НийслэлFocus

Хот нийтийн аж ахуйн ажлыг нэгдсэн удирдлагад оруулна

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар үргэлжлүүлэн “Хот нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн ашиглалт, үйлчилгээний нэгдсэн хяналт, удирдлагын Ub Engineering систем”-ийг хэрэгжүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ.

Хот нийтийн аж ахуй буюу ус, дулаан, цахилгаан, далан суваг, ус зайлуулах суваг, орон сууц, түүний фасад, цахилгаан шатны талаарх мэдээлэл, ашиглалтын байдлыг нэгтгэж, нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор энэхүү системийг нэвтрүүлэхээр зэхэж буйг Улаанбаатар хотын ЗАА-ны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн онцолсон.

Тус системийг хэрэглээнд нэвтрүүлснээр мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж, тус санд нийслэл дэх нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн хөрөнгө оруулалт, урсгал засвар, шинэчлэлийн ажлуудын гүйцэтгэл зэргийг бүртгэн авах боломж бүрдэнэ.

Тодруулбал, мэдээллийн санг өдөр бүр баяжуулж, инженерийн дэд бүтцэд  гэнэтийн саатал гарсан тохиолдолд мэдээллийг шуурхай хүргэх, их болон урсгал засварын мэдээллийг тогтмол оруулж, төрийн байгууллагын уялдаа сайжирч, мэдээлэл солилцох боломж нээгдэх юм. Мөн нийслэлийн өмчийг бүртгэж, СӨХ-үүдийн үйл ажиллагааг цахимжуулахын зэрэгцээ төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх ач холбогдолтой.

Системийн хөгжүүлэлтийг 2020 онд эхлүүлсэн бөгөөд өдгөө гар утасны аппликейшн хөгжүүлж буйг Улаанбаатар хотын ЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Балдандорж хэллээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Төрийн байгууллагын ажлын уялдааг илүү сайжруулах, төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх хүрээнд нэгдсэн систем нэвтрүүлэх асуудлыг сүүлийн 4-5 жил төлөвлөж, бэлтгэл хангасан.

Уг асуудал зөвхөн нийслэлийн хэмжээнд яригдаж байгаа асуудал биш, улсын хэмжээнд баримтлах бодлого юм. Тиймээс төлөвлөлтөөс эхлээд хэрэгжилтийг хангах, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх хүртэлх бүх шатанд уг системийг ашиглана” гэсэн юм.



Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид “Хот нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн ашиглалт, үйлчилгээний нэгдсэн хяналт, удирдлагын Ub Engineering систем”-ийн талаар хэлэлцэж, Засгийн газрын хуралдаанд танилцуулан, шийдвэр гаргуулах, хэрэгжүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо.


Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version