Монгол эмэгтэйчүүдийн эх орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжилд дэх идэвх оролцоог нэмэгдүүлэх, европ монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн сүлжээг бий болгох, эмэгтэйчүүдийн хөгжлийг дэмжих зорилгоор зургаа дахь удаагаа зохион байгуулагдсан энэхүү арга хэмжээнд Монгол, Франц, ИБУИНВУ, Бельги, ХБНГУ, Польш, Люксембург, АНУ, Австри, Голланд, Дани, Шинэ Зеланд зэрэг улсад ажиллаж амьдарч буй 200 гаруй төлөөлөгч оролцсон.
“Эмэгтэйчүүд ба ногоон хөгжил” олон улсын бизнес форумын үеэр төлөөлөгчид “Эмэгтэйчүүдийн интеграци, манлайлал ба Франц улсын туршлага”, “Аялал жуулчлал, соёлын салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо”, “Монгол Европын бизнесийн хамтын ажиллагаа: Ногоон хөгжил, инноваци” зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлэв.
Дэд сайд Б.Батцэцэг “Аялал жуулчлал, соёл ба урлаг” сэдэвт хэлэлцүүлэгийн хүрээнд Монгол Улсыг дэлхий нийтэд соёл, урлагаар дамжуулан сурталчлан таниулах, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газар, Гадаад харилцааны яамнаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн юм. Мөн тэрээр “Оны шилдэг эмэгтэй-2017″ шалгаруулах арга хэмжээнд оролцож, шилдэг эмэгтэйчүүдэд шагнал гардуулав.
“Оны шилдэг эмэгтэй-2017″-д “Бизнесийн салбарын шилдэг эмэгтэй”-гээр “Сарангэрэл” ноолуурын брэндийг үүсгэн байгуулагч хатагтай Ц.Сарангэрэл, “Хүмүүнлэгийн салбарын шилдэг эмэгтэй”-гээр Монгол-Германы хамтарсан “Отгонбаяр сан”-г үүсгэн байгуулагч Н.Солонго Тремл, “Урлаг, спортын салбарын шилдэг эмэгтэйг”-ээр дуучин Б.Мягмарсүрэн, “Оны шилдэг эмэгтэй оюутан”-аар ИБУИНВУ-аас Лондон хотын City University-ийн Олон улсын санхүү, эдийн засаг, комьютер кодлолын чиглэлээр суралцаж буй Г.Их-Удвал нар тус тус шалгарсан бол “Шилдэг олон нийтийн байгууллага”-аар Бельгийн Вант Улс дахь Монголчуудын “Эв нэгдэл” холбоо шалгарлаа.