Урлаг спортНийслэл

Урлагийн үнэ цэнэ

Монголын Урлагийн Зөвлөлийн 15 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн тайзны голын дэлгэцнээ энэ асуулт гарч ирэв. Энгийн хэрнээ энэ их чухал асуулт. Тийм ч учраас манай урлагийн чухал байгууллагын нэг болсон тэд ойн арга хэмжээгээ “Урлагийн үнэ цэнэ” нэрийн дор явуулсан болов уу. Хэлэлцүүлэгт оролцогчид болоод ирсэн зочид дор бүрнээ өөр өөрийн оюунаар тунгаасан нь лав. Гэхдээ урлаг үгүй нийгэм сүнс нь алга болсон биеэс ялгаагүй гэдэгт бүгд санал нэг байсан гэж бодож байна.

Урлагийн үнэ цэнийг бид олон талаас нь харж болно. Жишээ нь Америкийн соёл урлагийн салбар нийт 730 тэрбум ам. доллар буюу Америкийн ДНБ-ний 4.2%-ийг бүрдүүлдэг аж. Энэ бол зам тээвэр, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбараас давсан үзүүлэлт бөгөөд Америкийн хөдөлмөрийн зах зээлд 4.8 сая ажлын байрыг бий болгосон байна. Урлаг хүний өдөр тутмын амьдралыг хөглөж, өнгө нэмж байдгийн хувьд энэ бол бага тоо биш. Ази номхон далай орны соёл урлагийн бүтээлч үйлдвэрлэлийн салбар жилд 743 тэрбум ам. долларын орлогыг бүрдүүлж, 12.7 сая ажлын байр бий болгожээ.

Энэтхэгийн соёл урлагийн салбарыг кино урлаг нь түчээлдэг бол Австрали тайз дэлгэцийн урлаг, Япон уран барилга, Хятад кино театр, Өмнөд Солонгос хөгжим, телевизийн салбараа дагадаг. Харин Монголын хувьд урлагийн бүхий л төрөл нэгэн зэрэг хөгжиж байгааг бид харж байгаа. Монголд улсад соёл урлагийн нийт 831 байгууллага үйл ажиллагаагаа явуулж, 6813 хүн ажиллаж, улсын хэмжээнд ажиллах хүчний 0,61%- ийг ажлын байраар хангадаг бөгөөд соёл урлагийн бүтээлч үйлдвэрлэлийн салбар нь ДНБ-ний 0,4%-ийг бүрдүүлдэг гэсэн статистик бий. Энэ тоо жил ирэх бүр өсч буй нь сайн мэдээ. Нэг жилд соёл урлагийн байгууллагаар үйлчлүүлж байгаа хүний тоо давхардсан тоогоор 8.6 сая гэдэг нь хүн амынхаа тоотой харьцуулбал өндөр үзүүлэлт.

Урлаг бол тухайн нийгэм, улс гүрний сэтгэл хөдлөл, зан араншин хэмээх баригдахгүй ч мэдрэгдээд байдаг тэр зүйл байх туйлын магадлалтай. Бид хүнийг гаднаас нь хараад тодорхой, өнгөц хэмжээний дүгнэлт гаргаж чадах боловч энэ сайн хүн үү, муу хүн үү, энэ хүн ямархуу ааш араншинтай, юунд догдолж, юунд уурлаж, юуг хайрлан таашаадаг болохыг мэдэх хэцүү. Үүнтэй адилаар Улаанбаатарт дөнгөж буусан гадны хүн энэ хэдэн байшин, зам талбай, үүгээр холхих хүмүүсийг хараад хотын дотоод уур амьсгалыг нь бүрэн таних боломж бага.

Тэр танигдахгүйг харин урлагаар дамжуулан мэдье гэвэл арай дөт, дөмөг байх болов уу. Энэхүү уур амьсгал, сэтгэл хөдлөлийг олон талтай, тод томруун, далайцтай, бас нээлттэй болгоход Монгол Урлагийн  Зөвлөлийн хувь нэмэр асар их байсныг, бас байгааг бидэнд дараах хэдэн тоо баримт бэлхнээ нотолно. Гэхдээ үүнээс урьтаад та “Хариуцлагатай, Бүтээлч, Олон талт хамтын ажиллагаа” гэсэн гурван ойлголтыг санаад аваарай.

2016 оны арванхоёрдугаар сарын байдлаар Монголын Урлагийн Зөвлөл 6.2 гаруй сая ам. долларын санхүүжилтийг бүрдүүлж, Монголын соёл урлагийн хөгжилд хөрөнгө оруулсан байна. Эдийн засгийн хувьд тийм ч амаргүй, бэрх он жилүүдийг туулсантай харьцуулахад энэ их тоо. Түүгээр ч үл барам энэ тооны ар дахь утгууд бүр илүү. Дээрх санхүүжилтийг бий болгоход тэд 582 төсөл санаачлан хэрэгжүүлж, 847 ивээн тэтгэгч санхүүжүүлэгчтэй хамтран ажиллаж, 1072 ажлын байрыг бий болгон, 448.000 ам долларын албан татварыг нийгмийн хариуцлагын хүрээнд улсад тушаасан байна. Урлаг хариуцлагатай байх ёстой, мэдээж бас бүтээлч.

Монголын Урлагийн Зөвлөл соёл урлагийн байгууллага уран бүтээлчид болон бусад салбарын мэргэжилтнүүдийг дэмжиж нийт 5183 уран бүтээлч ба соёлын өв тээгчид, 1163 урлагийн менежерийг төсөл хөтөлбөрт хамруулж, уран бүтээл ба мэргэжлийн сургалтаар дамжуулан, тэдгээрийн ур чадавхийг дээшлүүлжээ. Мөн үндэсний болон олон улсын тэтгэлгийг 373 залуу авьяаслаг уран бүтээлчдэд олгон, сургалт хөтөлбөрт 1207 багш, 7488 хүүхэд залуучуудыг хамруулж, нийтдээ давхардсан тоогоор 4,966,610 үзэгч, сонсогчдод хүрч ажилласан байна. “Урлаг бол хүний мөн чанар руу орсон зүйл. Үүний үндсэн дээр хүмүүст сайн, муугийн баримжаа үүсдэг” хэмээн зохиолч, яруу найрагч Г.Аюурзана хэлэлцүүлгийн үеэр хэлсэн. Тэд өнгөрсөн хугацаанд өдий олон хүний “мөн чанар руу” нь орж чаджээ.

Хүний амьдрал хязгаартай, харин урлаг мөнх. Гэхдээ тэрхүү мөнхрөх урлагийг мөнх биш хүмүүс, уран бүтээлчид урлан үлдээдэг. Бид цаг хугацаагаар өртөөлөн үеэс үед үлдээн, буухиалдаг буюу. Энэ орон зай, цаг хугацааны буухиа дунд Монгол Урлагийн Зөвлөлийн хийсэн бүтээсэн их. Монголын урлагийг дэлхийд, дэлхийн урлагийг Монголтой холбох гүүр нь болохын хувьд олон улсын соёлын солилцооны хүрээнд монгол уран бүтээлчдийг олон улсын урлагийн наадам, аялан тоглолт, үзэсгэлэн, урт болон богино хугацааны сургалт, туршлага солилцох хөтөлбөрт оролцуулж, гадаадаас олон орны уран бүтээлчдийг Монголд урьж авчрах зэргээр нийт 455 хүнийг олон улсын төсөл хөтөлбөрт хамруулсан байна.

Энэхүү хамтын ажиллагаагаар дамжуулан 158 олон улсын хамтрагч, 135 олон улсын хандивлагчдыг бий болгож, дотоодын 554 хамтрагч байгууллага, 98 хандивлагч байгууллагатай хамтран Монголын соёл урлагийн хөгжилд хувь нэмэр оруулжээ.

Дээрх тоо баримтууд болоод урлагийн тухай өөрсдийн үзэл бодлоо солилцон ойн арга хэмжээг өнгөрүүлэхдээ ирсэн зочид болоод хэлэлцүүлэгт оролцогчид өөр хоорондоо олон чухал сэдвээр ярилцсан. Техник, технологи бидний амьдралыг товчлон товчилсоор ихэнх ажлын байрыг булааж байгаа мэдээ ч энд дурдагдав. Тэгэхэд гагцхүү сэтгэл, тархи, зүрх сэтгэлийн нийлэмжээс бүрэлддэгийн хувьд урлаг л хүн төрөлхтний бүтээж чадах цөөн хэдэн зүйлсийн нэг байх болно. Урлагийн үнэ цэнэ энд л оршино.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version