Ш.Даваахүү: Уурхайчид III тундаа идэвхитэй хамрагдаж байна
Цар тахлын тархалт буурахгүй, хувиран өөрчлөгдөж хурдацтай халдварласаар байгаа энэ үед Эрдэнэт үйлдвэр ажилтнуудынхаа дархлааг сэргээж, хамгаалах зорилгоор 3 дахь тунгийн вакцинжуулалтыг энэ сарын 9-ний өдрөөс эхлэн, зохион байгуулж байна. Хоёр дахь өдрөө үргэлжилж буй вакцинжуулалтын явц, зохион байгуулалт, онцлогийн талаар Вакцинжуулалтын дэд ажлын хэсгийн ахлагч Ш.Даваахүүгээс тодрууллаа.
-Эрдэнэт үйлдвэрийн ажилтнууд 3 дахь тунгийн вакцинжуулалтад хамрагдаж байна. Хоёр өдрийн явц ямар байна, уурхайчдын идэвх оролцоо хэр байна вэ?
-Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудыг вакцины 3 дахь тунд хамруулах үйл ажиллагаа амжилттай үргэлжилж байна. Энэ удаагийн вакцинжуулах ажлыг бид өмнөх 1,2 дахь тунгийн тарилгын үйл явцад үнэлэлт дүгнэлт, судалгаа шинжилгээ хийж, зохион байгуулалтын хэд хэдэн өөрчлөлт хийсний үр дүнд богино хугацаанд, олон ажилтныг хамруулах боломжтой болсон. Вакцинжуулалтын эхний өдөр буюу 9 дүгээр сарын 9-нд 3 дахь тунгийн хамруулалтын төлөвлөгөө 116 хувиар биеллээ. Харин өнөөдөр 1981 ажилтныг 3 дахь тунд хамруулахаар төлөвлөсөн. Өглөөний 10 цагийн байдлаар, 412 ажилтан буюу 20 хувь нь вакцинаа хийлгээд байна. Түүнчлэн энэ төлөвлөсөн дүнг нэмэгдүүлэх чиглэлтэй ажиллаж байгаа. Вакцинжуулалтын үйл ажиллагаанд үйлдвэрийн бүтцийн цех нэгжүүдийн удирдлага, мэргэжилтнүүд анхаарал хандуулж, ажилтнуудаа бүрэн хамруулахад нягт хамтарч ажиллаж байгаа нь бидний ажилд дэм тустай байна. Ажилтнуудад 3 дахь тун хийлгэсний дараах хүндрэл, ямар нэг сөрөг нөлөөлөл харьцангуй бага байгаа. Эхний өдөр Засвар механикийн заводын тарилгын байранд нэг ажилтны биеийн байдалд бага зэргийн өөрчлөлт өгснийг манай эмнэлэг сувиллын эмч мэргэжилтнүүд шуурхай арга хэмжээ авч, анхны тусламж үзүүлснээр тухайн ажилтны биеийн байдал хэвийн болсон. Үүнээс өөрөөр ямар нэгэн гаж нөлөө илрээгүй, вакцинжуулалт хэвийн үргэлжилж байна.
-Вакцинжуулалтын зохион байгуулалтыг өөрчилсөн гэж ярианы эхэнд та хэллээ. Тухайлбал, ямар онцлог өөрчлөлт хийсэн бэ?
-Бид энэ удаа хоёр томоохон зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн. Нэгдүгээрт, вакцинжуулалт хийх өртөөг нэмэгдүүллээ. Өмнө нь бид 5-6 өртөө гаргаж байсан бол энэ удаа 13 өртөө буюу нэг зэрэг 13 ажилтныг хүлээн авч, 3 дахь тунг тарьж байна. Мөн өмнөх вакцинжуулалтыг зөвхөн нэг газар буюу Хангарьд паласт төвлөрүүлж байсныг өөрчилсөн. Өөрөөр хэлбэл, үйлдвэрийн бүсэд Ерөнхий захиргааны 1 дүгээр байр, Засвар механикийн завод, Дулааны цахилгаан станц дээр 3 шинэ цэг нээж, зохион байгуулж байна. Ингэснээр өдөрт хүлээх авах хүчин чадлаа 2.3 дахин нэмэгдүүлж, бүх ажилтнуудаа богино хугацаанд хамруулж дуусгах боломж бүрдлээ. Вакцинжуулалтын 3 дахь тунгийн тарилгын үйл ажиллагааг 9 дүгээр сарын 12-ныг дуустал дөрвөн өдөр үргэлжлүүлж, дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
-Зохион байгуулалтын арын албанд ямар баг бүрэлдэхүүн ажиллаж байна вэ?
-Спорт ордон дахь цэгт гэхэд эмнэлгийн болон арын зохион байгуулалтын гээд нийт 56 хүн ажиллаж байна. Харин 3 дахь тунгийн вакцинжуулалтын үйл ажиллагааг зохион байгуулах ажилд Эрдэнэт үйлдвэрийн Эмнэлэг сувиллын цогцолбор, Орхон аймгийн Эрүүл мэндийн газар, Өрхийн эмнэлгийн эмч мэргэжилтнүүд болон үйлдвэрийн бүтцийн цех нэгжийн ажилтнуудаас бүрдсэн нийт 100 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож байна. Эхний хоёр өдрийн явцаас харахад, манай уурхайчид 3 дахь тундаа идэвхтэй хамрагдаж, бидэнтэй хамтран ажиллаж байгаад талархаж байна.
М.Балжинням
Фото Б.Баттөгс