НийгэмОнцлох

Гурав дахь тунд 75.261 хүн хамрагдаад байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнгөрсөн удаагийн шуурхай зөвлөгөөнөөр есөн чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 72.7 хувьтай байна.

Автобусны 329 буудалд хөөстэй угаалга хийв

Өнгөрсөн нэг сарын хугацаанд давхардсан тоогоор нийт 14.614 аж ахуйн нэгж, иргэнийг хамруулан халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн мөрдөн ажиллаж байгаад шалгалт хийжээ. Улмаар 1082 зөрчил илрүүлж, 60 хувийг газар дээр нь арилгуулсан байна. Мөн томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтыг есдүгээр сарын 15-наас хийх талаар санал, хүсэлтийг ЭМЯ-нд хүргүүлжээ. Нийтийн тээврийн үйлчилгээний 10 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, 112 автобус, троллейбусны цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийн байдлыг шалгаж, коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, тээврийн хэрэгслийн техникийн байдал, аюулгүй ажиллагааг хэрхэн хангах талаар мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллав. Түүнчлэн дөрвөн удаагийн давтамжтайгаар  зургаан автомашин 36 удаагийн рейсээр  урьдчилан сэргийлэх халдваргүйтгэлийг хийлээ. Мөн автобусны 329 буудалд хөөстэй угаалга хийв.

Гурав дахь тунд 75.261 хүн хамрагдаад байна

“Ковид-19” халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж нар танилцуулав. Нийслэлийн хэмжээнд хүн амын 74.2 хувь нь I, 69.8 хувь нь II тунд хамрагдаад байна. Мөн 75.261 иргэн III тунд хамрагдсан нь нийт хүн амын таван хувь гэнэ. Дархлаажуулалтын явуулын дөрөв, суурин 57 цэгт 398 эмч, ажилтан өдөр бүр ажиллаж байна. Түүнчлэн коронавирусийн дельта хувилбар тархах өндөр эрсдэлтэй байгаа тул урьдчилсан төлөвлөлтүүдийг сайтар хийж, хүн хүчний нөөц бололцоог хангах шаардлагатай байгааг хэлж байлаа. Мөн гурав дахь тунд хамрагдсанаар хүндээр өвдөх эрсдэл, халдвар авах эрсдэл 10 гаруй хувиар буурч байгаа олон улсын судалгааг онцолсон юм.

29 сургууль, цэцэрлэг зайн сургалтад шилжжээ

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга “Ковид-19”-ийн халдвар илэрсэн сургууль, цэцэрлэг, нөхцөл байдлын талаар танилцууллаа. БШУ-ы сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал гарсан. Энэ дагуу өнгөрсөн баасан гарагийн байдлаар 18 цэцэрлэгийн 125 бүлгийн 2571, 11 сургуулийн 55 бүлгийн 1590 хүүхэд зайн сургалтад шилжээд байна. Мөн 12-17 насны хүүхдүүдийн 86.6 хувь нь I, 70.4 хувь нь II тундаа хамрагдаад байгаа юм. Хотын дарга халдвар хамгааллын дэглэмийг баримталж, халдваргүйжүүлэлтийг байнга хийх ёстойг онцолсон.

Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяр 532 тээврийн хэрэгсэл ашиглалтаас гарах тооцоо байгааг танилцуулав. Хотын дарга Сангийн яам руу хүсэлт явуулж, Улаанбаатар хотын иргэдийн амь эрсдэхээс сэргийлж, энэ асуудлыг шийдэхийг үүрэг болгов. Мөн өнөөдрөөс 37 чиглэлд сургуулийн 37 автобус үйлчилгээнд явж эхэллээ.

Гурван чиглэлийн автобусыг уртасгасан цагаар зорчуулж байна

2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл болон есдүгээр сарын 15-наас эхлэн халаалт өгөх бэлтгэл ажлыг хангасан эсэх, хугацаандаа халаалтаа авч чадахгүй айл өрх, сургууль, цэцэрлэг байгаа юу гэдгийг Хотын дарга асуусан юм. Үүнд Улаанбаатар дулааны шугам сүлжээ ТӨХК-ний гүйцэтгэх захирал Г.Баярсайхан “Өвөлжилтийн бэлтгэл хангах ажил бүрэн дууссан. Есдүгээр сарын 15-наас орон сууц, сургууль, цэцэрлэгийг дулаанаар хангах бэлтгэлийг бүрэн хангасан” гэв. 10 дугаар хорооллоос Сүлжмэлийн үйлдвэр хүртэлх дулааны шугамын шинэчлэлийн ажил долдугаар сарын 5-нд эхэлсэн. Есдүгээр сарын 15 гэхэд бүх хэрэглэгчийг хэрэглээний халуун усаар хангах төлөвлөгөөтэй ажиллаж байгааг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулав. Нийт ажлын 74 хувийг хийжээ.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл, арга хэмжээний ойрын болон дунд хугацааны төлөвлөгөөг зохих журмын дагуу боловсруулах ажлын явц ямар байгааг Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн танилцуулав. Энэ хүрээнд нийтийн тээврийг уртасгасан цагаар буюу 05:30-00:00 цагийн хооронд зорчуулахаар Ч:2, Ч:5, Ч:7 гэсэн гурван чиглэлийг есдүгээр сарын 3-наас хойш туршилтаар явуулж эхэлжээ. Мөн төрийн албан хаагчдыг нийтийн тээврээр зорчуулах судалгааг эхлүүлсэн байна.

Сайжруулсан түлшний борлуулалтын цэгийг нэмэгдүүлэхийг үүрэг болгов

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар гурван чиглэлээр 11 үүрэг, даалгавар өгөв. Тухайлбал, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлж, сургуулийн орчимд эцэг, эх, хүүхдүүдийн бөөгнөрөл үүсгэхгүй байхад анхаарч, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо. Сургуулийн автобусны аюулгүй байдлыг сайтар хангах ажлын хүрээнд халдвар хамгааллын дэглэмийг сайтар  мөрдүүлэх, угаалга, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийлгэх, техникийн аюулгүй байдлыг сайтар хангах, маршрут, чиглэл, хичээл эхлэх болон тарах цагуудад үйлчлэх цагийн хуваарь зэргийг эцэг, эхчүүдэд нь тогтмол мэдээлж ажиллахыг даалгав. Мөн нийслэлийн 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлж, өвлийн их ачааллын үед иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарах, инженер хангамжийн байгууллагуудыг энэ сарын 15-ны дотор ажлуудаа бүрэн дуусгахыг үүрэг болголоо. Түүнчлэн иргэдийг угаарын хийнд хордохоос урьдчилсан сэргийлж зөвлөмж, зөвлөгөө, сэрэмжлүүлгийг тогтмол хүргэхийг, сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэгийг нэмэгдүүлэхийг даалгасан юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version