ОнцлохНийслэл

“Өнтэй өвөлжье” өдөрлөгийг зохион байгуулж байна

Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт тусгасан зорилтыг хэрэгжүүлэх, 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах, агаарын бохирдлыг бууруулах талаар төрөөс хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ, байгальд ээлтэй дэвшилтэт техник технологийг иргэдэд танилцуулах зорилгоор нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас “Өнтэй өвөлжье” өдөрлөгийг зохион байгуулж байна.
Өдөрлөгт төр, хувийн хэвшлийн 30 гаруй аж ахуй нэгж оролцож байгаа юм.

Улаанбаатар хотод 411.420 айл өрх амьдардгаас 55 хувь нь буюу 226.281 өрх гэр хорооллын бүсэд амьдардаг. Гэр хорооллын айл өрхүүдийн 94 хувь нь ердийн галлагаатай бол 10.339 өрх нам даралтын зуух, 4.238 өрх цахилгаан халаагуураар дулаанаа шийдсэн байдаг аж.

Тэгвэл уг өдөрлөгт оролцсоноор “Улаанбаатар хотын цэвэр агаар” нэмэлт санхүүжилтийн төслөөс хэрэгжүүлж буй “Дулаалга аян”-д хамрагдах боломжтой. Ийнхүү байшин сууцаа дулаалснаар түлшний зардлаа 50 хүртэлх хувиар хэмнэх, дотоод агаарын чанар сайжрах зэрэг олон давуу талтайг тус төслийн зохицуулагч Н.Баяртогтох хэлж байна.

Мөн Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах, гэр хорооллын иргэдийг орон сууцжуулахаар нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газраас 17 байршил, 37 хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд 2013-2021 онд нийт 10740 айлын орон сууцыг ашиглалтад оруулжээ.

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн “Өнтэй өвөлжье өдөрлөг” маш олон талын ач холбогдолтой. Тухайлбал, иргэдэд өвөлжилтийн бэлтгэлийг хэрхэн хангах тухай мэдээлэл, сурталчилгаа хүргэх, өрхийн хэрэглээний дулааныг цахилгаанаар орлуулан, агаарын бохирдлын эсрэг технологийн шийдлүүдийг санал болгохын сацуу төрийн үйлчилгээг газар дээрээс нь үзүүлэх боломжтой юм. Жишээлбэл, НҮБ-ын  хүүхдийн сан, Дэлхийн банкны “Цэвэр агаар” зэрэг төслийн хүрээнд хэрэгжүүлж буй гэрийн дулаалгын төсөлд хамрагдах иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөн, гэрээ байгуулж байна.  Түүнчлэн манай байгууллага иргэдээс өргөдөл, гомдол хүлээн авах цэг байгуулсан. Зарим өргөдөл, гомдлыг газар дээр нь шийдвэрлэхээр ажиллаж байна” хэмээн ярьж байлаа.

Тус өдөрлөгт орчны агаарын чанарын явуулын хэмжилтийн станцыг байрлуулан, дизель болон цахилгаан хөдөлгүүрт автобуснаас ялгарч буй тоосонцор, азотын хүчил, хүхэр зэрэгт хэмжилт хийн үзүүлж байлаа. Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас Монгол Улсад ганц байдаг явуулын станцаар тогтмол хэмжилт хийдэг. Тухайлбал, хөл хорионы үед болоод хэвийн хөдөлгөөний үед хэмжилт хийхэд тээврийн хэрэгслээс ялгарах тоосонцор, хүхрийн хэмжээ 4.8 дахин зөрүүтэй байсан талаар Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн М.Отгонбаяр танилцуулж байв.

Тэрбээр үргэлжлүүлэн Нийслэлийн агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөөд хандан “Дизель хөдөлгүүрт автобусыг дахин дизель хөдөлгүүрт автобусаар солиод ямар ч нэмэргүй. Бүх автобусыг цахилгаан хөдөлгүүрт болгон парк шинэчлэлт хийх хэрэгтэй. Ингэснээр ялгарч буй хорт бодисын хэмжээ буурах, тээврийн хэрэгслийн утаа, бохирдлоос үүдэлтэй иргэдийн стресс, бухимдал багасах болно. Тиймээс нийслэлийн удирдлагууд парк шинэчлэлт хийхдээ аль болох цахилгаан хөдөлгүүрт автобусыг сонгоорой” гэлээ.

“Өнтэй өвөлжье” өдөрлөг өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжлэх бөгөөд ирсэн иргэд түлш хэрэглэхгүйгээр дулаан өвөлжих боломжтой технологийн шийдлүүдийг сонирхох, гэрийн дулаалгын хөнгөлөлттэй төсөлд хамрагдах, “Сайн” сайжруулсан түлшний карт болоод угаарын хийн мэдрэгчээ шинээр захиалахаар ирсэн байлаа. Иргэд “Өнтэй өвөлжье” өдөрлөгийг цаг үеэ мэдэрсэн, чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болж байгааг онцлоод, цаашид энэ төрлийн өдөрлөгийг тогтмол зохион байгуулах, дүүрэг бүрд хийж, иргэдэд илүү ойртон ажиллахыг зөвлөж байв.



Өдөрлөгийн нээлтийн үеэр нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Агаар, орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө  “Түүхий нүүрснээс татгалзаж, сайжруулсан түлшийг айл өрхийн хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын бохирдлыг 50 хувиар бууруулж чадсан. Цаашид энэ үр дүнгээ бататгаж, 80 хувиар бууруулах зорилт тавин, бэлтгэл ажлыг хангаж байна. Агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоо ч чухал юм” гэлээ.    

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version