Шатахуун тээвэрлэн авахад Хятадын тал дэмжиж ажиллахаа илэрхийлэв
Монгол Улсад нийлүүлэх шатахууны тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр БНХАУ-ын Гадаад хэргийн яам болон Худалдааны яамны холбогдох албан тушаалтнуудтай уулзалт хийлээ.
БНХАУ-ын Намрын дунд сарын баярын бүх нийтийн амралтын өдрүүд дуусч, ажилдаа орсон даруйдаа ЭСЯ-ны хүсэлтийг хүлээн авч, эдгээр уулзалтуудыг шуурхай зохион байгуулж байгаад талархал илэрхийлээд манай улсын дотоодод үүссэн нөхцөл байдлын талаар тодорхой танилцуулав.
Энэ үеэр ЭСЯ-ны зүгээс Хятадын Петрочайна компаниас шатахуун худалдан авах гэрээ хийгээд буй манай улсын шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийн захиалгыг төмөр замаар яаралтай тээвэрлэх асуудлыг зохицуулахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн бөгөөд хятадын тал манай улсад нэн тулгамдаад буй уг асуудлыг ойлгож байгаагаа тэмдэглэж, Хятадын төмөр замын холбогдох байгууллагуудтай харилцан шийдвэрлэх чиглэлээр шуурхай ажиллахаа мэдэгдлээ.