НийгэмFocus

Нийтийн тээврийн шалгагч нар карт цэнэглэж эхэллээ

Нийслэлийн хэмжээнд  автобусны “U money” карт цэнэглэх 1275 цэг байдаг. Гэвч Нийтийн тээврийн үйлчилгээний газарт автобусны карт цэнэглэх цэгийн хүртээмж, цагийн хуваарьтай холбоотой гомдлууд багагүй ирдэг. Тухайлбал, карт цэнэглэх цэг өглөө эрт онгойдоггүй, орой эрт хаах, эсвэл пос машин эвдэрсэн гэх мэтээр иргэдэд үйлчилгээ үзүүлдэггүй. Энэ нь иргэд бэлэн мөнгөөр зорчих, халдвар хамгааллын дэглэм зөрчигдөх нэг шалтгаан болж байна.

Уг асуудлыг шийдвэрлэх, иргэдэд илүү хүртээмжтэй ажиллах, цар тахлын үед аль болох бэлэн мөнгөөр зорчуулахгүй байх үүднээс нийтийн тээврийн 200 гаруй шалгагч “Hi-Pay Wallet” аппликэйшний тусламжтайгаар иргэдийн автобусны картыг цэнэглэж эхэллээ. Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөөний зам дагуу хүн ихээр зорчдог автобусны буудлуудад “Сити Баз Консалтинг” ХХК-ийн шалгагч нар иргэдийн картыг газар дээр нь цэнэглэх үйлчилгээг үзүүлж байна.

Энэ талаар Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга З.Цэвээндорж “Нийслэлийн хэмжээнд гурван байгууллагын 450 орчим шалгагч бүртгэлтэй байдаг. Одоогоор “Сити Баз Консалтинг” ХХК-ийн шалгагч нарыг дайчлан иргэдэд үйлчилж байна. Цаашид “Зорчигч тээврийн нэгтгэл”, “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ гэх хоёр аж ахуй нэгжийн шалгагч нарыг ажиллуулан, иргэдийн нийтийн тээврийн картыг цэнэглэх үйлчилгээг үзүүлэхээр ажиллаж байна” хэмээв.

 “Сити Баз Консалтинг” ХХК-ийн ахлах шалгагч Д.Нямсүрэн “Шалгагч нар “Hi-Pay Wallet” апплкэйшнээр автобусны карт цэнэглэх үйлчилгээ үзүүлээд хоёр хонож байна. Уг ажилд иргэд маш эерэг хандлагатай байгаа нь ажиглагддаг. Миний ажиллаж буй зүүн бүс буюу Офицероос Багшийн дээдийн буудал хүртэлх бүсэд 20 орчим шалгагч карт цэнэглэх үйлчилгээг үзүүлж байгаа. Коронавируст халдварын цар тахлын үед иргэд өөрсдийгөө эрсдэлээс хамгаалан, бэлэн мөнгөөр зорчихгүй байх хэрэгтэй. Иймд карт цэнэглэж буй шалгагч нарт хандах, карт цэнэглэх цэгээр дамжуулан “U money” картаа тогтмол цэнэглэх, “Hi-Pay Wallet” аппликэйшнийг хэрэглэж хэвшээрэй” хэмээн иргэдэд уриаллаа.

Иргэд гар утсандаа “Hi-Pay Wallet” аппликэйшнийг суулган бүртгүүлээд, картаа цэнэглэх боломжтой. Мөн уг аппликэйшний тусламжтайгаар автобусны картын үлдэгдлээ шалгах, хэзээ автобусанд сууж, хэзээ буусан, хэзээ хамгийн сүүлд картаа цэнэглэснээ хянах боломжтой юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version