НийгэмБайгаль орчинНийслэл

БОАЖЯ-ны нээлттэй хаалганы өдөрлөг боллоо

Шинэ долоо хоногийн эхний өдөр буюу зургаадугаар сарын 05. Энэ бол Дэлхийн байгаль орчны өдөр. Тэгвэл Дэлхийн байгаль орчны энэхүү өдрийг тохиолдуулан, мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яам байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд БОАЖЯ-наас нээлттэй хаалганы өдрийг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.

Нээлттэй хаалганы өдөрлөгт Улаанбаатар хотод байрлах яамны харьяа Хамгаалалтын захиргаа, Сав газрын захиргаа, төрийн өмчит үйлдвэрийн газрууд, Нийслэлийн Байгаль орчны газар, Аялал жуулчлалын газар, Агаарын бохирдлыг бууруулах газар болон байгаль орчны салбарт хэрэгжиж буй олон улсын төсөл, хөтөлбөрийн газрын төлөөлөл, мэргэжлийн холбоод, ТББ, ААН-үүд, Их, дээд сургуулийн төлөөлөл, Эко сургуулийн сурагчид оролцсон юм.

Мөн өдөрлөгийн нээлтэд БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, дэд сайд Ц.Батбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, БОАЖ-ын Сайдын зөвлөх Д.Гансүх, У.Тунгалаг, ТЗУГ-ын дарга Х.Батжаргал, НХБТГ-ын дарга Т.Булган, ХБОБНУГ-ын дарга Г.Нямдаваа, ЦУОШГ-ын дарга С.Энхтүвшин нар оролцлоо. Энэ үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол “2017 он олон чухал ажил давхацсан бүтээлч жил болж байна.

НҮБ-аас 2017 оныг “Хөгжлийн төлөөх олон улсын тогтвортой аялал жуулчлалын жил” хэмээн зарласан. Энэ ажлын хүрээнд манай яамнаас Улаанбаатарын аялал жуулчлалын холбоо, Нийслэлийн аялал жуулчлалын газартай хамтран “Улаанбаатур-2017” дотоодын аялал жуулчлалын үзэсгэлэнг өнгөрсөн 2 өдөр зохион байгуулж, энэ жилийн аялал жуулчлалын талаарх өргөн мэдээллийг түгээлээ” гэв.

Өдөрлөгт оролцсон хүмүүс байгаль, хүрээлэн буй орчны талаар болон агаарын бохирдлыг буурлуулахад өөрийн саналаа өгч, усны нөөцийн сан, ойн судалгаа, нөхөн сэргээлт зэрэг чиглэлд олон сонирхолтой мэдээллийг авч байлаа. Жишээлбэл, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Ойн судалгаа хөгжлийн төвийнхөн модлог ургамлын үр болон түүний тариалалтын явцын талаар иргэдэд танилцуулга хийж байв.

Мөн бохир усыг биотехнологийн аргаар цэвэрлэх АНУ-ын технологи, ус хэрэглэдэггүй, бохирыг бүрэн боловсруулдаг Швед ариун цэврийн байгууламж зэргийг олон нийтэд танилцуулсан юм. Түүнээс гадна БАОЖЯ болон аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг албан байгууллага, аж ахуйн нэгжүүд аяллын улирал эхэлсэнтэй холбогдуулан Монгол орны байгалийн үзэсгэлэнт газрууд болон тэдгээрээр хэрхэн аялах тухай маш сонирхолтой мэдээллийг олон нийтэд өгч байлаа.

Эко сурагчид байгалиа хайрлаж, хамгаалахыг уриалав

БОАЖЯ-ны нээлттэй хаалганы өдрөөр салбарын олон талт мэдээллийг өгөхөөс гадна сонирхолтой олон арга хэмжээ болсныг энд тодотгоё. Түүний нэг нь Эко сурагчдын флаш моб бүжиг байв. Тодруулбал, нийслэлийн 84-р сургууль буюу Эко сургуулийн сурагчид нээлттэй хаалганы өдөрлөгт оролцсон бөгөөд сургиулийнхаа үйл ажиллагаа танилцуулахаас гадна урлагийн тоглолт үзүүлж, мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Мөн Байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай “Оюуны тулга” бүрэн дунд сургуулийн сурагчдаас гэрлийн эрчим хүч хэмнэлтийн талаар болон усны зохистой хэрэглээ, хогийг байгальд хаяхгүй байхын үр нөлөө, тогтвортой хөгжлийн талаархи мэдээллийг иргэдэд өгч байлаа. Жишээлбэл, тэдгээр сурагчид иргэдийг ахуйн хэрэглээндээ лед гэрлийг хэрэглэхийг зөвлөв. Лед гэрлийн хувьд бусад гэрлээс нүүрс хүчлийн хий бага ялгаруулдаг байна. Нүүрс хүчлийн хий бага ялгарснаар агаарын бохирдол багасч, дэлхийн дулаарлыг бууруулах ач холбогдолтой аж.

“Байгаль орчинд ээлтэй сэтгүүлч”-дийн шагналыг гардууллаа

Өдөрлөгийн үеэр Дэлхийн усны өдрийн хүрээнд зохион байгуулсан “Байгаль орчинд ээлтэй сэтгүүлч” шилдэг нийтлэлийн уралдааны дүнг танилцуулж, шагналыг нь гардууллаа. Уралдаанд мэргэжлийн сэтгүүлчид өөрсдийн бүтээлээ ирүүлсэн бөгөөд тэргүүн байрыг “Үндэсний шуудан” сонины сэтгүүлч Б.Энхмарт эзэлсэн бол, хоёрт “Засгийн газрын мэдээ” сонины сэтгүүлч З.Цэлмэг, гуравт “Үнэн” сонины сэтгүүлч С.Юмсүрэн нар шалгарсан юм. Тэдний шагналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны нээлтэй хаалганы өдрөөр БОАЖЯ-ны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мягмар, Усны нөөцийн хэлтсийн дарга Л.Эрдэнэбулган, Сав газрын удирдлагын хэлтсийн дарга Н.Баттулга нар гардуулж өглөө.

“АХА” уралдаанд түрүүлсэн хүнийг “эко” унаа буюу унадаг дугуйгаар шагнав

БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас өдөрлөгийн үеэр иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор тэдний дунд “АХА” тэмцээнийг зохион байгуулсан юм. Монгол орны газар нутаг, байгаль орчинтой холбоотой асуулттай уг тэмцээнд 40 хүн оролцсон бөгөөд Эрхэмбаяр хэмээх хүү түрүүлж “эко” унааны эзэн болсон юм. Тэрээр бяцхан дүүдээ унадаг дугуйтай очих болсондоо баяртай байгаагаа энэ үеэр хэлсэн юм. Харин хоёр, гуравдугаар байрт үлдсэн хүмүүст зарим аж ахуй нэгжээс гарын бэлэг гардууллаа.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version