Техник, зохион байгуулалтын ажил хийгдэв
Авто тээврийн цехийнхэн наймдугаар сарын уулын цул тээвэрлэлтийн төлөвлөгөөг 101,8 хувиар, хүдэр болон хөрс тээвэрлэлтийг 100-103 хувиар тус тус давуулан биелүүллээ.
Технологийн тээврийн насжилт өндөртэй, гүйлтийн нөөц дуусаж буй БелАЗ-75131 загварын Өөрөө буулгагч автомашины хүч дамжуулах болон явах эд ангиудын эвдрэл ихэссэн нь өнгөрсөн сарын эхний 17 хоногт уулын цул тээвэрлэх төлөвлөгөөт даалгаврыг 44,3 мянган м3-ын алдагдалтай ажиллахад хүргэсэн байна.
Гэвч цехийн удирдах болон гүйцэтгэх ажилтнууд автомашины эвдрэлийн шалтгааныг тогтоон, ажлын хэсэг байгуулан 12 цагийн жижүүр гарган ажилласнаар ээлжийн ажлын тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэсэн аж.
Мөн уулын цул тээвэрлэлтийн алдагдлыг нөхөх зорилгоор нэг ээлжид 4-5 БелАЗ-75473 загварын өөрөө буулгагч автомашинаар хөрс тээвэрлэлтэд хүч нэмэгдүүлэн ажиллаж байна. Түүнчлэн тэсэлгээний ажил явагдах үеэр хүн ба техникт аюултай бүсийн гадна байрлах экскаваторуудаар хөрс тээвэрлэх ажлыг явуулж байгаа бөгөөд хөрс тээвэрлэлтийн автомашинуудыг явуулын шатахуунаар цэнэглэн ажилласнаар автомашинуудын сул явалт буурч шугамд ажиллах бүтээлч цаг нэмэгджээ.
Мөн Засвар механикийн заводод БелАЗ-75131 загварын автомашины хүч дамжуулах шаардлагатай эд ангийн сэлбэг хэрэгслийг цаг алдалгүй хийлгэн ажилласан байна. Эдгээр ажлыг зохион байгуулснаар наймдугаар сарын сүүлийн 14 хоногт уулын цул тээвэрлэлтийн төлөвлөгөөт даалгаврыг давуулан биелүүлжээ.
Энэ мэтчилэн техник, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилласны үр дүнд есдүгээр сарын эхний 7 хоногийн байдлаар уулын цул тээвэрлэлтийг 104,66 хувиар, хүдэр тээвэрлэлтийг 101,79 хувиар, хөрс тээвэрлэлтийг 103,05 хувиар тус тус давуулан биелүүлээд байна.
Т.Батчулуун