Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд 2019 оны дөрөвдүгээр сард байгуулагдсан Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Улаанбаатар хотын дулаан хангамжийн төсөл” хэрэгжиж эхэлсэн.
Төслийн хүрээнд 8А,В,Г магистраль шугамыг өргөтгөн шинэчлэх, 5 ба 12 дугаар магистралийн холбоос 2х600 мм голчтой шугам шинээр барих барилга угсралтын ажлыг 2021 оны долоодугаар сарын 03-ны өдөр эхлүүлжээ. Есдүгээр сарын 01-ний өдрийн байдлаар ажлын явц 66–70 хувийн гүйцэтгэлтэй байна.
Батлагдсан хуваарийн дагуу шугам угсралтын ажил энэ сарын 15-нд, нөхөн сэргээлтийн ажил 10-р сарын 15-нд дуусах юм. Ковид-19 цар тахлын нөлөөгөөр төслийн барилга угсралтын ажилд ашиглагдах ган хоолой болон бусад үндсэн тоноглолуудын нийлүүлэлт саатсан хэдий ч шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлсний дүнд эхний ээлжийн 744 метр шугамын ажлыг гүйцэтгэж, хугацаанаас нь өмнө буюу 2021 оны наймдугаар сарын 27-ны өдөр ажиллагаанд залгасан байна.
Ингэснээр Баянгол дүүргийн 5, 6-р хорооны нутаг дэвсгэр дэх X хорооллын нийт хэрэглэгчдийн 90 хувийг буюу 39 орон сууцны 3250 айл өрхийг хэрэглээний халуун усаар хангагджээ.
Дараагийн ээлжид Саппоро, Цамбагар худалдааны төв орчмын хэрэглэгчдийг хангадаг шугамыг есдүгээр сарын 07-ны өдөр хэсэгчлэн залгахаар ажиллаж буй аж.
Энэ хэсгийн шугамыг залгаснаар Сонгинохайрхан дүүргийн 13, 14-р хороо буюу I хорооллын 8, 9, 11, 13, 12, 12а, 14, 15, 16, 17, 18-р байрууд, Өрхийн эмнэлэг, СХД-ийн ажилчдын байр, ОСНААУГ-ын контор, 107-р цэцэрлэг, 101-р цэцэрлэг, 112-р цэцэрлэг СХД-ийн Эрүүл мэндийн төв, Халиун толгой ХХК, СХД-ийн замын цагдаа, 99-р цэцэрлэг, Герман сургалтын төв, 36-р сургууль, 86-р сургууль, Өрхийн эмнэлэг халуун усаар хангагдана хэмээн ЭХЯ-наас мэдээлэв.