Далд мөнгөтэй хүмүүс
Тэд ер нь яах гэж зоос нэг бүрийг аргилан хадгалдаг юм бол…
Саяхны нэгэн өдөр, хятадууд яагаад бүх цаг үед мөнгөө хадгалсаар байдаг тухай гаднын нэг судлаачийн судалгааг олж уншлаа. Дотор хүний хувьд мөнгийг хадгална гэдэг бол хажуугийн хэн нэгний шахалт шахаас, хувь хүний өөрийн ухамсарт үйлдэл гэхээсээ илүүтэй уламжлалт зан үйл юм хэмээн тэрээр тодорхойлжээ. Ингээд дараах явдал санаанд оров.
Хөх хотод амьдарч байсан үе. Тэр өдөр амралтын өдөр байв. Хэн нэгэн хүн ямар нэг төмөрлөг зүйлийг өөр нэг хатуу биетээр тасралтгүй үрнэ. Нэг хэмээр хавиралдах чимээ хороолол дотор цуурайтан сонсогдсоор нэлээн удав. Болиоч бариач гэж дургуйцсэн өнгө аястай хашгирч байгаа хүний дуу хоолой нэгээхэн ч сонсогдсонгүй. Өнөөх хүн нөгөөх ажлаа хийсээр, чимээ тасалдахгүй үргэлжилсээр.
Би ч сүүлдээ тэсэлгүй энэ ер нь юу хийдэг хүн болоод амралтын өдөр ингэж удаан дуу чимээ гаргадаг байна аа гэсэн юм бодоод тагтан дээрээ гарч харвал дунд эргэм насны эрэгтэй орцны үүдэнд завилаад суучихсан, зэвэнд идэгдсэн хүрзийг ямар нэг зүйлээр үрж байх юм. Тэрхэн хооронд бодлоо. “Хотоор дүүрэн дэлгүүр байхад нэг муу зэвэрсэн хүрзийг өдрийн талд үрж суухаар, захын барилгын дэлгүүр ороод худалдаад авчихна биз дээ” гэсэн шүү амарчилсан хувилбар бодож олж байгаа юм.
Тэр дүр зургийг одоо эргээд бодох нь ээ, хятад хүний арвилан хэмнэх, өсгөвөрлөн баяжуулах сэтгэлгээний нэг бодит жишээ болж далд ухамсарт үлдсэн байна.
Өнөө цагт банк руу бид очдог биш, банк бидэн дээр ирдэг цаг болжээ. Ухаалаг банкны систем төлөвшин тогтсон энэ цагт би хэн нэгэнд, хэн нэгэн надад мөнгөө банкинд хадгалуулвал хүүгээрээ өсдөг ашигтай гэсэн зөвлөгөө өгвөл утгагүй хэрэг болно. Гэтэл мөнгөө гудсан дороо ч болох нь ээ хадгалах нь эрсдэл ирсэн цагт хураасан жаахан хөрөнгө чинь чамайг аварна гэж хятадуудад хэн анх заасан юм бол. Ингэхэд тэд ер нь яах гэж зоос нэг бүрийг аргилан хадгалдаг юм бол.
Хятад хүн хүүгээр өсдөг ч бай, үгүй ч бай гар дороо хуримтлалтай байх нь уламжлалт зан үйл гэдэг нь бараг л оносон тодорхойлолт.
Тэд хэзээнээсээ мөнгөө хадгалаад л байдаг, юунд ч үрдэггүй. Гэр нь бахь байдгаараа, эдэлдэг хэрэглэдэг нь яв янзаараа, иддэг уудаг, өмсдөг зүүдэг нь хэв хэвэндээ. Саяхныг хүртэл хятад хүн ийм л байж. Иймд улсаас нь бодлогоор гэртээ хадгалж буй мөнгөө банкинд итгэж хадгалуулдаг болгох гэсэн ухуулга сурталчилгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр чамгүй ихээр явуулсан, тэр нь ч үр дүнгээ өгсөн гэж нэг танил маань ярьж байсан.
Харин сүүлийн жилүүдэд хятад хүн мөнгөө улам ч ихээр хадгалах болсон гэж өнөөх судлаач бичжээ. Үүний цаад шалтгаан нь хүйсийн тэнцвэрт бус байдал гэсэн байх юм. Яг шууд ингэж бичээгүй ч, тус улсын төр засгаас хэрэгжүүлсэн нэг хүүхдийн бодлоготой холбон тайлбарласан байв. Учир нь тус улсад хүйсийн тэнцвэрт байдалд алдагдсанаар ганц хүүгээ боломжийн бүсгүйтэй гэрлүүлэхийн тулд эцэг эхчүүд эртнээс хүүгийнхээ хуриманд бэлдэж, гарт орж ирснээ өм цөм хураах болсон хэмээжээ.
Насаараа жоорлосон тэрхүү хуримтлалаа ганц хуримын ёслолд цацчихдаг юм биш, хүүхдийнхээ орон сууц, цаашлаад амьдралынхаа ул суурийг олтол нь зориулах хөрөнгө учраас тийнхүү хүрэлцэхуйц хэмжээний мөнгийг хадгалах болсноор тус улсын хадгаламжийн индекс өссөн аж.
Өвөрмонголчууд ямар ч сэдэв дээр монголчуудынхаа амыг харж, аяыг нь дагууламтгай талдаа. Харин мөнгө хадгалах тал дээр бидэнд нэлээн шүүмжлэлтэй ханддаг. Тэд өөрсдийгөө “Өвөрмонголчууд хятадуудаас арай доогуур, Монголчуудаасаа арай ахиу мөнгө хадгалдаг” гэцгээдэг. Юм юманд эв дүйтэй, тэр эв дүйгээрээ ямар ч нарийн няхуур ажлыг хөнгөхөн хийж чаддаг сийрэг толгойтой монголчууд олонхоороо ганц л зүйлийг хийж чаддаггүй. Энэ нь мөнгө хураах, бидний дийлэнх нь амьдралын энэ шалгалтад бүдэрдэг нь үнэн.
Монгол хүний мөнгөнд хандах хандлага өнө эртнээсээ их ойлгомжтой явж ирсэн. Өргүй бол баян, өвчингүй бол жаргал гэдэг хэлц биднийг илтгэнэ. Тиймээс өмнөх тогтолцооны үед бидний ээж аавууд дотроос мөнгө төгрөг хадгалж хурааж байсан нь ховор. Засаг төр ч арилжаа наймаа хийж, арав таван төгрөгөө арвижуулахыг дэмжиж байсангүй. Тиймээс тухайн цагийнхан өөрсдийгөө өргүй байгаа нь санхүүгийн чадамжтай байгаагийн илрэл хэмээн ойлгож ирсэн. Олонхоороо амины малгүй, хувийн орон сууцгүй, хадгалсан хэдэн цаасгүй, бор зүрхээрээ болгоод ирсэн байдаг. Тэдний дараагийн үеийнхэн бол бид.
Бидний үеийнхэн зах зээлийн хавсарганд цохиулж, тэрхүү шуургыг сөрж босохдоо мөнгө хадгалах нь битгий хэл ганц байр, нэг машинтай болж үлдсэн байдаг юм. Манай үеийнхэн ээж ааваасаа арай дээр. Өр зээл хоёроо ялгахтайгаа. Тиймээс зээлээс бэргэж яваагүй ч хадгалж, хадгалсанаа хөрөнгө оруулалт болгоно гэх ухаанд тархиа зарж явсангүй. Харин шинэ үеийн залуус ихээхэн өөр болсон нь аштай юу даа.
Мөнгө ер нь хэзээнээсээ адармаатай эд.
Түүний ирэлт буцалт, эргэлт хөрвөлтийг ойлгоё гэвэл өч төчнөөн асуултыг тавьж болох нь. Тэр дундаа зөвхөн хадгаламжтай холбоотой асуултыг тавьж үзье л дээ. Хүн ер нь яах гэж, юуны тулд хадгаламж үүсгэх ёстой вэ, хэзээ тэр хадгалсанаа хэрэглэх нь зүйтэй вэ, хэрэв банк дампуурвал яах билээ, ханш унаж байгаа үед мөнгөө хадгалсан нь дээр үү, хөрөнгө оруулалт болон хувьцаа бонд авбал зөв үү. Эдгээр асуулттай зэрэгцээд бидний сэтгэл зүйгээрээ аливаа шийддэг зан үйл хадгаламжтай холбоотой асуудал дээр ч мөн ялгаагүй гарч ирнэ.
Ганц амьдрах байж өөрөөсөө харамлах хэрэг байна уу. Ая тухтай, сайхан амьдрах гэж ирчихээд хорголоо тоолж суух нь тэнэг хүний илрэл юм биш үү. Олонтойгоо идэж ууж, наргиж цэнгэж явахгүй юм бол амьд яваагийн шалтгаан нь юу юм гэх эсрэг тэсрэг бодол тархинд тань солбилцож байсан бол тогтож бодмоор л юм билээ.
Энэхүү сэдвээ дагуулаад интернэтээс дэлхийд хамгийн их хуримтлал үүсгэдэг ямар улс орон байдаг юм бол гэсэн мэдээллийг шүүж үзлээ. Мэдээж эхний арав дотор Хятад багтаж байна. Тус улстай худалдааны маргаан үүсгээд буй Америк ч Хятадаас хол доогуур үзүүлэлттэй явна. 2010 онд нэг хүнд ногдох хадгаламж юаниар 30 мянга байсан бол 2020 оны байдлаар 63300 болсон гэх мэдээ оллоо. Тэрбум гаруй хүнд энэ тоог үржүүлвэл бас ч гэж овоохон тоо гарна биз.
Иймдээ ч цар тахал дэлгэрсэн өнгөрсөн хоёр жилд санхүүгийн савалгаа мэдрээгүй хүмүүс биш, бүхэл бүтэн давхарга бий гэлцэх. Урд хөршийнхөн ийм зузаан хадгаламжийг хэрхэн яаж бүрдүүлэв гэдэгт тэрхүү судлаач мөн хариулт эрэлхийлсэн байна. Түүндээ тэрээр эдийн засгийн өсөлт гэсэн гуравхан үгээр хариулсан байна билээ.
НИЙТЭЛИЙГ БАТСУУРИЙН ТУУЛ