Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилга угсралтын ажлын гүйцэтгэгч талтай гэрээ байгууллаа
Монгол Улсын Эрчим хүчний яам, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын барилга угсралтын гүйцэтгэгчээр шалгарсан “Power Construction Corporation of China”, “Power China Chengdu Engineering Corporation”компанийн түншлэлийн төлөөллүүд түлхүүр гардуулах нөхцөлөөр гэрээнд гарын үсэг зурлаа.
Гарын үсэг зурах ёслолд Монгол Улсын Эрчим хүчний яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга А.Энхбат, “Пауэр Чайна Констракшн Корпораци”-ийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын Ерөнхий төлөөлөгч Жянь Гуоинь, “Эрчим хүчний хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын гүйцэтгэх захирал Я.Нямжаргал, “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” ТӨААТҮГ-ын гүйцэтгэх захирал Б.Алтанцэцэг, “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагч Ч.Гантулга, “Пауэр Чайна” Монгол дахь төлөөлөгчийн газрын Зах зээл хөгжүүлэлтийн менежер Ү Хуа, “Пауэр Чайна” Налайхын 20.9 км замын төслийн менежер Ли Вэй, “Пауэр Чайна” Өмнөговь аймгийн хүнд даацын замын төслийн Бизнес хөгжлийн менежер Жян Хуачин нарын хүндэт зочид, төлөөлөгчид оролцов.
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц нь Монгол Улсын баруун бүс нутаг буюу Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн эрчим хүчний хангамжийн аюулгүй байдал, найдвартай ажиллагааг урт хугацаанд баталгаажуулж, сэргээгдэх эрчим хүчийг энэ бүс нутагт хөгжүүлэх суурийг тавих өндөр ач холбогдолтой төсөл юм.
Ховд аймгийн нутаг Шижигтийн хавцалд баригдах Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай усан цахилгаан станцыг БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөнөөс 288.5 сая ам.доллараар санхүүжүүлэхээр шийдвэрлэсний дагуу барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг амжилттай зохион байгуулж, Хятадын “Power Construction Corporation of China” болон “Power China Chengdu Engineering Corporation limited” компанийн түншлэл шалгарсан.
“Power Construction Corporation of China” болон “Power China Chengdu Engineering Corporation limited” компанийн түншлэл нь төслийг 271.48 сая ам.доллараар буюу хамгийн бага үнээр, 61 сарын хугацаанд гүйцэтгэнэ. Ингэснээр төслийн хөрөнгө оруулалтыг 17 сая ам.доллараар бууруулж байгаа бөгөөд төслийг Европ стандартын дагуу гүйцэтгэхээр гэрээний хэлэлцээрт тусгасан болно.
“Power Construction Corporation of China Ltd болон POWERCHINA Chengdu Engineering Corporation limited” компанийн түншлэл нь Хятадын шилдэг 500 компаниас 41 дүгээрт жагсдаг бөгөөд Хятадын том, дунд чадлын усан цахилгаан станцын барилга угсралтын ажлын 65 хувийг дангаар гүйцэтгэсэн туршлагатай.
Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орсноор:
-Баруун бүсэд ойрын жилүүдэд байгуулагдах ганга, нефть, уул уурхайн ордууд, цемент, мах, арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг цахилгаан эрчим хүчээр хангах боломж бүрдэнэ
-УЦС-ын барилга угсралтын ажлын үед 800-1000 хүн түр ажлын байр, ашиглалтад орсны дараа 60-80 байнгын ажлын байр шинээр бий болно
-Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг ОХУ-аас хангасны төлбөрт жил бүр 18-20 тэрбум төгрөг төлж буйг бууруулах боломж бүрдэнэ
-Дотоодын найдвартай эх үүсвэртэй болсноор аж ахуйн нэгжүүд бизнес өргөжүүлэх боломжтой болж, түүнийг дагаад иргэдийн амьдрал дээшилнэ
-Усан цахилгаан станцын усан сангийн дагуу аялал жуулчлал, амралт сувиллын газрууд байгуулагдаж, иргэдийн орлого нэмэгдэнэ
-Загасны аж ахуй болон усалгаатай, хүлэмжийн газар тариаланг хөгжүүлэх боломж бүрдэнэ
-Усан санд ихээхэн ус хуримтлагдсанаар орчны агаарын чийгшил нэмэгдэж орон нутгийн уур амьсгал, бэлчээрт эерэг нөлөө үзүүлэх юм.