СурвалжлагаЭдийн засагОнцлохОрон нутаг

“Жинст Мөрөн” компани “Хариуцлагатай нүүдэлчид” стандартыг нэвтрүүлж байна

Орчин цагийн хэрэглэгчид байгальд ээлтэй, тогтвортой замаар үйлдвэрлэсэн, баталгаатай, эргэн мөшгөх боломжтой түүхий эд, материалаар хийсэн бүтээгдэхүүнийг сонгон худалдаж авах хандлага нэмэгдсэн. Дэлхий нийтийн хандлагад нийцүүлэн монгол малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэр хүнд, үнэлэмжийг өсгөх, олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийн сүлжээг дэмжих үүднээс Швейцарын хөгжлийн агенлагийн Ногоон алт-Малын эрүүл мэнд төслийн дэмжлэгтэйгээр, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо нь Дижитал медик ХХК-тай хамтран “Хариуцлагатай нүүдэлчид” малын гаралтай түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн мөшгөх системийг олон улсын стандарт шаардлагад нийцүүлэн хөгжүүлж байгаа юм.

2017 оноос эхлүүлсэн энэхүү систем нь бэлчээрийн төлөв байдал, малын эрүүл мэнд, малын тавлаг байдал, түүхий эдийн чанар, байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай гэсэн 6 стандарт үзүүлэлтүүдэд үндэслэн хөгжиж буй. Энэ нь түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүсэл, байгальд ээлтэй, тогтвортой, хариуцлагатай байдлыг нотлохоос гадна, түүний чанар, аюулгүй байдлын түүхийг эргэн мөшгөх боломжийг  хэрэглэгчдэд олгож байгаа юм. QR кодыг ашиглан хэрэглэгч худалдан авч буй бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, гарал үүслийг шалгаж, түүхий эд нийлүүлэгч малчид/фермерийн бэлчээрийн төлөв байдал, малын тавлаг байдал, эрүүл мэнд, хүрээлэн байгаа байгаль орчиндоо ээлтэй байдал зэрэг мэдээллийг авах боломжтой болсон. Өөрөөр хэлбэл аль аймаг, сумын хэн гэдэг малчны өсгөн үржүүлсэн мал сүргийн ямар түүхий эдээр хийсэн бүтээгдэхүүн болохыг нотолж, тухайн бүтээгдэхүүний гарал үүсэл, чанарын мэдээллийг цогцоор нь авах юм. Энэхүү “Хариуцлагатай нүүдэлчин” системд нийт 18 АБАХ, 169 СБАХ, 6 дундын хоршоо 76 түүхий эдийн анхан шатны хоршоод, 10 үйлдвэр аж ахуйн нэгжүүдийн ажилчид, албан тушаалтнууд хэрэглэгчийн эрхээрээ нэвтэрч, түүхий эд бүтээгдэхүүний худалдан авалт, үйлдвэрлэлийн явц, борлуулалт зэргийг хийж байна.

Тэгвэл “Хариуцлагатай нүүдэлчин” системийг орон нутгийн түвшинд нэвтрүүлэн ажиллаж байгаа “Жинст Мөрөн” ХХК -ний Захирал Г.Амарболд “Малын гаралтай түүхий эд ямар хөдөлмөрөөр бүтээгдэхүүн болж байгааг батлах боломжтой” болсон талаар онцоллоо. Сүлжмэл бүтээгдэхүүн болон жуулчдад зориулан сарлагийн хөөврөөр  бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тус компани 2007 оноос Хөвсгөл аймгийн Мөрөн хотноо үйл ажиллагааг явуулж байгаа юм. “Хариуцлагатай нүүдэлчид” малын гаралтай түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн мөшгөх системийг компанийн үйл ажиллагаандаа нэвтрүүлсэнээр малчны хотноос гарсан малын гаралтай түүхий эд ямар шат дамжлагаар дамжаад эцсийн хэрэглэгч хүртэл ямар шударга хөдөлмөрөөр бүтээгдэхүүн болж байна вэ гэдгийг батлан харуулах боломжтой болсон аж.

Энэ талаар  “Жинст Мөрөн” ХХК -ний Захирал Г.Амарболд хэлэхдээ: “Хариуцлагатай нүүдэлчид” системийн ашиглан гарал үүсэл нь баталгаажсан  сарлагийн хөөврөн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Манай компанийн хувьд RMTS системийг нэвтрүүлсэнээр түүхий эдийн бэлтгэн нийлүүлэгчдийнхээ цар хүрээг нэмэгдүүлж чадлаа. 2021 онд бид 6 аймгийн 18 сумаас 21.7 тонн сарлагийн хөөвөр бэлтгэж, 4500 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж, аймгийн төвд байрлах өөрийн нэрийн барааны дэлгүүртээ худалдан борлуулж байна.  

Өмнө нь сарлагийн хөөвөр цуглуулахын тулд зэргэлдээ аймгууд болон Хөвсгөл аймгийнхаа сарлаг бүхий сумдад ажиллах баг гаргадаг. Тэд сарлагийн хөөврийг малчдаас авчирах ажилд 1-3 сар  зарцуулдаг байлаа. Мэдээж үүнтэй холбоотойгоор  хүн хүчний асуудал яригдана, томилолтын зардлаас гадна нэмэлт асуудал цөөнгүй гардаг байлаа. Харин одоо тийм асуудал огт гарахгүй байна. Үйл ажиллагааны зардал хэмнэгдсэн.

2017 оноос хоршоодтой цахим гэрээ хэлэлцээр хийж эхэлсэн нь өнөөгийн энэ цар тахлын хүнд үед ажлыг үнэхээр хөнгөвчилж байна. Бүх ажил цахим сүлжээнд хийгдэж байна. Түүхий эдийн хоршоодтой нэгэн зэрэг цахимаар гэрээгээ хийчихэж байгаа учраас ажил их амар болсон. Цахим гэрээ нь цаг хугацааны хувьд ч ашигтай, гэрээ хэлцэлд оролцогч талууд хаа байгаа газраасаа шууд нэгэн зэрэг холбогдож, төлбөрөө 80-100 хувь бэлэн өгчихнө.

Мэдээж олон сумаас түүхий эд бэлтгүүлэн хүлээн авах ажил амар биш, малчид сарлагийн хөөврөө бага багаар нь бэлддэг. Гэхдээ гэрээгээ урьдчилаад хийчихдэг учраас хэсэг зуур хүлээгээд л гэрээний дагуу түүхий эдийг шууд бидэн рүү хүргүүлдэг. Түүхий эдээ орон нутагтаа цуглуулж, хольж хутгахгүй, өнгө чанараар нь ангилан ялгаж ирүүлсэнээр нь QR кодтой болгодог. Бид тэр кодоор нь аль аймаг, сумаас ирсэн түүхий эд болохыг бүртгэлд оруулан эцэслэн бүртгэлжүүлж байна.

Энэн системийг нэвтрүүлэхэд эхэндээ ойлгохгүй зүйлс байсан ч программ дээр ажиллах боловсон хүчнийг бэлтгэх, малчдад энэ систем ямар ашигтай вэ гэдгийг илүү сайн ойлгуулах чиглэлийн сургалт, мэдээллийн ажлууд хийгдсэнээр үр дүнд хүрч чадлаа. Мөн боловсруулах үйлдвэрт ямар ашигтай вэ, ямар нэгдсэн гарцаар дотоод болон гадаадын зах зээлд нийлүүлэгдэх боломжийн талаар илүү тодорхой ойлгомжтой болгосон учраас энэхүү системийг ажлынхаа нэг чухал хэрэглүүр болгон ажиллаж байгаадаа баяртай байна. Үндэсний үйлдвэрлэгч бидэнд дотоод, гадаадын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэхэд шаардлагтай стандартыг нэвтрүүлэх боломж олгосонд талархаж байна. Энэ ажлыг санаачлан хэрэгжүүлж, ажил хэрэг болгоход оролцсон бүх хүмүүст талархал илэрхийлье” гэлээ.

Малын гаралтай нөхөн сэргээгддэг үнэт түүхий эд болсон ноос ноолуур, арьс шир, мах, сүү зэргийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, малчдын орлогыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг түүхий эдээр хангах, ард иргэдийн хүнсний хэрэгцээг хангах зэрэг өргөн хүрээний ажлуудыг ХХААХҮЯ бодлогын түвшинд уялдуулж ажиллаж ирсэн. Монгол Улсын хэмжээнд жилд дунджаар 9,5 мянган тонн ямааны ноолуур, 35 мянган хонины ноос, 1,7 мянган тонн тэмээ торомны ноос, 300 тонн сарлагийн хөөвөрийн нөөц байгаа. Түүхий эдийнхээ 70-80 хувийг зөвхөн угаагаад экспортолдог байсан бол 2018 оноос “Ноолуур” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээр түүхий эдийн бүрэн боловсруулалтыг 60 хувь хүртэл нэмэгдүүлэх томоохон зорилго тавин ажиллаж байна. Учир нь түүхий эдийг ямар нэгэн өртөг шингээхгүй, экспортын татвар авахгүй гаргаж байгаа нь эргээд улс орны нийгэм эдийн засаг, бэлчээр нутгаа нөхөн сэргээх зарцуулах мөнгө хүрэлцэхгүй байгаатай холбогдож байна. Тиймээс аль болох нэмүү өртөг шингээх чиглэлд анхаарснаар бэлчээрийг нөхөн сэргээх ажлыг хийж  хэрэгжүүлэх боломж нэмэгдэнэ. Энэ ажлыг цогцоор шийдэхэд “Хариуцлагатай нүүдэлчид” систем чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг оролцогч талууд дүгнэж байна.

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version