НийслэлFocus

70 мянга гаруй ажлын байр шинээр бий болгох төвийг нээлээ

Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид бизнесээ бойжуулах, үйл ажиллагаагаа тогтвортой эрхлэх, цаашлаад санхүү татвар, маркетинг, төсөл хөтөлбөрийн талаарх анхан, дунд шатны зөвлөгөө болон төрийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой “Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн хөгжлийн төв”-ийг нийслэлд анх удаа нээлээ.

Монгол Улсад жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ /ЖДҮҮ/ эрхлэгч 62 мянга гаруй нэгж бүртгэлтэй байдгийн 67 хувь нь нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байна. Тодруулбал, нийслэлийн хөдөлмөрийн насны нийт хүн амын 70 хувь нь уг салбарт ажилладаг гэсэн үг.



Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих, нийслэлийн иргэдийг ажил, орлоготой байлгах замаар хот, улсын эдийн засгийн чадавхыг сайжруулах хүрээнд Нийслэлийн ИТХ-аас Чингэлтэй дүүргийн XVIII хороо, Сэлбэ дэд төвд “Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн хөгжлийн төв”-ийг байгуулахаар шийдвэрлэсэн байдаг.

Тус төвийг өнөөдөр нээж, нээлтэд Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг даргын хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн, “Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Хот төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн Арнуэлд Хекман, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл болон ЖДҮҮ эрхлэгчийн төлөөллүүд оролцлоо.

Тус төвийг нээснээр 70 мянга гаруй ажлын байр шинээр бий болж, ЖДҮҮ эрхлэгчдийн ажил хадгалагдан үлдэх, үйл ажиллагаа нь тогтворжих ач холбогдолтой юм.

Ж.БАТБАЯСГАЛАН: Нийслэл хот ЖДҮҮ эрхлэгчдээ бүх талаар дэмжинэ



“Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн хөгжлийн төв”-ийг нээж Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Монгол Улсыг хөгжүүлэх урт хугацааны бодлого, Нийслэлийг хөгжүүлэх хэтийн төлөв, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт хэт төвлөрлийг сааруулах, гэр хорооллыг хөгжүүлж, дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар иргэдийн амьдрах нөхцөл, өрхийн эдийн засгийг сайжруулахаар тусгасан.

Энэ хүрээнд УИХ, Засгийн газар, Нийслэлийн ИТХ, ЗДТГ-аас Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банктай хамтран гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл хэрэгжүүлж байна. Улаанбаатар  хотын гэр хорооллыг хөгжүүлэхийн тулд иргэдийг тогтмол орлоготой болгох ёстой юм.

Энэ хүрээнд өнөөдөр Сэлбэ дэд төвд ЖДҮҮ эрхлэгчдийг дэмжих, уг салбарт шинэ бизнес эрхлэгчдийг оруулж, ажлын байр нэмэгдүүлэх хөгжлийн төвийг нээж байна. Энэ бол зөвхөн эхлэл нь юм. Өнөөдөр нийслэлд Монгол Улсын нийт хүн амын 50 хувь амьдарч, хөдөлмөрийн насны хүн амын 70 гаруй хувь ЖДҮҮ эрхэлж байна. Үүнээс үзэхэд ЖДҮҮ нь нийслэлийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл болсон гэж ойлгож болно.

Тиймээс зах зээлийг нь дэмжиж, үйл ажиллагааг нь тогтвортой болгох зорилтыг бид тавьдаг юм. Энэ ажлыг төр дангаараа хийх нь учир дутагдалтай. Тиймээс төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд эрчимжүүлнэ. Цар тахлын улмаас үүдэлтэй эдийн засгийн хямрал ЖДҮҮ эрхлэгчдэд хүндээр туссан.

Энэ хүндрэл Монголын эдийн засагт ч нөлөөлж буй. Тэгэхээр ЖДҮҮ-г дэмжих нь цар тахлын эсрэг авч буй эрүүл мэдээ хамгаалж, эдийн засгаа тогтворжуулах бодлогын амин хэсэг нь гэсэн үг. Нийслэл хот ЖДҮҮ эрхлэгчдээ бүх талаар дэмжинэ” гэсэн юм.

ЖДҮҮ эрхлэгчид тус төвд хандан бүх асуудлаа шийдүүлэх боломжтой гэдгийг “Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн нээлтийн арга хэмжээний үеэр онцоллоо. Тодруулбал, тус төвийн хамт ЖДҮҮ эрхлэгчдийг гадаадын төсөл хөтөлбөрт хамруулах, инновацын шийдэл олгох гээд олон үйл ажиллагаагаараа Монгол Улсад анхдагч нь болж буй юм.

Тэрээр “Тус төв төр, хувийн хэвшлийн түншлэлийн шинэ шатны харилцааны үлгэр жишээ болно. ЖДҮҮ эрхлэгчид улсын эдийн засгийн гол ачааг үүрч байгаа гэдгийг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан тодорхой хэллээ. Тиймээс манай төв эхний 15 аж ахуйн нэгжид өрөө гаргаж, тэдэнтэй хамтран бусад ЖДҮҮ эрхчлэгчдээ дэмжихэд хамтран ажиллахаар болсон” гэв.

Энэ талаар “Монголын гоо сайхны бүтээгдэхүүний кластер” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга н.Батцэцэг “Монголын гоо сайхны бүтээгдэхүүний салбар 30 жилийн түүхтэй залуу салбар. Манай байгууллага энэ төвд байрлан үйл ажиллагаа явуулах болсон. Энэ нь зөвхөн нэг холбоог биш, түүний ард байгаа 15 байгууллагын ажлыг дэмжиж буй ач холбогдолтой.

Өнгөрсөн 3 жилийн хугацаанд бидний үйл ажиллагааг бойжуулсны үр дүнд бид дотооддоо үйлдвэрлэсэн, 100 хувь байгалийн гаралтай 20 гаруй бүтээгдэхүүнийг судалгаа, шинжилгээнд хамруулж, Европын холбооны улс руу экспортлоход бэлэн болсон. Цаашид бид хамтын брэндийг бүтээж, хамтын үйлдвэрээр ЖДҮҮ эрхчлэгчдээ дэмжих том зорилго тавьсан. Уг зорилгоо биелүүлэхэд өнөөдөр нээж буй төв ихээхэн дэмжлэг болно” гэсэн юм.

АРНУЭЛД ХЕКМАН: ЖДҮҮ эрхлэгчдийн хөгжлийн төвийг гэр хороолол дунд байгуулж буй нь хамгийн оновчтой шийдэл

Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банкны дэмжлэгээр Улаанбаатар хотыг нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх төслийг хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд байгуулж буй Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалт дууссан. Харин Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтыг энэ онд багтаан дуусгах товтой. Нийслэлийн удирдлага гэр хорооллыг хөгжүүлэх, дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэхдээ дан ганц зам, барилга барих бус, нийгмийн дэд бүтцийн асуудлыг хамтад нь шийдэж байгаа юм.

Тухайлбал, дэд төвүүдэд бизнес инкубатор төвүүдийг байгуулж, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байгаа гээд дурдаж болно. Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар “Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалтын хүрээнд төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулахад илүү анхаарсан бол Сэлбэ дэд төвийн хүрээнд ЖДҮҮ-г дэмжихэд илүү анхаарч байна. Хамтын ажиллагааны хүрээнд ЖДҮҮ эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, цар тахлын үед ажлын байраа хадгалж үлдсэн ААН-үүдийг дэмжих гээд олон арга хэмжээ хэрэгжүүлж байна” гэсэн юм.

Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Хот төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн Арнуэлд Хекман тус санаачилгыг олон улсад хэрэгжүүлж буй оновчтой шийдэл гэдгийг хэллээ. Тэрээр “ЖДҮҮ-г дэмжих төвийг гэр хорооллын бүсэд байгуулах нь хамгийн оновчтой шийдэл юм.

Уг санаачилга, ажил нь ирээдүйд хөгжлийн тулгуур болно. Бидэнд энэ чиглэлээр нийслэлийн удирдлагатай хамтран хэрэгжүүлэх шинэ санаачилга олон бий. Тухайлбал, “Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн хөгжлийн төв”-ийг байгуулахаас гадна ЖДҮҮ эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх төслийг давхар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн” гэлээ.


Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version