ЯрилцлагаЭрүүл мэндFocus

С.Ичинхорлоо: Шарилж идсэн малын сүүнээс антибиотик илэрдэг

2016 оны зун гэхэд 8 сая гаруй төгрөгөөр үнэлэгдэх сүүгээ асгаж байлаа. Тухайн үед сүүгээ авахдаа шинжилсэн ч үйлдвэрт очоод дахин шинжилгээ хийхэд антибиотик илэрчихсэн.

Антибиотикийн үлдэгдэлтэй сүү ууж байгаа эсэхээ хэрхэн мэдэх вэ. Бид үнэхээр органик, эрүүл, аюулгүй хүнс хэрэглэж чадаж байна уу? Энэ талаар “Витафит милк” ХХК-ийн сүү бэлтгэлийн албаны дарга С.Ичинхорлоотой ярилцлаа.

-Шарилж ихтэй газар бэлчээрлэсэн үнээний сүүнээс антибиотик илэрдэг гэж мэргэжилтнүүд хэлдэг. Үнэхээр сүүнд илэрсэн антибиотик ургамлаас болжээ гэдгийг мэдэх боломжтой юу?

-Бүрэн боломжтой. Сүүлийн гурван жил бид энэ тал дээр туршлагажиж байна. Өмнө нь үүнийг илрүүлэх амар байгаагүй.  Малчнаас сүү аваад шинжлээд үзэхээр эмийн үлдэгдэл гарчихдаг, гэтэл малчин манайх антибиотик тариагүй, дэлэнгийн тос түрхээгүй гээд маргаан үүсдэг байлаа. Иймэрхүү асуудлыг ярилцаж шалтгааныг хайсаар шарилжтай газар малаа бэлчээснээс болж антибиотикийн үлдэгдэл илэрч байгааг олж мэдсэн юм.  Үүнийг олж мэдсэн малчид эрүүл бэлчээрт малаа бэлчээж байгаа юм. Мэдээж үүнийг дагаад сүүний чанар сайжирч байна.

-Малчнаас сүүг авахдаа хэдэн төрлийн шинжилгээ авдаг вэ?

-Малчнаас сүүгээ авахаасаа өмнө гурван төрлийн шинжилгээ хийдэг. Үүнд сүүний шинэлэг байдал, сүүний хольц, бүтцийн шинжилгээ зэргийг шинжлээд стандартын шаардлага хангасныг л авдаг. Хэрвээ эдгээр шаардлагыг хангахгүй бол тухайн сүүг авдаггүй. 

Чиглэл бүрээс малчдаас сүүгээ аваад ирэхэд нь найман төрлийн дэлгэрэнгүй шинжилгээ авч байж л үйлдвэрийн нэгдсэн танк руу сүүгээ хийдэг.

-Малын эмийн үлдэгдэлтэй мах, сүүний асуудал нэлээн анхаарал татдаг. Сүүний үйлдвэрүүд үүн дээр хэр анхаарал хандуулж байна вэ?

-“Витафит милк” компани 2016 оноос сүүний зах зээлд хөл тавьж, ажиллаж эхэлсэн. Анхнаасаа эрүүл ахуй гэдэг дээр маш их анхаарч ирсэн. Жишээ нь Төв аймгийн гурван суманд хөргөлтийн цэг байгуулж байлаа. Энэ бол сүүний чанар стандартыг хангах хамгийн эхний бас чухал алхам шүү дээ. 

Шинжилгээг ойрхон хугацаанд хийж үзээд байгаа нь сүүний чанарыг л хамгаалах арга юм. 

-Эрсдэл хүлээж, эдийн засгийн хувьд хохирол амсаж байсан тохиолдол бий юу?

-Байлгүй яахав. Ажил эхлэх амар байдаггүй. 2016 оны зун гэхэд 8 сая гаруй төгрөгөөр үнэлэгдэх сүүгээ асгаж байлаа. Тухайн үед сүүгээ авахдаа шинжилсэн ч үйлдвэрт очоод дахин шинжилгээ хийхэд антибиотик илэрчихсэн. Ингээд л асгаж байлаа. Одоо бол шинжилгээ сайжирч, хамгийн гол нь малчдын хандлага өөрчлөгдсөн учраас ийм асуудал гарч, хохирол хүлээх нь багассан.

-Малчдын буруу байхад ч гэсэн та бүхэн хохирол хүлээнэ гэсэн үг үү?

-Өмнө нь бид хохирол хүлээгээд өнгөрдөг байсан бол одоо тухайн сүүгээ авахдаа антибиотикийг илрүүлж оношлоод юунаас болов гэдгийг хайдаг болсон.

-Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон алт – Малын эрүүл мэнд” төслийн хүрээнд хийгдсэн малын гаралтай түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийг хянах систем нэвтэрсэн нь та бүхний ажилд хэрхэн эергээр нөлөөлсөн бэ?

– Өмнө үйлдвэрлэгчид сүүний чанар, аюулгүй байдалд санаа зовдог байлаа. Сүүний мөшгөх системийг хэрэгжүүлснээр энэ асуудал нэлээд цэгцэрсэнд олзуурхдаг. Маш нарийн хяналттай тогтолцоо учраас хэрэглэгчид сүүний чанарын асуудалд эргэлзэхгүйгээр авах боломж бүрдэж байна. QR уншуулаад л хэдэн цагийн өмнө малаа саагаад хэдэн цагийн дараа үйлдвэрт бүтээгдэхүүн болсныг ч хараад мэдчих боломжтой юм. Бид энэ системийг зөвхөн сүүн дээр биш бусад бүтээгдэхүүн дээрээ ч ашиглах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Удахгүй Өлзий нэрийн цөцгийн тоснууд маань мөшгөх боломжтой болно.

-Малчдад малын эмийн үлдэгдлийн талаар мэдлэг мэдээлэл өгөх ажил хэр хэцүү байв?

-Манай компани энэ асуудалд анхнаасаа маш их анхаарч, малчдад таниулж ойлгуулах сургалт яриа ч нэлээн хийсэн. Эхний жилд гэхэд антибиотикийн тест илрүүлгийг авахад 60 сая төгрөг зарцуулж байлаа. Малчиддаа энэ талын ойлголтыг өгөхөд бараг гурван жилийг зарцуулсан шүү. Одоо таван жилийн дараа эргээд харахад аль аль талдаа антибиотикийг ойлгодог болж компаниа ч хүндэлдэг болсон. 

Үнэхээр чанартай сүү нийлүүлдэг малчдадаа 50 төгрөгийн урамшуулал 1 л сүү дутамд өгдөг уламжлалыг таван жилийн өмнө тогтоогоод байна.

Бэлчээр цөлжөөгүй, бэлчээр нутаг эрүүл гэж боддог байсан малчид маань жилээс жилд багасч, малын ашиг шимийг хэрхэн сайжруулах талаар ярьж байна. Ногоон ургамал тарьж бэлчээр нутгаа цөлжихөөс хамгаалж байгаад баяртай байдаг.

-Та хүнсний салбарт ажилладаг хүний хувьд “Хариуцлагатай нүүдэлчин” мөшгөх системийн ач холбогдлыг хэрхэн харж байна вэ?

-Хамгийн чухал ач холбогдол нь Монголчуудад эрүүл, аюулгүй сүүг нийлүүлэх ажил цэгцэрч байна. Эмийн үлдэгдэлтэй сүү хүний биед сөргөөр нөлөөлдөг.  Манайд сүү нийлүүлдэг малчид маань хотод байгаа хүүхдүүддээ “Витафит милк” ХХК-ийн сүүг л ав гэж захина аа гэж хэлдэг нь бидний ажлын үнэлгээ гэж боддог. Сүүний мөшгөх системийн ачаар малчны хотноос үйлдвэрийн хаалга хүртэлх сүү бэлтгэн нийлүүлэлт илүү ил тод, ойлгомжтой болж байна.

-Систем нэвтэрснээр үйлдвэрийн ажил хэр хялбар болсон бэ?

-Өмнө нь сүүний падаан сүүний машинтай л хамт ирдэг, компьютерт дараа нь шивдэг, заримдаа литрийн зөрүү гардаг гээд асуудал байлаа. Мөшгөх систем ашиглалтад орсноор real time буюу сүүг авсан тухайн цаг мөчид л мэдээллээ оруулж байгаа учраас санхүүгийн үйл ажиллагаа цэгцэрч сүүний мөнгө шилжүүлэх процесс хялбар болсон. 

Бас үйлдвэр ажлаа төлөвлөх явцыг хялбарчилсан. Жишээ нь сүүгээ хөрсний дараа татан авалтын машинд ачдаг, машинаа GPS системээр хянаж байгаа учраас хаанаас хэдэн цагт гарсан нь, мөн үйлдвэрт хэдэн цагт ирэх нь тодорхой байдаг юм. Энэ хооронд үйлдвэр сүүгээ хүлээж авахад бэлдэж, ариутгал цэвэрлэгээгээ хийдэг. 

-Таны бодлоор байгаль орчинд ээлтэй хариуцлагатай үйлдвэрлэгч гэж ямар үзүүлэлт хангасан үйлдвэрлэгчийг хэлэх вэ?

-Манай үйлдвэр сүүгээ хүлээн авах цэгээ анхнаасаа бохирын цооногтой барьсан. Цооногтой барина гэдэг тухайн сүүг хүлээн авахдаа хэрэглэсэн ариутгагч бодис, зарим химийн бодисыг хөрсөнд биш цооног руу урсгаж байна гэсэн үг. Үүнийгээ бохирын машинаар соруулж авдаг.

Хэрвээ ил задгай асгачихвал эргээд л хөрсөндөө шингэж, түүнийг мал амьтан иднэ шүү дээ. Иймээс бид энэ асуудалд хариуцлагатай хандаж ирсэн. Байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэгч гэж нэг удаагийн ашиг хонжоог бус эх дэлхий, нутаг орондоо ухамсартай хандахыг л хэлдэг гэж би ойлгодог.

Мөшгөх систем ашиглан хүнсний гарал үүслийн хяналт тавьж хариуцлагатай үйлдвэрлэл болон хэрэглээний талаар илүү ихийг www.facebook.com/greenmongolia.mn фэйсбүүк хуудас болон www.greenmongolia.mn вэбхуудсаас унших боломжтой

Эх сурвалж: peak.mn

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version