НийтлэлОрон нутагFocus

Бэлчээрийн зохистой ашиглалтыг нэвтрүүлснээр 20.6 сая га бэлчээрийг сэргээжээ

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс мэдээлснээр нийт нутгийн 70 орчим хувьд ирэх өвөл-хаврын бэлчээрийн даац хүрэлцээтэй, харин  30 хувьд бэлчээрийн хүрэлцээ муу байх нь. Бэлчээрийн төлөв байдлын үндэсний тайлангаас үзэхэд нийт бэлчээрийн газрын 70 орчим хувь тодорхой түвшинд доройтсон дүр зурагтай байна.

Хамтдаа ашигладаг дундын бэлчээрээр нэгдэж хамтын зохион байгуулалтад орсон малчид бэлчээрээ сэлгэж хуваарьтай ашиглах, улмаар бэлчээрийн ургамалд сэргэн ургах боломжийг олгох замаар бэлчээрээ хадгалж хамгаалах, доройтсон  бэлчээрээ сэргээхээр хичээн ажиллаж байна. 18 аймгийн 184 суманд байгуулсан бэлчээр ашиглагчдын хэсгүүд бэлчээр ашиглалтын урт хугацааны гэрээ байгуулсны 1000 гаруй нь газрын кадастрын нэгдсэн системд бүртгэсэн байна.

Бэлчээрээ зохистой ашиглах гэрээний хэрэгжилтийг үнэлсэн фото мониторингийн 2020 оны дүнгээс үзэхэд ашиглалтын ачаалал, горимыг тохируулснаар  20.6 сая га доройтсон бэлчээрийг сэргээн сайжруулсан байна. Малчид бэлчээр ашиглалтыг жил жилээр хамтран төлөвлөж төлөвлөгөөний дагуу хуваарьтай ашиглахын сацуу малын тоогоо даацад тохируулах богино болон урт хугацааны төлөвлөгөө гарган хэрэгжүүлж байна.

“Ногоон алт-Малын эрүүл мэнд” төслийн хүрээнд ашиглалтыг тохируулах замаар бэлчээрээ хамгаалах, доройтсон бэлчээрийг сэргээн сайжруулах сайн туршлага олноор бий болж байна.

Жишээ нь, “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төслийн хүрээнд “Хариуцлагатай нүүдэлчид” хэмээх стандарт бий болгож, Монгол орны бүс бүрийг хамруулан 15 суманд нэвтрүүлж, Мал эмнэлгийн ерөнхий газрын дэргэд малын эрүүл мэндийг мөшгөх үндэсний систем бий болгон цахим гэрчилгээ олгож эхэлсэн. Мөшгөх тогтолцоо нь бэлчээрийн төлөв болон мал, амьтны байдал, эрүүл мэнд, малын гаралтай түүхий эдийн чанар зэрэг үзүүлэлтийг цогцоор багтаан гаргах юм.

Үүний зэрэгцээ малчдаас авах түүхий эдийн тогтвортой байдал, хариуцлагыг дээшлүүлэн стандартчилж, улмаар малын гаралтай бүтээгдэхүүний гарал үүсэл бүхий түүхийг мэдэх боломжтой болно гэдгийг Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны зөвлөх Л.Ганцогт хэлж байна. Дээрх байдлаар мал, амьтны гаралтай бүтээгдэхүүний эрүүл ахуй, чанар сайжирч, малчдын орлого нэмэгдэх боломж бүрджээ. Энэ бол бэлчээрийг зохистой ашигласнаар эдийн засагт нөлөөлөн гарах ач холбогдлын нэг. Энэ талаар 9 дүгээр сарын 9-10-нд болох “Бэлчээрийн үндэсний IV форум”, “Ногоон алт-малын эрүүл мэнд” төслийн хаалтын үеэр дэлгэрэнгүй танилцуулж хэлэлцэх гэж байна. 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version