Хангай-21 онол, практик хосолсан сургалт боллоо
Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Элчин сайдын яам, Иргэн цэргийн харилцааны дэмжлэгийн багтай хамтран Архангай аймагт зохион байгуулсан “Хангай-21” гамшгийн хор уршгийг арилгах хамтарсан туршлага солилцох сургалт, дадлага сургуулийн хаалтын ажиллагаа боллоо.
Хаалтын ажиллагаанд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Сургуулийн удирдагч, дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргал, АНУ-ын Элчин сайдын яамны Иргэн цэргийн дэмжлэгийн багийн дарга, ахмад Колин Аткинсон, Архангай аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Д.Эрдэнэбаатар тэргүүтэй албаны хүмүүс оролцож үг хэллээ.
Хошууч генерал Г.Ариунбуян хэлсэн үгэндээ, “Дэлхий нийтэд тархсан коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын хүнд хэцүү цаг үед хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд дадлага сургуулийг цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан эрсдэлгүйгээр зохион байгууллаа. “Хангай-21” сургалт, дадлага, сургуулийн үндсэн зорилго нь гамшгийн удирдлагын ялангуяа тактикийн ажиллагааны түвшний удирдлагын ялгааг тодорхой болгох, дээрх түвшний төлөвлөлтийн баримт бичгийг сайжруулах, нөөцийн болон мэдээллийн менежментийг төгөлдөржүүлэхэд байлаа. “Хангай-21” сургалт, дадлага сургуулийг өмнөө дэвшүүлсэн зорилтоо бүрэн хэрэгжүүлсэн өмнөх сургалтуудаас ихээхэн онцлогтой, сургалтын хөтөлбөр төлөвлөгөө нь онол, практикийг хослуулсан ач холбогдолтой боллоо гэж дүгнэж байна” гэлээ.
Энэ удаагийн сургалт, дадлага сургуулийг АНУ-ын Элчин сайдын яамны Иргэн-цэргийн харилцааны дэмжлэгийн багийн сургагч багш нар удирдан явуулж, НОБГ, ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар анги, Өмнөд бүсээс Баянхонгор, Өвөрхангай, баруун бүсээс Завхан, хойд бүсээс Архангай, Булган, Хөвсгөл аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид оролцсон юм.
“Хангай-21” гамшгийн хор уршгийг арилгах хамтарсан сургалт, дадлага сургууль, туршлага солилцох үйл ажиллагаа нь “Гамшгийн удирдлага”, “Өндрөөс аврах олсны сургалт”, “Давчуу орон зайнаас аврах ажиллагаа”, “Нурангинаас аврах ажиллагаа”, “Хээрийн эмнэлэг дэлгэх үйл ажиллагаа”, “Нэрвэгдэгчийг эрэмбэлэн ангилалт”, “Олон нийттэй харилцах” сургалтыг зохион байгуулж, төгсгөлд нь команд штабын дадлагаар сурч мэдсэнээ бататгаснаар хамтарсан дадлага сургууль өндөрлөлөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.