Эдийн засагОнцлох

Газрын тосны зах зээлийн онцлох үйл явдал

САУДЫН АРАБ АЗИ ТИВИЙН ХУДАЛДАН АВАГЧДАД ҮНЭЭ БУУРУУЛЛАА

Газрын тосны экспортоор тэргүүлэгч Саудын Арабын Вант улсын төрийн өмчит Saudi Aramco компани Азийн орнуудад гаргадаг түүхий тосны үнийг бууруулсны дараа газрын тосны үнэ бууралт үзүүлсэн нь дэлхийн зах зээлд нийлүүлэлт их байгааг харуулж байна.

Бүс нутгийн орнуудад нийлүүлэх үнээ 1.3 ам.доллар/баррелиар бууруулсан бөгөөд тусүнийн бууралт нь шинжээчдийн төлөвлөснөөс их байсан юм. Харин АНУ болон Европ тивийн орнуудад нийлүүлэх үнээ өөрчлөлгүй хэвээр үлдээжээ.

Саудын Арабын хийсэн үйлдэл нь үнээр өрсөлдөж, тус бүс нутагт газрын тос нийлүүлдэг бусад өрсөлдөгчдөөсөө зах зээлд эзлэх хувийг авах зорилготой. Тус улсын газрын тосны экспортын 60 гаруй хувийг Ази тивийн орнууд эзэлдэг тул энэ бүс нутаг нэн чухал юм.

ХЯТАД, ЭНЭТХЭГ УЛС ГАЗРЫН ТОСНЫ ИМПОРТОО НЭМЭГДҮҮЛЖ ЭХЭЛЖЭЭ

Хятад болон Энэтхэг улс газрын тосны импортын хэмжээгээ нэмэгдүүлж, газрын тосны зах зээлд томоохон дэмжлэг үзүүлээд байна.

Хятад улсын түүхий газрын тосны импорт 2021 оны 8 дугаар сард өдөрт дунджаар 10.49 сая баррель байсан нь өмнөх буюу 7 дугаар сарын түвшнээс 8 хувиар өссөн болохыг Ройтерс агентлаг тооцоолон мэдээллээ. Гэсэн хэдий ч 2021 оны 8 дугаар сарын энэ үзүүлэлт нь өнгөрсөн 2020 оны мөн үеийн импортын дундаж хэмжээнээс доогуур байна. Энэ нь Хятадын бие даасан боловсруулах үйлдвэрүүдийн худалдан авалт буурсантай холбоотой бөгөөд 8 дугаар сард үйлдвэрлэлтийг өдөрт 4.3 сая баррель хүртэл бууруулсан нь сүүлийн нэг жилийн хугацаанд хамгийн доод үзүүлэлт болсон юм. Наймдугаар сарын өмнөх саруудтай харьцуулахад гарсан өсөлт нь импортын квот нэмэгдсэнтэй холбоотой байв.

Энэтхэг улсын хувьд Ковид-19 цар тахлын нөхцөл байдал нэн хүнд байсны дараа зуны улирлын дунд үеэс эхлэн импорт хурдацтай сэргэсэн байна. Ройтерс агентлагийн мэдээлснээр Энэтхэг улсад 2021 оны 7 дугаар сард 2020 оны мөн үетэй харьцуулахад жижиг суудлын автомашины борлуулалт 45 хувиар өссөн байна. Энэ нь иргэд хувийн халдвар хамгааллын дэглэмээ сахихын тулд нийтийн тээврээс татгалзаж, хувийн унаагаар зорчих болсныг харуулж байна. Энэ нь автобензиний эрэлт, хэрэгцээг ихээр нэмэгдүүлж байна.

Хятад, Энэтхэг улсуудад газрын тосны нийлүүлэлтээр тэргүүлэгч Саудын Араб Азийн худалдан авагчдын газрын тосны үнийг бууруулсан нь энэ сард ч бүс нутгийн эрэлт, хэрэгцээг өндөр байлгах болно.

АНУ ОХУ-ААС ХУДАЛДАН АВАХ ГАЗРЫН ТОСНЫ ХЭМЖЭЭ НЭМЭГДЛЭЭ

АНУ 9, 10 дугаар сард ОХУ-аас импортолдог газрын тосны хэмжээг нэмэгдүүлнэ гэж Bloomberg агентлаг мэдээлэв. АНУ-д “Айда”хар салхины улмаас Мексикийн булан дах газрын тосны олборлолтын 77 хувь зогссон хэвээр байгаа нь боловсруулах үйлдвэрүүдийн нийлүүлэлтийн хэмжээ дотоодын хэрэгцээг хангахгүйд хүрчээ.

Нийлүүлэлтийн хязгаарлагдмал байдал болон ОХУ-ын Urals төрлийн түүхий газрын тос АНУ-ын тус бүс нутагт олборлодог USA Mars төрлийн тостой чанарын хувьд төстэй шинж чанар ньэрэлтийг нэмэгдүүлж, Urals төрлийн тос сүүлийн 8 сарын хугацаанд хамгийн дээд үнээр арилжаалахад хүргэлээ.

АНУ-ын эрчим хүчний агентлагийн мэдээллээр АНУ 2021 оны 6 дугаар сард ОХУ-аас импортолсон түүхий газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн түүхэн дээд хэмжээнд хүрч,  өдөрт 848,000 баррель байсан юм. Ингэснээр АНУ-д эрэлт, хэрэгцээ нэмэгдсэн нь ОХУ газрын тосоо өндөр үнээр экспортод гаргахыг илүүд үзэж, бусад орнууд гэлтгүй дотооддоо хомстол үүсгэхэд хүргээд байна.

Эх сурвалж: УУХҮЯ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version