Уул уурхайОнцлох

Эрдэнэт үйлдвэрийн “Нэг цонхны бодлого”-ын давуу талыг дүгнэв

“Монголиа майнинг 2021” үзэсгэлэнгийн эргэн тойронд..

“Уул уурхайн худалдан авалтын бодлого, ханган нийлүүлэлтийн эдийн засгийн өгөөж” сэдвийн дор зохион байгуулагдаж буй “Монголиа Майнинг 2021” Олон улсын уул уурхайн үзэсгэлэн 3 дахь хоногтоо амжилттай үргэлжилж байна.

Үзэсгэлэнг яармагийн нэгэн чухал хэсэг болох хэлэлцүүлэгт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газрын дарга Б.Бямбадагва оролцож, “Хөрөнгө оруулалтын бодлого, худалдан авах ажиллагааны хэрэгжилт” сэдвээр илтгэл тавилаа.

Б.БЯМБАДАГВА /“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газрын дарга/:

– “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг хөгжүүлэх үндсэн чиглэлийг мөрдлөг болгон ажиллаж байна. Үр өгөөжтэй хөрөнгө оруулалтын бодлого хэрэгжүүлж, худалдан авах үйл ажиллагааг 100 хувь цахим системээр зохион байгуулж, өрсөлдөх боломжтой, үр ашигтай, нээлттэй байх зарчмыг хэрэгжүүлж байна. Эрдэнэт үйлдвэр хөрөнгө оруулалт, худалдан авалтын нэг цонхны бодлого хэрэгжүүлснээр үйлдвэрлэлд ахиц дэвшил гаргах суурь боломжийг олгож байна.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь 2019 онд нийт 533 цахим тендер шалгаруулалт хийж байсан бол худалдан авалтын нэг цонхны бодлогыг амжилттай хэрэгжүүлсний үр дүнд 2020 онд нийт 1775 тендер шалгаруулалтыг 100 хувь цахимаар зарлаж, зохион байгуулсан. Ингэснээр 2019 онд 65.8 тэрбум төгрөг, 2020 онд 88 тэрбум төгрөг, нийт 153.8 тэрбум төгрөгийг зөвхөн худалдан авалтаас хэмнэж чадсан юм. 

Мөн 2020 онд дотоодын аж ахуйн нэгжтэй 628.5 тэрбум төгрөгийн 1313 гэрээ байгуулан ажилласан. Үүнээс дотоодын үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдтэй 65.7 тэрбум төгрөгийн 64 гэрээ байгуулан, нийт 37 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн худалдан авч дотоодын үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийг дэмжин хамтран ажилласан байна. 

“Монголиа Майнинг 2021” үзэсгэлэнд Эрдэнэт үйлдвэрийн хамт олон өндөр зохион байгуулалттай оролцож, үйлдвэрийн газрын үйл ажиллагаа болон бүтээгдэхүүний талаар танилцуулга хийж байна.

Х.OЮУНТУНГАЛАГ  /Судалгаа шинжилгээний хүрээлэнгийн Ерөнхий инженер, Ph.D/:

– Цар тахлын улмаас жил гаруй өнжсөн “Монголиа Майнинг 2021” уул уурхайн үзэсгэлэн өмнөх жилүүдээс онцлогтой болж байна. Уул уурхайн тоног төхөөрөмж бүтээгдэхүүн танилцуулахаас гадна түүнийг дагасан үйлчилгээг санал болгож буй нь өгөөжтэй санагдлаа. Мөн Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудын төлөөллүүдтэй эрдэс боловсруулалтын чиглэлээр туршилт, судалгааны ажил гүйцэтгэх талаар ярилцаж, Франц, Герман зэрэг улсын гаднын компаниудтай хүрээлэн байгаа орчин, усны судалгаа, эрдсийн судалгаа зэрэг ажлуудыг хамтран гүйцэтгэх тухай санал солилцлоо.

Т.БАТТУЛГА /”Mongolia Mining 2021” Үзэсгэлэнг зохион байгуулах хорооны дарга/:

– “Монголиа Майнинг 2021” Олон улсын уул уурхайн үзэсгэлэн арав дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна Үзэсгэлэнд оролцож буй уул уурхайн компаниуд болон ханган нийлүүлэгчдийн идэвхтэй оролцооны үр дүнд жил бүрийн “Монголиа Майнинг” үзэсгэлэн өсөн дэвжиж хөгжсөөр байна. Арван жилийн хугацаанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үзэсгэлэнд оруулж буй хувь нэмэр оролцоо, дэмжлэгийг заавал дурдах хэрэгтэй.  Эрдэнэт үйлдвэр манай үзэсгэлэнд олон жил дэмжин оролцож өөрсдийн үйл ажиллагаа болон худалдан авалтын бодлогын талаар илтгэл хэлэлцүүлэгт оролцож буй нь уул уурхайн ханган нийлүүлэгчдийн анхаарлыг татах хүчин зүйл болдог. “Улсын Баатар”  болоод удаагүй байгаа Эрдэнэт үйлдвэрийнхээ нийт уурхайчин хамт олонд арав дахь жилийнхээ ойн баярын арга хэмжээг тохиолдуулан талархал илэрхийлье. 

Д.ПҮРЭВЖАРГАЛ
Гэрэл зургийг Ш.ЛХАМСҮРЭН

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version