Уул уурхайЯрилцлагаОнцлох

Б.Баянбат: III дугаар шугам татах ажлын явц 65 хувьтай явна

Ус хангамжийн цех Сэлэнгэ мөрнөөс Эрдэнэтийн усан сан хүртэл угсарсан хос шугам хоолойгоор хоногт 60-70 мянга гаруй м3 цэвэр ус татаж, хэрэглэгчдэд түгээдэг. Хос шугамын нэг нь 1976 онд, нөгөө нь 1988-1989 онд ашиглалтад орсон,  эдэлгээний явцад  эхний шугам хоолой муудсан. Эрдэнэт хот өргөжиж, үйлдвэрлэлийн  хүчин чадал нэмэгдэж байгаа тул цэвэр усны хэрэглээ өсөж буй. Энэ байдлыг харгалзан Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд усан хангамжийн гуравдугаар шугамыг тавих асуудлыг шийдвэрлэсэн. Уг ажил 4-р сард эхэлж, одоо үргэлжилж байна. Ажлын явц хэр байгаа талаар Ус хангамжийн цехийн Ерөнхий инженер Б.Баянбатаас тодрууллаа. 

-Цэвэр ус дамжуулах гуравдугаар шугам татах ажлын явц хэр байна вэ?

-Эрдэнэт үйлдвэрийн ус хангамжийн дамжуулах системийн цэвэр усны гуравдугаар шугамыг барьж байгуулах ажил хэвийн үргэлжилж байна. 820 мм-ийн голчтой ган хоолой татах ажлыг “Bridge Construction”, “Happy Building” компаниуд гүйцэтгэж байна. Ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж, шугам хоолойн угсралт 60 гаруй хувьтай явж байна. Шугам сүлжээний дагалдах байгууламж болох худаг, даралт тохируулах байрны угсралт барьж байгуулах ажил 70 гаруй хувьтай явна. Нийт ажлын гүйцэтгэл 65 хувьтай байна. 

-Энэ бүтээн байгуулалтад хэдэн хүн оролцож байгаа вэ?

-Ажлын талбайд дээрх хоёр компанийн 160 гаруй хүн ажиллаж байна. Манай үйлдвэрээс Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнхөөр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан чиглэл тус бүрээр өдөр тутам хяналт тавин ажиллаж байна. Ажлын чанар, гүйцэтгэл, тулгамдсан асуудлуудыг долоо хоног бүр ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцэж, цаг тухайд нь шийдвэрлэн ажиллаж байна. 

-Хил гааль дээр бараа материал саатах зэрэг хүндрэл бэрхшээл тулгарсан уу?

-Цар тахлын улмаас хил гааль дээр бараа материал саатах бэрхшээл байсан ч үйлдвэрийн удирдлагын зүгээс онцгойлон анхаарч, шийдвэртэй арга хэмжээ  авснаар цаг алдалгүй татан авсан. 

-Гуравдугаар шугамын ажил хэзээ дуусах вэ?

-Төлөвлөгөөгөөр 11-р сарын сүүлээр дуусна. Хугацаандаа багтааж ашиглалтад оруулахаар гүйцэтгэгч, захиалагч талууд  шамдан ажиллаж байна. 

-Шугам нэмж суурилуулсны ач холбогдлыг та хэрхэн харж байна вэ?

-Эрдэнэт үйлдвэрийн өнөөгийн болон цаашдын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өсөлтөд усан хангамжийн найдвартай ажиллагаа хангагдана. Мөн  Орхон аймгийн өсөн нэмэгдэж буй, цаашдаа ч нэмэгдэх  усны хэрэглээг хангахад  хүчин чадал хангалттай болно. Мөн 3-р шугам хоолойг барьж  ашиглалтад оруулснаар одоо ашиглаж байгаа хоёр шугам хоолойг ээлжлэн зогсоож засвар үйлчилгээ хийх боломж бүрдэнэ. Ундны усны эрүүл ахуйн стандартад нийцсэн зориулалтын доторлогоотой ган хоолой тавьж байгаагаараа онцлогтой юм.

Я.Энхтуяа

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version