Малын дуудлага худалдааг анх удаа зохион байгууллаа
Малынхаа чанарыг сайжруулж, ашиг шимийг нэмэгдүүлэх зорилготой иргэн, аж ахуйн нэгжүүдэд зориулсан малын дуудлага худалдаа /2021.09.10/ Дархан-Уул аймгийн Хонгор суман дахь Малын удмын сангийн үндэсний төвийн цогцолборт боллоо. Дуудлага худалдаагаар Франц улсаас импортоор авч Монгол Улсад нутагшуулсан гойд ашиг шимт махны чиглэлийн Ангус, Лиммузин үүлдрийн үхэр, мах-ноосны чиглэлийн нарийн ноост Меринос, Суффольк, Романов, Бирешон үүлдрийн хонийг худалдан борлуулсан юм.
ХХААХҮЯ, түүний харьяа Малын удмын сангийн үндэсний төв, Хөдөө аж ахуйн бирж, Хөдөө аж ахуйг дэмжих сан хамтран малын дуудлага худалдааг анх удаа зохион байгуулж байгаа нь энэ.
Тус үйл ажиллагаанд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн оролцсон бөгөөд тэрээр “Малын үүлдэр угсааг сайжруулах, гойд ашиг шимт малыг импортолж монгол оронд нутагшуулах ажил сүүлийн 8 жил идэвхтэй явагдаж байна. Энэ хугацаанд ХХААХҮЯ-наас 17.5 тэрбум төгрөгийг малын үүлдэр угсааг сайжруулах чиглэлд улсын төсвөөс зарцуулсан байна. Дотоодын аж ахуйн нэгжүүд ч мөн өнгөрсөн 5 жилийн хугацаанд 20 гаруй тэрбум төгрөгөөр импортоор цэвэр үүлдрийн гойд ашиг шимт малыг авсан.
Сүүлийн үед малынхаа үүлдэрлэг, таваарлаг байдлыг сайжруулах чиглэлд аж ахуйн нэгж, иргэн, малчин гээд бүгд анхаарч байна. Өнөөдөр дуудлага худалгаагаар арилжих үхрүүдийг 2012 онд Францаас оруулж ирсэн, цэврээр нь өсгөж Монголд нутагшуулан үржүүлж байгаа. Хонины хувьд 2017 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Франц улсаас импортоор авч Монголд нутагшуулсан. Анхны дуудлага худалдаа гэдгээрээ алдаа оноо, ололт амжилт аль аль нь байгаа байх. Дараа дараадаа алдаагаа засч сайжруулж, бусад ололтуудаа нэмэгдүүлж уламжлал болгон зохион байгуулна.” гэсэн юм.
ХХААХҮЯ-ны Малын генетик нөөцийн хэлтсийн дарга Д.Батсүрэн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, малын чанар, ашиг шимийг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа бодлогын талаарх мэдээллийг хүргэлээ. Тодруулбал “Салбар яам мал аж ахуйг эрчимжүүлэн хөгжүүлэх, малыг тооноос чанарт шилжүүлэх бодлогыг нэлээн эрчимтэйгээр, далайцтайгаар авч хэрэгжүүлж байгаа.
Бид мал аж ахуйг хоёр төрлөөр эрчимжүүлж, малынхаа чанар, үүлдэр угсааг сайжруулж явна. Монгол Улсын эдийн засгийн голлох салбар болсон уламжлалт болон эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлж явна. Дэлхийд гайхагддаг монгол малынхаа чанарыг уламжлалт хэвээр нь хадгалан хамгаалж, олон улсад таниулж явна. Дараа нь бид газар тариалан, төвийн бүс орчимд эрчимжсэн мал аж ахуйг төрөлжүүлэн хөгжүүлнэ. Мах, сүүний чиглэлийн эрчимжсэн аж ахуйг малын үүлдэр болгон дээр нь төрөлжүүлэн үржүүлж, бодлогын хүрээнд, хууль эрх зүйн хувьд, санхүү хөрөнгө оруулалт гэсэн 3 төрлөөр дэмжих бодлоготой байна.
Мах, сүүний чиглэлийн үхэр, махны чиглэлийн хонины аж ахуйг бодлогын хувьд дэмжихдээ өндөр ашиг шимтэй, Монгол Улсад нутагшин үржих боломжтой малыг импортлон цэврээр нь үржүүлэх, цөм сүргийн болоод цэвэр чигээр нь ашиглаж байгаа аж ахуйн нэгжүүдийг татварын хөнгөлөлтийн бодлогоор дэмжих гэсэн томоохон алхмуудыг хийж ажиллана. Дээрээс нь гахай, шувууны аж ахуйг дэмжинэ. Хуурай сүүний импортыг аль болох тэглэх чиглэлд анхаарлаа хандуулж ажиллана гэх зэргээр 2025 он хүртэл үе шаттайгаар дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ” гэсэн юм.
Дуудлага худалдааны тухай мэдээллийг цахим сүлжээ, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр авсан иргэд, аж ахуйн нэгжүүд сонирхож, орон нутгаас оролцох хүсэлтэй хүмүүс их байгаа тул цаашид энэ үйл ажиллагааг цахим хэлбэрээр, олон улсын жишигт нийцүүлэн, тодорхой дүрэм журмын хүрээнд зохион байгуулж, уламжлал болгоход анхаарч ажиллах юм байна. Мөн эрчимжсэн мал ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгжүүд, төрийн бус байгууллагууд, орон нутгийн удирдлагуудтай хамтран ажиллахад нээлттэй байгаагаа Малын удмын сангийн үндэсний төвийн захирал П.Ганхуяг онцоллоо.
Энэхүү үйл ажиллагаанд Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Хэнтий зэрэг аймгаас 50 орчим аж ахуйн нэгж, иргэн хүрэлцэн ирж, малынхаа үүлдэрлэг, таваарлаг байдлыг сайжруулах чиглэлд хэрэгтэй мэдээлэл авлаа. Мөн дуудлага худалдаанд оролцохоор 9 иргэн, аж ахуйн нэгж бүртгүүлж, нийт 3 үхэр, 1 хонь борлуулсан бөгөөд худалдан авсан иргэдийн сэтгэгдлийг нь сонссон юм.
Дархан-Уул аймагт эрчимжсэн мал аж ахуйг 3 дахь жилдээ эрхэлж буй Н.Батбаяр дуудлага худалдаагаар Лиммузин үүлдрийн 24 сарын настай улаан бух худалдан авсан. Тэрээр 48 үнээтэй бөгөөд аж ахуйгаа хөгжүүлж, малынхаа үүлдрийг сайжруулах зорилгоор тус үхрийг худалдан авсандаа баяртай байна гэсэн юм.
Харин мах, ноосны чиглэлийн хонины аж ахуй эрхэлдэг Л.Пүрэвсүрэн Лиммузин үүлдрийн сайхан гунж авлаа хэмээсэн бол Хэнтий аймгийн Норовлин сумын иргэн н.Энхбаатар эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхлэхээр зорьж дуудлага худалдаанд хүрэлцэн иржээ. Тэрээр өөрийн хайж байсан Суффольк үүлдрийн хонь худалдан авсандаа сэтгэл хангалуун байгаагаа хэллээ.
Ийнхүү Дархан-Уул аймаг дахь Малын удмын сангийн үндэсний төвийн цогцолборт болсон гойд ашиг шимт малын үзэсгэлэн, дуудлага худалдаа амжилттай болж, хүрэлцэн ирсэн зочдод тус цогцолборын үйл ажиллагааг танилцуулснаар арга хэмжээ өндөрлөлөө.