“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл”-ийг хэлэлцэв
Монголбанк “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийн талаар эхний хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн үеэр “Эдийн засгийн хүртээмжтэй өсөлт”, “Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой ногоон санхүүжилт” сэдвээр Монголбанк, ҮХГ, ХХААХҮЯ, Дэлхийн банк, ОУСК, ТоС холбоо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс судалгааны ажлуудаа танилцуулав. Энэ үеэр оролцогчид хамтын ажиллагааг өрнүүлэх, асуудлыг шийдэх талаар санал солилцлоо.
Дэлхий нийтэд тулгамдаад буй орлогын тэгш бус байдал, амьдралын чанар, уур амьсгалын өөрчлөлт нь дунд, урт хугацааны эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөргөөр нөлөөлж байгаа тул цаг алдалгүй арга хэмжээ авах, урт хугацааны үр дүнд чиглэсэн бодлого, стратеги боловсруулж, хэрэгжүүлэх нь чухал гэж дүгнэсэн байна.
Бодит үр дүнд хүрэхийн тулд төрийн байгууллагын урт хугацааг харсан тогтвортой, тууштай нэгдсэн бодлого, хувийн секторын санаачилга, технологийн дэвшил, олон улсын хамтын ажиллагаа чухлыг судалгаанд тусгажээ.
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлж, батлуулах аж.