ЯрилцлагаFocus

Манай улсын мал эмнэлгийг бусад улс оронд хүлээн зөвшөөрөх таатай нөхцөл бүрдэж байна

Швейцарын хөгжлийн агентлагаас хэрэгжүүлсэн Ногоон алт-Малын эрүүл мэнд (НАМЭМ) төслийн малын эрүүл мэндийн мэргэжилтэн С.Дивангартай ярилцлаа.

-Бэлчээрийн зохистой ашиглалт, борлуулалтын ашигтай тогтолцоо, эрх зүй, бодлогын таатай орчны нөлөөгөөр малчин өрхийн амьжиргааг дээшлүүлэх зорилготой “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төслийн нэгэн чухал бүрэлдэхүүн хэсэг нь “Малын эрүүл мэнд” аж.  Малыг эрүүл байлгаж, хэрэглэгчдийн хэрэгцээг малын гаралтай найдвартай бүтээгдэхүүнээр хангах замаар малчдыг дэмжих арга замыг боловсронгуй болгохын тулд төслийн зүгээс юу, юу хийсэн бэ?

-Төслийн хүрээнд мал эмнэлгийн салбарт хийсэн томоохон ажлуудын нэг нь хууль, тогтоомжуудыг шинэчилж, олон улсын жишигт нийцүүлэх ажил байлаа. Энэ нь Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага (ДМАЭМБ), Дэлхийн худалдааны байгууллагаас боловсруулж гаргасан стандарт, заавар, зөвлөмжид нийцүүлнэ гэсэн үг. Өмнө нь малын эрүүл мэндтэй холбоотой эрх зүйн асуудлыг Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулиар зохицуулж байсан. 1993 онд боловсруулж, батлуулсан уг хуулийн зохицуулалт, хамрах хүрээ учир дутагдалтай байсан учраас цаг хугацааны шаардлагаар өөрчлөх хэрэгтэй болсон. Манай улсын гадаад худалдаа өргөжиж, ялангуяа малын гаралтай бүтээгдэхүүнийг гадаад зах зээл рүү гаргах хүсэл эрмэлзэл төрийн бодлогын нэг хэсэг болоод эхлэхээр хүлээн авах талууд мал эмнэлгийн салбарт мөрдөж байгаа хууль, тогтоомж нь бүрэн байна уу, үгүй юү, байгаа бол тэр нь олон улсын хууль тогтоомжтой нийцэж байна уу, үгүй юү гэдгийг эхлээд хардаг. Энэ нь үнэлгээнд нэлээд жин дардаг үзүүлэлт.

Хууль тогтоомжийг боловсронгуй болгох ажлыг өмнөх төслийн үед эхлүүлсэн юм. Энд тайлбар хийх хэрэгтэй байх. 2012-2016 онд малын эрүүл мэндийн чиглэлийн төсөл хэрэгжүүлсэн.

Ер нь 2016 он дуусах хүртэлх хугацаанд “Ногоон алт”, “Малын эрүүл мэнд” гэсэн тусдаа хоёр төслийг зэрэгцүүлэн хэрэгжүүлж ирсэн л дээ. 2017 оноос нийлүүлээд “Ногоон алт, Малын эрүүл мэнд” нэртэй болгосон юм.

Тусдаа бие даасан төсөл хэрэгжиж байх үед Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль буюу шинэ хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлсэн. “Ногоон алт, Малын эрүүл мэнд” төслийг эхлүүлж байх үед уг хууль батлагдаж, 2018 оноос хэрэгжиж эхэлсэн. Шинэ хуультай болонгуут түүнийг дагаж гардаг журам, заавар, эрхзүйн актуудыг мөн бүгдийг шинэчлэх шаардлагатай болсон юм. Энэ хүрээнд төслийн зүгээс гурван чиглэлд дэмжлэг үзүүлж ажилласан. Нэгдүгээрт, бусад улс орны туршлагыг судлах, холбогдох судалгаа хийх, хоёрдугаарт олон улсын шинжээчдээс зөвлөгөө, тусламж авах, гуравдугаарт хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн зардлыг олгож, хуулийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэж, санал авахад нь дэмжиж ажилласан. Ерөнхийдөө хууль, түүнийг дагаж гарах баримт бичгүүдийн гүйцэтгэл 98 хувьтай байна. Тэгэхээр мал эмнэлгийн салбарт мөрдөх хууль, тогтоомжийг бүхэлд нь өнөөгийн шаардлагад нийцүүлэн өөрчлөн шинэчлэхэд төсөл томоохон үүрэг гүйцэтгэж, ХХААХҮЯ, Мал эмнэлгийн ерөнхий газартай хамтран ажилласан.

-Хууль гарснаар ямар үр дүн бий болов?

-Нэгдүгээрт, төрийн захиргааны байгууллагаас эхлээд түүхий эдийн худалдаа эрхлэгчид, боловсруулах үйлдвэрүүд, малчин, хэрэглэгч хүртэлх мал эмнэлгийн харилцаанд оролцогч талуудын чиг үүрэг тодорхой болсон. Ингэснээр талуудын бүтээгдэхүүн баталгаатай гарах нөхцөл бололцоог бүрдүүлж өгч байгаа юм. Хоёрдугаарт, мал эмнэлгийн салбарт хэрэгжүүлж байгаа ажлыг удирдах бүтэц, зохион байгуулалт олон улсын байгууллагуудаас зөвлөмж болгож буй загварт нийцсэн бие даасан, хараат бус ажиллагаатай болсон. Өмнө нь бол яамны аль нэг бүтцийн нэгж дотор ажилладаг байсан учир малын ямар нэг өвчин гарах үед шуурхай хариу арга хэмжээ авах, хэрэгжүүлэх чадвар нь маш сул байсан. Өөрөөр хэлбэл, өвчин гарлаа гэхэд бие даагаад шийдвэр гаргах эрх байхгүй, даргаас асууна. Бензин хэрэг боллоо гэхэд өөрөө шийдээд гарах эрхгүй, бас даргаас асууна гэх мэтчилэн сунжирсаар байтал өвчин гарсан газарт очиж үзлэг хийх, хариу арга хэмжээ авах хүртэлх хугацаа хэдэн өдрөөр хойшлогддог байсан.  

Бас нэг үр дүн бол малын гаралтай бүтээгдэхүүнийг баталгаажуулах, малын шилжилт хөдөлгөөнд хяналт тавих үйл ажиллагааг зохицуулсан нарийн дүрэм журам боловсруулсан явдал юм. Ингэснээр аль нэгэн газар, нутаг, сум, аймагт халдварт өвчний голомтгүй бол тэр статусаа тогтвортой хадгалж чадаж байна гэдгээ нотлох боломжтой болж эхэлж байна гэсэн үг. Өмнөх хуулийн хувьд зайлшгүй хамрах ёстой асуудлын багахан хэсэг нь хамрагдсан, ихэнх нь хуулиар зохицуулагдаагүй, орхигдсон байсан. Үүнийг хуулийн хийдэл гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл, өвчин гарсан үед л хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулсан, харин өвчингүй тайван байх үед урьдчилан сэргийлэх, тайван статусаа хадгалах зорилгоор өвчингүй газраас бүтээгдэхүүн бэлдэх зах зээлийн үйл ажиллагаатай холбоотой зохицуулалт байхгүй байв. Нөгөө талдаа зөвхөн малаас гадна зэрлэг болон гэрийн тэжээмэл амьтан өвчлөх тухайд авч хэрэгжүүлэх зохицуулалтууд байгаагүй. Тэгэхээр хууль гарснаар өмнөх хуульд дутагдалтай байсан, хийдлүүдийг нөхсөн гэж ойлгож болно. Ингээд мал эмнэлгийн салбарынхан олон улсын байгууллагын зөвлөмжийг шингээсэн, хамрах ёстой бүхнийг хамруулсан иж бүрэн хуультай болоод үйл ажиллагаагаа бие даасан байдлаар явуулж байна. Үр дүнд нь малын өвчнийг эрт илрүүлэх, хариу арга хэмжээг шуурхай хэрэгжүүлж голомтод нь устгах, өвчин гаргалгүй тайван байдлыг хадгалах зэрэг үзүүлэлт сүүлийн жилүүдэд нэлээд дээшилж байгаа.

-Малын гаралтай бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргах ажлыг зохион байгуулахад та бүхний хэрэгжүүлсэн төсөл ахиц, дэвшил авчирчээ гэж ойлгосон. Энэ талаар дэлгэрүүлж ярина уу.

-Бид улсынхаа мал эмнэлгийн байгууллагыг Дэлхийн мал, амтны эрүүл мэндийн байгууллагаар үнэлүүлдэг.

Монгол Улс 1997 онд авбал зохих 5 гэсэн үнэлгээнээс 1,8 гэсэн оноогоор үнэлэгдэж байсан бол 2019 онд Дэлхийн мал, амтны эрүүл мэндийн байгууллагын шинжээчдийг авчирч үнэлгээ хийлгэхэд 3,2 гэсэн түвшинд хүрсэн байлаа.

Үнэлгээ ингэж дээшлэхэд шинэ хууль, эрхзүйн орчин бүрдүүлж, олон улсын заавар, зөвлөмжийг хүлээн авсан байдал дорвитой нөлөө үзүүлсэн гэж бид үздэг. Товчхон хэлэхэд манай улсын мал эмнэлгийн байгууллагын үйл ажиллагааг бусад улс оронд хүлээн зөвшөөрөх таатай нөхцөл бүрдэж байна.

Бид шинэ хууль гаргахдаа томоохон амбицтай үзэл баримтлал, томъёоллуудыг тусгаж өгсөн юм. Жишээ нь, мал эмнэлгийн байгууллага малын гаралтай бүтээгдэхүүнийг эцсийн хэрэглэгчдэд хүргэхдээ гарал үүсэл, чанар, аюулгүй байдлын бүх түүхийг харуулна гэсэн үүрэг хүлээсэн. Үүнийг биелүүлэхийн тулд мэдээллийн технологийн ололтыг ашигласан. Хотод буй хэрэглэгч малын гаралтай ямар нэг бүтээгдэхүүн авах боллоо гэж бодоход аль аймаг, сумын хэн гэдэг малчны хотоос гаралтай, ямар тээврийн хэрэгслээр оруулж ирсэн, аль үйлдвэрт боловсруулаад, аль худалдааны төвд хэд хоноод гар дээр ирсэн тухай түүхийг мэдэж болдог болсон. Энэ нь салбарт цахим систем нэвтрүүлсний үр дүн юм. Мал эмнэлгийн цахим гэрчилгээ гаргаж, баталгаажуулалтын тогтолцоог боловсронгуй болгох замаар сая хэлсэн зорилтыг биелүүлэх боломж, нөхцөлийг бүрдүүлсэн. Үүнийг бид мал эмнэлгийн нэгдсэн систем гэж нэрлэсэн. Төслийн хүрээнд уг системийн загварыг нь гарган хөгжүүлж туршаад, өнөөдөр улсын хэмжээнд бүх аймаг, сумын мал эмнэлгийн байгууллага, мэргэжилтний өдөр тутмын ажлын нэг хэсэг болгон нэвтрүүлээд байна. Системийг мал эмнэлгийнхэн болон холбогдох мэргэжилтнүүд сайн ашиглаж байна. Харин иргэд таашаан хүлээж авсан ч амьдрал, ахуйдаа хэрэглэхдээ тааруу байгаа. Цаашид бүх нийтээр байнга ашиглах зан төлвийг бий болгох шаардлага бол бий.

Систем нэвтэрснээр мал эмнэлгийн байгууллага дотоодод төдийгүй тус байгууллагатай харилцдаг бусад салбарт, ялангуяа малын гаралтай бүтээгдэхүүн, хүнс хэрэглэгчид, боловсруулах үйлдвэрийн бизнес эрхлэгчдэд мэдээлэл дамжуулах, солилцох хурд эрс дээшилсэн.

Мал төрснөөс эхлээд үйлдвэрт төхөөрөх хүртэлх бүхий л түүхийг мэдээллийн санд хадгалж, энд цугларсан иж бүрэн мэдээллийг асар богино хугацаанд хэрэглэгчдэд саадгүй хүргэдэг боллоо.

Мал эмнэлгийн нэгдсэн системийг нэвтрүүлсээр Монголын 70 сая мал бүхэлдээ эрүүл мэндийн цахим дэвтэртэй болсон гэсэн үг. Уг дэвтрээс түрүүн хэлсэнчлэн гурван настай малыг хэрэглээнд зориулан үйлдвэрт өгөх гэж байгаа бол хэн гэдэг малчных юм, хэзээ ямар, ямар вакцин тарьсан бэ, ямар эмчилгээ хийсэн, хэн гэдэг малын эмч хариуцаж байв, хаана төхөөрөөд хэрэглэгчийн гарт хүргэв гэдгийг, өөрөөр хэлбэл тухайн малын амьдралын болон эрүүл мэндийн түүхийг мэдэж болно.

-Ингэж ярихыг тань сонсоход өмнө нь яаж болж байсан юм бол гэж бодогдлоо.

-Өмнө нь бол хөдөө аж ахуйн салбарт цахим систем нэвтрүүлэх оролдлогыг хэд хэдэн удаа хийсэн. Тухайлбал, 2010 онд улсын төсвөөр хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуйн салбарын үйл ажиллагаанд зориулан цахим систем хөгжүүлээд бүх малыг ээмэглэж, тухайн малын удам гарвал, ашиг шим, эрүүл мэндийн бүх мэдээллийг үйлдлийн системд оруулах гэж оролдсон ч амжилтгүй болсон.

Харин энэ удаа системийг боловсруулан гаргахдаа өмнөх алдаанд дүгнэлт хийж, түүнийг тойрч гарах, асуудлыг шийдвэрлэх гарцуудыг шингээж өгсөн. Үүлэн технологийг ашиглан ВЕБ-д суурилсан систем хөгжүүлсэн нь гол онцлог нь юм. Ингэж загварчилснаар нийслэлээс 1000 гаруй км-ийн цаана, Ховд аймагт байгаа малын эмч малчны хотонд очоод үзлэг, эмчилгээ, тарилга хийгээд, тэр дүнгээ системд оруулахад бид энд секундэд л уг дүнг Мал эмнэлгийн ерөнхий газарт хүлээн авч харж чаддаг болсон гэсэн үг. Ийм дэд бүтцийг бүрдүүлснээр малын гаралтай бүтээгдэхүүнийг экспортод гаргах чиглэлд ихээхэн ахиц, дэвшил гарсан.

-Мал эмнэлгийн гэрчилгээ гэж юу вэ?

-Энэ бол мал эмнэлгийн байгууллага өөрт байгаа баримт нотолгоонд үндэслэсэн олгож байгаа баталгаажуулалтын баримт бичиг юм. Өмнө нь гэрчилгээг А4-ийн хэмжээтэй, үнэт цаасан дээр хэвлэж гаргадаг байлаа. Хэдийгээр цаас нь үнэт цаас боловч дээр нь бичигдсэн мэдээлэл хэнд ч үнэлэгдэхгүй, хүлээн зөвшөөрөгдөхгүй мэдээлэл болж хувирсан. Завхан аймгаас мал ачуулаад Улаанбаатар хот руу явуулахад замд нь Төв аймгийн аль нэг сумын малын эмч гэрчилгээ дээр нь нэрээ тавиад, гарын үсэг зураад, тамга дарчихдаг байсан. Өөрөөр хэлбэл тэр мал хаанаас ирж байгаа, халдварт өвчний голомттой газраас ирсэн үү, эрүүл үү, ямар эмчилгээ, тарилга хийсэн бэ гэдгийг мэдэхгүй хүн гарын үсэг зурчихдаг байсан гэсэн үг. Тэгэхээр тэр гэрчилгээнээс ямар ч үнэн бодит мэдээлэл авах боломжгүй. Тийм нөхцөлд мал эмнэлгээс баталгаа гаргаж тамга дараад байхаар дотоодын хэрэглэгчид ч, гадаадынхан ч гэсэн болгоомжилж эхэлж байгаа юм. Тийм учраас гадаад улс орнууд манай улсаас малын гаралтай бүтээгдэхүүн авахдаа өөрсдөө газар дээр нь ирж үзэж, хардаг болсон. Жишээлбэл ОХУ руу бүтээгдэхүүн гаргахын тулд юу болдог байсан бэ гэвэл, оросууд ирж малыг, үйлдвэрийг үзээд “Бидний үзсэн энэ малыг энэ үйлдвэрт төхөөрөх юм бол бид авъя” гэдэг байдлаар ажилладаг байлаа. Энэ нь итгэлцэл, бусдаар хүлээн зөвшөөрөгдөх байдал маш доогуур түвшинд байсныг харуулж байгаа юм. Одоо бол ийнхүү мал эмнэлгийн, малын эрүүл мэндийн түүхийг багтаасан цахим системийг нэвтрүүлснээр гадаад орнуудын манай улсаас бүтээгдэхүүн худалдаж авах сонирхол эрс дээшилж байгаа юм. “Ковид-19” намжиж, байдал тайван болж, хил нээгдэхэд малын гаралтай бүтээгдэхүүн өмнөхөөс хэд дахин илүү хэмжээгээр гадаад зах зээл рүү гарна гэдэгт би итгэлтэй байна. Тэгэхэд малчдын өрхийн орлого нэмэгдэж, амьжиргаа сайжрахад тус нэмэр болно.

-Хууль, тогтоомжийг боловсронгуй болгон шинэчилснээр бэлчээрийн тогтвортой менежментийн бодлогын таатай орчныг бүрдүүлэхэд яаж нөлөөлж байна вэ?

-Хоёр төслийг тусад нь хэрэгжүүлж байгаад нэгтгэсэн гэж би өмнө хэлсэн. Төслүүдийг нэгтгэх болсон гол зорилго нь Монгол орны бэлчээрийг зөв зохистой ашиглах механизмийг бүрдүүлэхэд л чиглэгдэж байгаа юм. Бидний төлөвлөн хэрэгжүүлж байгаа бүхий л үйл ажиллагаа ийшээ чиглэгдэж байгаа. Хоёр тоон үзүүлэлт хэлье. Монгол малын тоо жилээс жилд өсөн нэмэгдсээр өдгөө 70 сая гаруйд хүрээд байна. Нөгөөх нь манай улсын хүн амын тоо. Гурван сая гаруйхан л байна. Энэ хоёр тоо мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл дотоодын хэрэгцээнээс хэдэн арав дахин их болсныг харуулж байна. Тэгэхээр энэ их нөөцийн үр ашгийг хүртэхгүйгээр хадгалаад байж болохгүй. Мал, малын гаралтай бүтээгдэхүүнийг гадаад зах зээл рүү гаргах ёстой. Гэхдээ малчдад “Бэлчээрээ хамгаалахын тулд малаа цөөл” гэж тулгаж болохгүй. Ингэх нь арай бүдүүлэг муйхар шаардлага болно. Бэлчээрийн даацыг зохистой хэмжээнд барихын тулд энэ жил өсгөсөн төлийн тоотой тэнцүү болон түүнээс илүү тоо хэмжээний малыг зах зээлд худалдан борлуулах хэрэгтэй гэсэн зөвлөмжийг бид малчдад өгдөг юм.

Ингэж борлуулахын тулд дотоодын зах зээл  ханачихаад байгаа тохиолдолд гадагш нь л гаргах хэрэгтэй болно. Үүний тулд мал эмнэлгийн ажлаа гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэх хэрэгтэй болно гэсэн үг. Тэгэхээр энэ баталгаа, нотолгоог сайжруулж, хууль, эрх зүйн орчин бүрдүүлж байгаа нь малын гаралтай бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргах үүд, гарцыг нээж тогтвортой худалдаа эрхлэх нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж байгаа юм.

Уг зорилтыг хэрэгжүүлбэл малын тооны өсөлт саарч, улмаар зохистой хэмжээнд барих боломжтой болно.

-Тэгэхээр малын тоо толгойг хэт өсгөхгүй байхын хэрээр бэлчээрээ гамнаж болох нь ээ.

-Тийм. Зах зээлийн эргэлт сайжирна. Тарифын бус хориг саад гэсэн ойлголт бий. Тарифтай, өөрөөр хэлбэл татвар, үнэ өртөгтэй ямар ч холбоогүй шалтгааны улмаас бүтээгдэхүүнээ зарж борлуулж чадахаа байчихдаг. Ийм шалтгааны нэг нь малын өвчний асуудал юм. Үүнээс гадна олон улсад малын эм, антибиотекийн үлдэгдэлд айхтар анхаардаг болсон. Тийм болохоор “Танай улсад малынхаа эмийн үлдэгдлийг хянадаг эрх зүйн орчин бүрдсэн үү, тэр хүрээнд ажиллах тогтолцоо бий юү, ямар аргаар хянаж байна вэ, тэр чинь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга мөн үү” гэж асууж байж бүтээгдэхүүн худалдаж авдаг болсон. Энэ талаар манай улсын мал эмнэлгийн байгууллагад асуудал их байлаа. Шинэ хууль, эрх зүйн орчны хүрээнд малын эмийн үлдэгдэл, зохистой хэрэглээтэй  холбоотой зохицуулалтууд цоо шинээр тусгагдсан. Төслийн хүрээнд малын антибиотекийн үлдэгдлийг анхан шатанд ажиллаж байгаа сумын малын эмнэлэг яаж хянах вэ гэдэг арга зүйг боловсруулж, хэрэглэхэд зохистой багаж төхөөрөмжийг судалж олоод санал болгосон. Үүнийг төсөл хэрэгжүүлж буй 29 суманд туршсан. Маш хурдан хугацаанд үр дүн нь гардаг, дүнг Европын холбоо шууд хүлээн зөвшөөрдөг тийм багажууд. Туршилтаар малын эмч нарт хэрэглэхэд хялбар, ойлгомжтой байна гэсэн дүгнэлт гарсан. Ямар үнэ өртөгтэй байх вэ, цаашид яаж явуулах вэ гэдэг тухайд арга зам, удирдамж нь тодорхой болсон. Үүнийг улсын хэмжээнд нэвтрүүлнэ үү гэсэн саналаа ХХААХҮЯ-нд албан ёсоор хүргүүлсэн. Тэгэхээр төслийн хүрээний бүхий л ажлыг малын гаралтай бүтээгдэхүүнийг маш хурдан зах зээлд гаргаад, бэлчээрийн даацыг хэтрүүлэлгүй, зохистой хэмжээнд байлгах зорилгын төлөө хэрэгжүүлсэн гэсэн үг.  

“Ногоон алт-Малын эрүүл мэнд” төслийн нэгэн бүрэлдэхүүн хэсгийн тухай цухас ярихад ийм байна. Илүү мэдээлэл авахыг хүсвэл бидний хэрэгжүүлсэн үйл ажиллагааны нэгдсэн тайлан гаргасныг уншиж болохоос гадна энэ 9 сарын 9/10-ны өдөр зохион байгуулагдах Бэлчээрийн Үндэсний IV форум болон НАМЭМ төслийн үр дүнг хүлээлгэн өгөх хаалтын арга хэмжээнүүдэд оролцон авах боломжтой. Эдгээр арга хэмжээнд бэлчээрийн ашиглагчид болох малчид, дам ашиглагчид болох малын түүхий эд бэлтгэн нийлүүлэгчид, малын гаралтай түүхий эдээр бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, бий болсон эцсийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчид хэрэгжүүлж буй хөдөө аж ахуйн зохистой дадал болох сайн туршлагуудаа хуваалцахаас гадна дотоод, гадаадын эрдэмтэн судлаачид бэлчээрийн сэргэлтийн талаар хийсэн сүүлийн үеийн судалгаагаа танилцуулна. Өнөөгийн нөхцөл байдалтай холбоотойгоор бүх арга хэмжээ маань онлайнаар виртуал хэлбэрээр www.responsiblenomads.mn сайтаар болон https://www.facebook.com/greenmongolia.mn фэйсбүүк хуудсаар шууд дамжуулагдах тул та бүхнийг цаг гарган бид бүгдийн амьдрах суурь болсон бэлчээр, малын эрүүл мэндийн талаар цэгцтэй ойлголттой болохыг уриалж байна.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье!

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version