Монголын нөхцөлд тохирсон гал унтраах автомашинууд хүлээлгэн өглөө
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд “Онцгой байдлын байгууллагад гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж байна.
Тус хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, Бүгд Найрамдах Франц Улсын “Десотел” компанитай 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан “Гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашин, техникийг нийлүүлэх” гэрээний дагуу 14 985 000 еврогийн өртөг бүхий 4 төрлийн 42 автомашин 2021 онд бүрэн нийлүүлэгдэж дуусах юм. Эхний ээлжийн 2 төрлийн 21 гал түймэр унтраах үндсэн албаны автомашиныг хүлээн авах арга хэмжээ өнөөдөр Сүхбаатарын талбайд боллоо.
Уг арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Себастиан Сүрүн, Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг даргын 1 дүгээр орлогч Р.Чингис, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар оролцлоо.
Францын алдарт Renault брэндийн тусгай зориулалтын автомашин Монголын нөхцөлд тохисон туулах чадвар сайтай Michelin дугуйгаар тоноглондсон, маневарлах чадвар сайтай, хүйтний нөхцөлд тохируулан, хөөрөг, бүхээг, тасалгаа бүрт нэмэлт Webasto загварын халаагуур суурилуулсан, Matisec загварын иж бүрэн амьсгалын бие даасан төхөөрөмж, нөөц агаар хадгалах саваар тоноглогдсон байна. Мөн манай орны цаг агаарт тохирсон, -40 хэмээс +40 хэмд ажиллах боломжтой, бүх зааварчилгаа монгол хэл дээр хийгдсэн аж.
Ийнхүү гал унтраах үндсэн албаны автомашин хүлээн авч байгаатай холбогдуулан төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын техник, тоног төхөөрөмж хариуцсан мэргэжилтэн болон алба хаагчдад сургалт олгон, ашиглалт, засвар үйлчилгээний дадлага сургуулийг өмнө нь зохион байгуулсан юм.