Х.Амарзаяа: Геологийн болон технологийн судалгаа туршилт хийж ажиллана
Эрдэнэт үйлдвэрийн Геологи хайгуулын экспедицийн Тэргүүлэх геологич Х.Амарзаяатай уулзаж тус байгууллагын онцлог, ажлынх нь амжилтын талаар ярилцлаа.
-Танай байгууллагын эрхэм зорилго юу вэ?
-Байгууллага бүр үйл ажиллагаагаа илэрхийлсэн эрхэм зорилгоо тодорхойлдог. Манайх “Эрдэс баялгаар Эрдэнэт үйлдвэрийн ирээдүйг бататгана” гэсэн эрхэм зорилготой. Үүнийг тэртээ 1997 онд:
“Өлмийд торох чулуунаас
Өөрийн үйлдвэрийн эхлэлийг тавина” хэмээн тодорхойлж байсан.
-Геологи хайгуулын экспедицийн онцлог юу вэ?
-Манай байгууллага 1986 оны 5-р сарын 19-нд Геологи хайгуулын анги нэртэй бие даасан статустай, үйлдвэрийн нэг цех болон байгуулагдсан. Энэ жил тус байгууллагын үүсэж хөгжсөний 35 жилийн ой тохионо. 2019 оны 12-р сарын 25-ны Ерөнхий захирлын А/1189 тоот тушаалаар Геологи, хайгуулын экспедици нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. 35 жилийн хугацаанд эрэл, хайгуулын цогц ажлыг шат дараатай, олон га талбайд мэргэжлийн туслан гүйцэтгэх компаниудтай хамтран, ГМХ-ийн удирдлага бодлогын хүрээнд ажил үүрэг гүйцэтгэж ирсэн. Ер нь уул уурхай, олборлолт, боловсруулалтын үндэс суурь нь геологийн бүх шатны эрэл хайгуулын ажлууд байдаг. Үүнийг геологичид, хайгуулчид явуулдаг. Бид үеийн үеийн геологичид, ахмадуудыг Эрдэнэт үйлдвэрийн суурийг тавьсан анхдагчид гэж ам бардам хэлдэг. Геологичид үгүй бол уурхай, үйлдвэр, хот байхгүй.
-Анги, экспедици хоёрын ялгаа юу вэ?
-Мэдээж, нэрээс үүдэлтэй ялгаатай. Экспедици болсноор ажлын цар хэмжээ, хамрах хүрээ ихэснэ. Анги байхдаа Эрдэнэтийн дүүргийн 30-40 км радиус дахь талбайд ажил гүйцэтгэж ирсэн. Өөрөөр хэлбэл, нэг төрлийн ашигт малтмалын хайгуулаар дагнан ажилласан гэсэн үг. Экспедици болсноор үйлдвэрт шаардлагатай эрдэс түүхий эд нүүрс, шохой, фосфорит гэх мэт олон ашигт малтмалын чиглэлээр ажиллаж байна. Ер нь бүтцийн хувьд Экспедици нь олон ангиас бүрддэг. Анги бүр нь өөр өөр ашигт малтмалын чиглэлээр хайгуулын ажил явуулдаг. Энэ нь богино цаг хугацаанд олон ажил зэрэг гүйцэтгэх давуу талтай. Одоогоор манайд бүтцийн өөрчлөлт хийгдээгүй. 128 хүний бүрэлдэхүүнтэйгээр геологи хайгуулын ажлуудыг явуулж байгаа. Цаашид хүний нөөцийн бүтцэд өөрчлөлт оруулах нь зөв гэж боддог. Манай байгууллага зөвхөн хайгуулын чиглэлээр ажилладаг бус үйлдвэрийн бүтцийн нэгжүүдийн захиалгат ажил гүйцэтгэдэг. Ил уурхайн захиалгаар жил бүр ашиглалтын хайгуулын ажил хийх жишээтэй. Мөн геотехник, геометаллургийн чиглэлийн ажил гүйцэтгэдэг.
-Энэ онд ямар ажил хийхээр төлөвлөөд байна вэ?
-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын бүтцийн нэгжүүд жил бүр гүйцэтгэх ажлын төлөвлөгөөгөө боловсруулж батлуулдаг. Геологи хайгуулын экспедици нь 2021 оны бизнес төлөвлөгөөнд тусгасан ажлаа хоёр чиглэлээр явуулсан. Энэ нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх хайгуул, бүтцийн нэгжүүдийн захиалгаар гүйцэтгэх ажил байгаа. Хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх хайгуулын ажлын хүрээнд эхний гурван улирлын байдлаар MV-021000 тоот ашиглалтын талбайд өрөмдлөгийн ажлыг 100 хувийн гүйцэтгэлтэйгээр 4101 тууш метр бүхий дөрвөн цооног өрөмдсөн. Энэ жилийн хамгийн гүн цооног нь 1545.5 м хүрсэн нь далайн түвшнээс доош 399 метр хүртэл нэвтэрсэн. Цооног нь 80 градусын налуутай, баруун урагш 140 градусын чиглэлтэйгээр өрөмдөгдсөн. Сонирхуулахад, 1982 онд Геологи хайгуулын ангийн орос, монгол өрөмдөгч нар Монголдоо хамгийн анхны гүн цооног болох 1003.2 тууш метрийн цооногийг “Эрдэнэтийн-Овоо” ордын Баруун-Хойд ордод явуулсан түүхтэй. Харин 2018 онд ГХЭ-ийн өрмийн инженер, өрөмдөгчдийн ур чадвараар хамгийн гүн цооногийг Шандын ордод 1617 тууш метр хүртэл өрөмдсөн. Стратегийн ордын талбайн хил заагт литогеохимийн сарнилын хүрээ илрүүлэх, элементийн тархалтыг тодорхойлох геохимийн суурь судалгааны ажлыг олон улсын стандартын шаардлагын дагуу Булган аймгийн Орхон сумын Хөх асгат, Булган аймгийн Халиун сумын Зөөхийн гол, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаан чулуут болон Булган аймгийн Бугат сумын “Алтан унага” нэртэй талбайнуудад явууллаа. Энэ ажлын хүрээнд 3800 гаруй геохимийн дээжлэлтийн ажлыг гүйцэтгэсэн. Бүх төрлийн дээжлэлтийн ажлыг боловсруулан, геологийн баримтжуулалтыг гүйцэтгэн олон элементийн үр дүн авах үүднээс ALC болон ХАНлаб лабораториудад дээжээ илгээсэн.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн барих зэс хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрээс гарах хүхрийн хүчлийг фосфороор саармагжуулж эрдсийн бордоо үйлдвэрлэх зорилгоор Завханы фосфоритын сав газарт хайгуулын ажил төлөвлөсний дагуу геофизикийн цахилгаан болон соронзон хайгуул, геологийн хэсэгчилсэн зураглалын ажлыг гүйцэтгээд байна. Манай геологичид ажлын тайлангаа боловсруулж, талбайн геологийн зургийг зурж байна.
-Бүтцийн нэгжүүдийн захиалгаар ямар ажлууд гүйцэтгээд байна?
-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь уурхайгаас олборлох исэлдсэн хүдрээ өөрөө бие даан боловсруулах зорилгоор гидрометаллургийн үйлдвэрийн төслийг хэрэгжүүлж, исэлдсэн болон бага агуулгатай хүдрийн овоолгуудыг хууль, эрх зүйн хүрээнд ашиглах нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Монгол улсын ашигт малтмалын тухай хуульд 2016 оны 11 сарын 10-ны өдрийн “Үүсмэл орд”-ын талаарх нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан “Эрдэнэтийн-Овоо” ордыг ашиглах явцад үүссэн балансын бус хүдрийн овоолго, исэлдсэн хүдрийн овоолго, ирээдүйд уурхайгаас олборлох исэлдсэн болон балансын бус хүдрүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор исэлдсэн хүдрийн овоолгуудын ашигт малтмалын нөөцийг холбогдох журмын дагуу тооцоолж Эрдэс баялаг мэргэжлийн зөвлөлөөр оруулж үүсмэл ордын тусгай зөвшөөрөл авч хууль, эрх зүйн хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын эзэмшилд оруулахаар төлөвлөгөө боловсруулан батлуулсан. Нийт 35 цооног буюу 1702 тууш метр өрөмдлөгийн ажлыг гүйцэтгэсэн. ГХЭ-ийн геологичид Үйлдвэрийн бодлогын газар, ГМХ, ГХЭ-ийн удирдлагын чиг үүргийн дагуу нөөцийн тооцоог бие даан гүйцэтгэхээр ажиллаж байна.
-Нууц биш бол хайгуулын ажилд хэдий хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулдаг вэ?
-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамгийн чухал бодлогын нэг бол Геологийн бодлого. Дэлхийн туршлагаас харахад үйлдвэрийн нийт зардлын нэгээс багагүй хувийн зардлыг хайгуулын ажилд зарцуулдаг. Манай үйлдвэр ч энэ хэмжээнд дөхөхүйц зардлыг жил бүр төсөвлөдөг. Сүүлийн 5 жилийн хугацаанд хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх хайгуулын ажилд 48 орчим тэрбум төгрөг зарцуулсан. Цаашид ч үйлдвэрийг түүхий эд, нөөцөөр тасралтгүй хангах ажил үргэлжлэх биз.
-Хөрөнгө оруулалтаар гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнд шинэ орд илрэл, нөөц бүртгэгдсэн үү?
-Эрдэнэт үйлдвэр, үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангах зорилгоор олон ажилд хөрөнгө оруулалт хийдгийн нэг нь геологи хайгуул, эрэл судалгааны ажил юм.
Сүүлийн 17 жилд хөрөнгө оруулалтын ажил хоёр үе шаттай хийгдсэн. Эхний үе шат нь 2004-2016 онд, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн нэр дээр авсан хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий 5 талбайд геологи хайгуулын цогц ажил гүйцэтгэсэн. Энэ хугацаанд өмнө нь ялгагдсан зэсийн эрдэсэжсэн илрэлийн үйлдвэрлэлийн ач холбогдолтой эсэхийг бататгах, өөр ижил төстэй ордыг эрж хайх, түгээмэл тархацтай ордыг нээн илрүүлсний үр дүнд барилгын материалын орд газруудыг шинээр илрүүлж, нөөцийг ашигт малтмалын нөөцийн улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн. Өнөөдөр ашиглаж буй ил уурхайн түвшин гүнзгийрэх тусам хүдэр дэх зэсийн агуулга буурч байгаа. Мөн Баруун-Хойд хэсгийн гүнийн түвшнүүдийн хайгуул гүйцэд хийгдээгүйн улмаас хүдрийн бодиттой (В зэргээр), боломжтой (С зэргээр) нөөц эрс багасаж, уулын ажлын урт хугацааны төлөвлөлтийг боловсруулахад хүндрэл учруулж эхэлсэн. Иймд 2013-2015 онд гүйцээх хайгуулын ажлыг Баруун-Хойд болон Төвийн хэсэгт гүнийн түвшинд явуулж, үр дүнгээр хүдрийн нөөцийн шинэчилсэн тооцоог гаргаж, уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн, 2 тэрбум 37 сая.тн хүдрийн нөөцийг ашигт малтмалын нөөцийн улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээд байна.
-Ямар сайхан мэдээ вэ. Үйлдвэрийн хөрөнгө оруулалтын хоёр дахь үе шатны ажлын талаар..?
-Энд 2017-2020 онд хийгдсэн ажлууд хамаарна. Ордын нөөц, баялгийн тооцоог олон улсын “Жорк” стандартын дагуу боловсруулсан. Ингэхийн тулд нөөцийн тооцооны техникийн тайлан боловсруулж, аудитын өрөмдлөгийн ажил, нөөцийн ангилал ахиулах, нөөц өсгөх хайгуулын өрөмдлөгийн ажил гүйцэтгэсэн. Нийт 133260 тууш метр өрөмдлөг хийснээс 71647 дээж боловсруулж, үр дүнг нь нэгтгэж байна. “Эрдэнэтийн-Овоо” ордын геологийн нөөцийг “Жорк” стандартын дагуу хөрвүүлэн баталгаажуулж, нөөц баялгийн нийт хүдрийн хэмжээ 2.03 тэрбум тонн байсан нь 2.75 тэрбум тонн болж нэмэгдсэн. Үйлдвэрийн удирдлагаас өгөгдсөн үүрэг даалгаврын дагуу “Эрдэнэтийн-Овоо” ордын баруун-Хойд болон Төвийн ордын шинэчилсэн нөөцийг батлуулахаар ГМХ-ийн удирдлага, зохион байгуулалтын дор ажиллаж байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайдын А/08 тоот тушаалаар “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын талбайн хил заагийг тогтоох талаар санал боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан. Стратегийн хил хязгаар нь 116000 га талбайг хамрах бөгөөд урьд явуулсан геологи хайгуулын судалгааны ажлын үр дүнгээр илрүүлсэн Оюут, Шанд, Хойд Шанд, Зөөхийн гол, Цагаан чулуут зэрэг хэтийн төлөв бүхий орд, илрэлүүд багтаж байгаа. Стратегийн хил хязгаарыг тогтоосноор үйлдвэрийн хүдрийн нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор геологи хайгуулын ажлыг төсөл хэрэгжүүлэгч компаниудтай хамтран явуулж байна. Тухайлбал: “Дипирамид”, “Геосан”, “Геомон инженеринг”, “Ганресурс”, “Судалт мана”, “3 Талст”, Минекско ХХК-ийг дурдаж болно.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.
Т.БАТЧУЛУУН
ФОТО:Б.БАТТӨГС