуулахын тулд зохион байгуулалтын ямар арга хэмжээ авч байгааг тайлбарлая. Эхлээд тээвэрчдийг нэг газарт дараа нь Өмнөговь аймагт мөн тусгаарлан шинжилгээ өгүүлж, Цагаан хаданд бөмбөлөг буюу битүүмжилсэн орчинд оруулдаг. Тэндээсээ гарахгүй бөгөөд Монгол, Хятадын талд шинжилгээ өгч сөрөг гарснаар нүүрсээ тээвэрлэх эрх үүсдэг.

Нэг бөмбөлөгт дунджаар 35 жолооч бий. Бөмбөлөгт ороод Монголдоо шинжилгээ сөрөг гарсан ч Хятадын талд эерэг гарвал бөмбөлөгт байсан бусад жолооч хамт буцдаг. Өөрөөр хэлбэл нэг жолооч эерэг гарахад бөмбөлөг байсан бусад 30 гаруй жолооч буцна. Мөн хотод ирээд 28 хоног тусгаарлагддаг.

Тээврийн компаниуд жолоочоо бөмбөлөгт байрлуулахад сард дунджаар 1.8 сая төгрөгийн зардал гаргадаг байна. Гэвч бөмбөлөгт буй хэн нэгний хариу эерэг гарвал энэ мөнгө үр ашиггүй зарцуулагдана. Түүнчлэн тусгаарлах байранд 28 хоног байхад өдрийн төлбөр нь 120-130 мянга болж байна.

Тээврийн жолооч нарын шинжилгээний хариу зөрүүтэй буюу “Эерэг, сул эерэг” гэж дүгнэлт гаргадаг болсон. Сул эерэг гарсан тул өнөөдрийн дотор бүгд гар гэдэг. Тэд Улаанбаатарт ирээд өгөхөд сөрөг гарч байгаа. Шинжилгээний хариу ийнхүү зөрүүтэй гарч байгаа нь булхай луйвар гэж үзэж байна. Дараагийн бөмбөлгийг оруулахын тулд хүссэн бөмбөлгөө буцааж байна. ХӨСҮТ-ийн дүгнэлт байхгүйгээс шинжилгээг дураараа өөрчлөөд байна.

Бөмбөлөг бол мөнгө гэж ойлгох ёстой. Нэг тонн нүүрсийг 2,000 юаниар гаргаж байна гэж бодоход 100 тоннын машинаар 200,000 юань олно. Жолоочийн цалин 30-40 мянган юань буюу есөн сая төгрөг. Компани гаргасан зардлаа хасаад тодорхой хэмжээний ашиг, жолоочийн цэвэр цалин есөн сая төгрөг гэж үзэхэд энэ их мөнгөний төлөө авлига гаарч байна.

Хилийн таталт өдөрт 200 тээврийн хэрэгслээс дээш гарахгүй байгаа нөхцөлд одоо орсон 3500 орчим жолооч нараас хоёр сар болоход нэг ч рейс хийгээгүй Цагаанхаданд хоригдсоор байна. Цагаанхад Ногоон бүс-ийн гадна Өмнөговь Даланзадгад, Цогтцэций Ханбогд зэрэг сумуудад дахин 1500 орчим жолооч бөмбөлөгт орох ээлжээ хүлээж байна.

Гэтэл Бөмбөлөгт байгаа жолооч нар Монголдоо сул эерэг гэдэг дүгнэлт гаргасан нөхцөлд нэг бөмбөлөг 35 жолооч нар тэр чигээрээ Цагаан хаднаас гарч дахин 28 хоног тусгаарлагдах болдог. Үүнд маш их хэмжээний зардлыг дахин гарах болж ААН тэвээрчид цаг хугацаа мөнгө хөрөнгөөрөө хохирч байна. Бөмбөлгийн кэмп түрээсэлсэн тохиолдолд нэг ор сарын 1.800.000 төгрөг төлдөг.

ААНБ ууд бөмбөлөгт орох зөвшөөрөл авах байр кэмпээ үзүүлэхийн тулд 4 өөр чиглэлийн байгууллагын дарга нарыг заавал байлцуулж дүгнэлт гаргуулах болдог учраас хүлээлт хүнд сурталд өртөж байна. Хамгийн гол зөрчил бол Цагаанхаданд авдаг сорьц шинжилгээнд сул эерэг гэдэг зүйл бий болсон. Энэ хариу нэг жолоо дээр гарахад тэр бөмбөлгийн бүх жолооч нар Ногоон бүсээс хүчээр гарч дахин 28 хоног тусгаарлах байранд орох болдог. Энэ нь одоо Монголд хаана ч байхгүй урт өндөр өртөгтэй тусгаарлалт болоод байна.

Боомт дээр гаднаас ирж байгаа иргэд тусгаарлагдах, “сөрөг” гэсэн бичиг авах процессууд дээр ч авлига гардаг. Тусгаарлалтад орохгүйгээр “тусгаарлагдсан” гэсэн бичиг авч орох, шинжилгээгүйгээр “сөрөг” гэсэн бичиг авах нь хэвийн үзэгдэл болсноос Цагаанхад боомт дээрх халдвар өдөрт арав, арваар нэмэгдэх үндсэн шалтгаан болсон гэж байна. Тусгаарлалтад орсон гэх бичгийг 1 сая төгрөг өөр зардаг гэсэн мэдээлэл хэвлэлээр гарсан.

Танил талтай, мөнгө төгрөгтэй компанийн эзэд хяналт тавьж буй төрийн албаныханд авлига өгөөд бөмбөлгөө бусад компанийн бөмбөлгийн урдуур хэдэнтээ оруулж тээвэр хийдэг, мөн жолооч нараа нэг бөмбөлгөөс нөгөө бөмбөлөг рүү шилжүүлэн богино хугацаанд нүүрс тээвэртээ гаргадаг болсон гэнэ.

Тодруулж хэлбэл, А бөмбөлөг дэх жолоооч нар нэг сард 3 удаа тээвэр хийсэн байхад зарим нэг ч удаа тээвэр хийгээгүй. Зарим жолооч 4-5 удаа тээвэр хийсэн байхад өөр нэг компанийн бөмбөлгийн жолооч нэг ч тээвэрт гарч чадаагүй байна. Олон удаа тээвэр хийж байгаа жолооч А бөмбөлгөөс Б бөмбөлөгт шилжээд л тээвэртээ гарчихдаг… гэх мэт.

Бараг өдөр болгон бөмбөлгүүд 2-3 тоогоор хагарах буюу хэн нэг жолооч сул эерэг ба эерэг гэж шинжилгээ гардаг. Үүнийг баталгаажуулах давтан шинжилгээ өгүүлэхгүйгээр хамт байсан бүх жолооч нарыг гаргаж, дараагийн багийг оруулах ажил хийгээд байгааг тээвэрчид, ААНБ-ууд эсэргүүцэж байна.

Гашуунсухайт чиглэлд нийт 10000 орчим жолооч нар тээвэрт оролцдог бол цөөн тооны буюу 3500 орчим жолооч бөмбөлөгт орж бүтэн улирал дагнан тээвэр хийх болж байгааг эргэн харж жолооч нарыг рейсийн тоогоор хянаж, дараагийн жолооч нарыг татан оруулах замаар олон ААН жолооч нар тэдний гэр бүлийг орлоготой болгох ёстой гэж тээвэрчид, тээврийн компаниуд үзэж байгаа.

Мөн өөрийн хөрөнгө болон банкны зээлээр чингэлэг тээврийн машин авч сар бүр 50 сая 200 сая хүү төлж буй үндэсний тээврийн компаниудын С зөвшөөрлийг тусгайлан олгож үндсэний тээврийн компаниудаа дэмжих саналыг ЗТХЯ, АТҮТ-д удаа дараа тавьсан боловч тодорхой шийдвэр гаргахгүй байгаа.

Мөн Цагаанхад суурьшлын бүст хоол үйлчилгээ такси эрхэлдэг иргэдийн хөдөлгөөн хяналтгүй ба эдгээр иргэд тэвээрчдэд халдвар тархах эрсдэл өндөр байгаа. Зохион байгуулалтын хувьд Хилийн боомтын зөвлөл, мэргэжлийн хяналт, Эрүүл мэндийн байгууллагын оролцоо нь хязгаарлагдмал буюу нэг хүний зөвшөөрөл үзэмж дээр тулгуурласан байгаа нь авилга хуйвалдаан гарах нөхцлийг бүрдүүлж байгаа.

Дурын компанийн бөмбөлийг хэн нэг хүний захиалгаар шинжилгээний хариуг эерэг гаргаж задлан тээвэрт, оруулахгүй гаргах эрсдэл байгаа бөгөөд үүний үнэн зөвийг тогтоох мэргэжлийн дүгнэлт гардаггүй байгаа. Сумын онцгой комисс, Хилийн боомтын онцгой комисс, мэргэжлийн хяналтын байгууллагуудын төлөөлөх дарга нар хоорондоо ойлголцохгүй, ашиг сонирхол албан тушаалын зөрчил хэрүүлд орж нэгдсэн шийдвэр, тодорхой арга хэмжээ зохицуулалт хийж чадахгүй байгаас хил дээрээс жолооч нар олноор буцах, экспорт хэвийн явагдахгүй тасалдах зөрчил өдөр бүр гарч байна.

Иймд УОК, Засгийн газар, Ногоон бүст үүссэн удирдлага хяналтаа алдаж буй үйл явдалд бодитой үнэлэлт дүгнэлт өгч Ногоон бүст тээвэр хяналт тогтоох, шинжилгээг баталгаажуулах, тээврийг зөв шударга ил тод байдлаар хэвийн явуулах тусгай төлөвлөгөөг дахин баталж төрийн бус байгууллагын төлөөлөл, мэргэжлийн хүмүүс оролцсон тусгай багийг ажиллуулж Гашуунсухайт боомт хариуцсан итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилох хэрэгтэй.

Мөн дарга нарын ил цагаан мэдэгдэж буй авилга хээл хахуулийн шинжтэй мэдээллийн дагуу шалгалт оруулж, буруутай үйл ажиллагаа удаа дараа явуулан Ногоон бүсийг Улаан бүс болгож байгаа төрийн байгууллагын Цагаанхад дахь удирдлага албан тушаалтнуудыг нэн даруй татан авч солих, хуулийн байгууллагад шилжүүлэх шаардлагыг хүргүүлж байна.

Экспортын тээврийг байнгын эрсдэлд оруулж байгаа гол хүчин зүйл бол Цагаан хаданд цэцэглэсэн авилга хахуулийн хэрэг болоод байна. Тиймээс Хилийн боомтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг солих хэрэгтэй, оронд нь тээврийн менежмент, халдвар хамгааллын зохион байгуулалтыг сайн хийдэг мэргэжлийн баг ажиллуулах буюу хяналт дүгнэлт гаргадаг хүмүүсийг нэн даруй багаар нь солихыг УОК ЗГ-аас шаардаж байна” гэлээ.

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version