Ерөнхий сайд Олон Улсын эдийн засгийн чуулганд оролцлоо
“Дэлхийн эдийн засгийн шинэ тэнцвэрийн эрэлд” уриан дор 21 дэх жилдээ зохион байгуулагдсан тус чуулга уулзалтад Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үг хэлсэн нь Монгол Улсын хувьд анх удаагаа байр сууриа илэрхийлсэн үйл явдал боллоо. Өмнө нь тус чуулга уулзалтад манай улсын Засгийн газрын тэргүүнүүд зочны статустай оролцдог байсан бол энэ удаад 66 улсын 6000 гаруй төлөөлөгчдөд хандан үг хэлж, Монгол Улсын үүд хаалга хөрөнгө оруулагчийн өмнө нээлттэй байгааг зарласан.
Монгол, Орос, Хятад гурван улсыг холбосон эдийн засгийн коридор байгуулахад дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулагч эрэлттэй байгааг онцолсон нь түнш хайж буй хөрөнгө оруулагч нарт шинэ мэдээлэл болсон.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Петебургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохын зэрэгцээ уг чуулга уулзалтад хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд, Бүгд Найрамдах Серби улсын Ерөнхий сайд, ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга, Засгийн газрын сайд нар, Москва хотын Амбан захирагч, Монгол Улстай хил залгаа ОХУ-ын мужийн тэргүүнүүдтэй албан уулзалт хийж, хоёр орны харилцаа хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцов.