Гадаад харилцааОнцлох

Усан доорх соёлын өвийг хамгаалах олон улсын сургалт болж байна

Соёлын яам, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар хамтран “Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай 2001 оны конвенц”-ын хүрээнд мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, чадавх бэхжүүлэх цахим сургалт зохион байгуулж байна.

Монгол Улс соёлын өвийг хамгаалах хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаарч, 2023 онд ЮНЕСКО-ийн Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай конвенцод нэгдэн орохоор зорьж, бэлтгэл ажлаа хангаж байгаа юм. Энэ хүрээнд усан доорх соёлын өвийг таньж тодорхойлох, хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, хууль бус худалдаа, малтлагаас сэргийлэх чиглэлийн сургалт зохион байгуулж байна.

Сургалтад, ЮНЕСКО-ийн 2001 оны конвенцын нарийн бичгийн дарга нарын газрын Хөтөлбөрийн мэргэжилтэн Чихиро Нишикавa, Эдинбургийн их сургуулийн судлаач Артуро Рей да Силва Итали Улсын Соёлын яамны Усан доорх соёлын өвийн үндэсний удирдах газрын дарга, Барбара Дэвидде гэх мэт олон улсын мэргэжилтнүүд оролцож байгаа юм.

Харин Монгол Улсаас Соёлын яам, Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ШУА-ийн Археологийн хүрээлэн, Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Соёлын өвийн үндэсний төв, Чингис хаан музей, Байгалийн түүхийн музей, МУИС, МУБИС, ШУТИС, Улаанбаатарын их сургууль, “Монголын археологичдын холбоо” ТББ-ын 65 оролцогч хамрагдаж байна.

Сургалтын үеэр Соёлын яамнаас “Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай 2001 оны конвенц”-ыг соёрхон батлахтай холбогдох зөвлөмж, үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг оролцогчдын дунд хэлэлцүүлж, нэгдсэн зөвлөмж, үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргах юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version