НийгэмОнцлохНийслэл

Ханын материалын эцэст 712 айлын ногоон орон сууц төсөл хэрэгжүүлнэ

Нийслэлийн ИТХ-ын дэргэдэх Хот байгуулалт, дэд бүтцийн хороо өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар “Улаанбаатар хотын орлогод нийцсэн 712 айлын ногоон орон сууц” төслийн талаар хэлэлцэв. 

Энэхүү төсөл нь эрчим хүчний хэмнэлтийн шинэ технологи, уур амьсгалын нөхцөлд тохирсон шинэ элементүүдийг нэвтрүүлэх замаар орон сууцны барилгын салбарт томоохон ахиц дэвшил гаргах зорилготой. Нийт 30.2 сая ам.доллараар хэрэгжих уг төслийн байршил нь Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо буюу Ханын материалын эцэст төлөвлөгджээ. Санхүүжилтийн 20 сая ам.доллар нь Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээл, 5 сая ам.доллар нь Ногоон уур амьсгалын сангийн буцалтгүй тусламж, 1.3 сая ам.доллар нь бусад тусламжийн эх үүсвэрээс бүрдэх аж. Харин төсөл хэрэгжүүлэгч буюу нийслэл 3.9 сая ам.долларыг гаргах ёстой бөгөөд энэ нь татвар болон газар…зэргээр тооцогдох юм. Хөнгөлөлттэй зээлийн хүү нь жилийн 1.17 хувь байна. 

Энэхүү орон сууцны хороололд 712 өрх буюу 2492 хүн амьдарна гэж тооцсон. Үүний 142 орон сууц нь түрээсийнх, 570 нь түрээслээд өмчлөх, 35 орон сууц хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулагдана. Мөн төлөвлөлтөд 250 хүүхдийн ор бүхий цэцэрлэгийн талбайг тусгасан байна. Гэхдээ одоогоор санхүүжилтийн эх үүсвэрт тусгагдаагүй гэдгийг Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын дарга Г.Ганхүү танилцууллаа. 

Төслийг 2025 он гэхэд хэрэгжүүлж дуусахаар төлөвлөж байгаа юм. Энэхүү төсөлтэй холбогдуулан Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Нэргүй “Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахын тулд дэд бүтэц нь хөгжсөн Налайх, Багануур, Багахангай дүүргүүдэд дээрхтэй ижил төстэй төслүүдийг хэрэгжүүлэх нь зөв юм. Нэг төвт хотоос олон төвт хот хөгжүүлэх зорилтоо хэрэгжүүлэхийн тулд алсын дүүргүүдээ анхаарч, нийгмийн дэд бүтцийн хүрэлцээ хангамжийг нь ашиглах нөхцөл байдал үүссэн. Тухайлбал, энэхүү төслийн хүрээнд 9 блок орон сууц барихаар төлөвлөж байна. Үүний 1-2 блокийг нь захын дүүргүүд рүү шилжүүлж болно. Цаашид орлогод нийцсэн орон сууц төслийг есөн дүүргийн хэмжээнд авч үзэж байхыг сануулъя” гэлээ. 

    2024 он гэхэд найман “Дэд бүтцийн төв”  ашиглалтад оруулахаар төлөвлөжээ 

 Хуралдаанаар мөн Нийслэлийн орон сууцны дэд бүтцийн газраас хэрэгжүүлж буй “Дэд бүтцийн төв” буюу сервис центрийг байгуулах ажлын хэрэгжилтийг танилцууллаа. 

Монгол Улсын Засгийн газрын 179 дүгээр тогтоолоор “Дэд бүтцийн төв” төсөл хэрэгжүүлэх 50 байршлыг баталсан. Үүнийг БНХАУ-ын буцалтгүй тусламжийн 2 тэрбум юанийн санхүүжилтээр барихаар шийдвэрлэсэн билээ. Харин нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 118 дугаар тогтоолоор “Дэд бүтцийн төв”-ийн төслийг хэрэгжүүлэх 16 байршлыг баталсан бөгөөд эдгээр байршилд дэд бүтцийн төв байгуулах ажил тодорхой түвшинд үргэлжилж байна. 

Хуралдааны үеэр тус хорооны дарга М.Говьсайхан “Одоогоор хэдэн бичил төв байгуулаад байна вэ. Эдгээр төвд дэд бүтцийн ямар асуудлыг нь шийдвэрлэсэн бэ” гэдгийг тодрууллаа. 

Г.Ганхүү хэлэхдээ “Бүрэн хэрэгжиж дууссан нэг бичил төв байгаа нь Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд хэрэгжсэн. Мөн 80 гаруй хувийн барилга угсралтын гүйцэтгэлтэй хоёр төв байгаа нь Сүхбаатар болон Налайх дүүргийн газар нутагт хэрэгжиж байна. Нэг сервис центр байгуулахад 10 гаруй тэрбум төгрөг зарцуулж байгаа бөгөөд эрчим хүч, дулаан, цэвэр бохир ус, ариутгах татуурга зэрэг дэд бүтцийн таван асуудлыг шийдвэрлэж байна” гэлээ. Хэрэгжих хугацааны хувьд харилцан адилгүй байгаа ч  2024 он гэхэд найман дэд бүтцийн төв барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Санхүүжилтийг графикийн дагуу баталж чадвал дээрх хугацаанд барьж дуусгана гэдгийг тэрбээр тодотголоо. Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны хуралдаанаар мөн Нийслэлийн 2021 оны “Газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн явцыг хэлэлцлээ. Мөн энэхүү төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай танилцуулав. 

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version