Ном, кино, урлагийн бүтээлүүдэд л дүрслэгддэг асан нисдэг машин, хүншүүлсэн робот, ухаалаг хот тэргүүтэй ирээдүйн тухай төсөөлөл биежиж эхэллээ. Ердөө хүн төрөлхтний уран сэтгэмж төдий байсан зүйлс удахгүй бидний амьдралын нэг хэсэг болох нь. Харин үүний гол түлхүүр нь өдгөө яригдаж буй 5G технологи юм. Тэгвэл ирэх жилүүдэд 5G-д суурилсан бидний амьдрал ямар байх вэ?
Аж үйлдвэрийн 4-р хувьсгал хэмээн тодорхойлж буй 5G технологи нь дараа үеийн өндөр хурдны утасгүй сүлжээ юм. Уг технологийн амин сүнс болсон өндөр хурд, өргөн зурвас нь хүн төрөлхтний амьдралыг үндсээр нь өөрчлөх давуу чанар гэгдэж буй.
ЦАГ ХУГАЦАА, ОРОН ЗАЙН ХОЦРОГДОЛ ҮГҮЙ БОЛНО: 5G технологи нь 4G-гээс 100 дахин хурдан интернэтийг таны гар утсанд авчирна. Хамгийн энгийн жишээ татахад, 8К видео эсвэл 3D киног 3 секундэд л татна гэсэн үг. (4G ашиглавал 6 минут зарцуулна) Цаашлаад мэдээлэл дамжуулах хүчин чадал асар их тул үйлдэлд тэр дороо хариу үзүүлэх чадвартай. 4G сүлжээнд видео тоглуулж эхлэхэд хэдэн секунд хүлээх шаардлагатай байдаг бол 5G сүлжээнд товчлуур дарахтай зэрэгцэн видео тоглогдож эхэлнэ. Энэ мэтчилэн хоцрогдлыг арилгаж байгаа учраас 5G нь гар утас төдийгүй бусад ухаалаг төхөөрөмжүүдийн хөдөлгөгч гол хүч болж байгаа юм. Учир нь, төхөөрөмжүүд хоорондоо холбогдоход ямар нэгэн хоцрогдолгүй болсноор дэлхийн хаанаас ч, хэзээ ч тэдгээрийг удирдан чиглүүлэх боломжтой болно. Тухайлбал, Оюутолгойн аварга том экскаваторыг дэлхийн нөгөө өнцөгт буй хүн жолоодож, Улаанбаатар хотын чадварлаг эмч роботын тусламжтайгаар алслагдмал суманд амьдардаг өвчтөнд зайнаас мэс засал хийж эхэлнэ. Тасралтгүй, сааталгүй үргэлжилж байх ёстой эдгээр үйл ажиллагааг одоогийн 4G-ийн хурдаар удирдах боломжгүй юм.
АСАР ИХ МЭДЭЭЛЛИЙГ АГШИН ЗУУР: Машин, роботоос эхлээд таны гэр, ажлын газар, нийтийн тээвэр гээд биднийг тойрсон бүхий л зүйлс ирэх жилүүдэд 5G-д холбогдох гэж байна. Ингэснээр төхөөрөмжүүд хоорондоо, мөн хүмүүстэй нүд ирмэхийн зуур холбогдож асар их мэдээллийг богино хугацаанд дамжуулах юм. Нарийхан хоолойгоор бага ус, өргөн хоолойгоор илүү их ус татах боломжтой байдгийн адилаар мэдээлэл дамжуулах хурд нь зурвасын өргөний хэмжээнээс шууд хамаардаг аж. 5G сүлжээний ихэнх хэсэг нь хэт өндөр давтамжийн агаарын долгионоор дамждаг учраас 4G-тэй харьцуулахад хэд дахин өргөн зурвастай юм.
Хүн төрөлхтний зургаа дахь “мэдрэхүй”
Шинэ тутам 5G технологийн тухай ойлголтыг биежүүлэхийн тулд өнөөдөр ашиглаж буй төхөөрөмжүүд, үйлдвэрлэл, нийгэм, эрүүл мэндийн салбар 5G-ийг дэмжлэгтэйгээр хэрхэн хувьсах боломжтойг товч зураглая.
ТӨХӨӨРӨМЖҮҮД: 5G сүлжээ нь AR болон VR-ийн хэрэглээнд томоохон түлхэц болно. Тухайлбал, сагсан бөмбөгийн тоглолтыг 360 градусаар дуртай өнцгөөсөө үзэж, зогсоож, буцаан тоглуулах болно. Гэр бүл, найз нөхөдтэйгээ нэг өрөөнд буй мэт виртуалаар холбогдож, дэлхийн нөгөө өнцөгт байсан ч шинэ төрсөн хүүхдийнхээ гарыг атгаж, мэдэрнэ гээд төсөөлөхөд л энэ технологи бидний амьдралыг ямар их өөрчлөх нь төсөөлөгдөнө.
IOT БА ХИЙМЭЛ ОЮУН УХААН: Энэхүү утасгүй технологийн шинэ давлагаа нь IOT, хиймэл оюун ухаан хэмээх хоёр технологитой салшгүй холбоотой. Энэ гурван технологийг нэгтгэснээр хүн төрөлхтөн зургаа дахь мэдрэхүйтэй адилтгаж болохуйц хүч, давуу байдлыг бий болгон тэр хэрээр хүн төрөлхтний амьдралын чанар нэмэгдэх юм. Ухаалаг хот, ухаалаг нийтийн тээвэр, ухаалаг гэрүүд бий болж, гэрлийн чийдэн, цаг, хамгаалалтын камер гээд байж болох бүх төхөөрөмж интернэтэд холбогдохын зэрэгцээ мэдээллийг цуглуулах, холбох, хоорондоо хуваалцах чадвар бүхий мэдрэгчтэй болох нь цаг хугацааны асуудал болжээ.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭ: 5G технологийн ачаар дэлхийн хүн амын эрүүл мэнд сайжирч, дундаж наслалт мэдэгдэхүйц нэмэгдэнэ гэж мэргэжилтнүүд үзэж байна. Дэлхийн шилдэг эмч нар зайнаас эрүүл мэндийн тусламж үзүүлэх, хянах, хиймэл оюун ухааны тусламжтайгаар өвчнийг оношлох, эмчлэх төлөвлөгөөг гаргах боломж бүрдэнэ.
АЖЛЫН БАЙР: 5G ажлын байран дахь үр ашиг, бүтээмжийг урьд хожид байгаагүйгээр нэмэгдүүлэх нь. Ажилчдын хамгийн их цаг зарцуулдаг, өдөр тутмын давтамжит ажлуудыг автоматжуулснаар хүмүүс илүү ач холбогдолтой, төвөгтэй ажлуудад эрч хүч, анхаарлаа төвлөрүүлэх боломжтой болох юм.
ҮЙЛДВЭРЛЭЛ: Технологийн бус салбарууд тухайлбал, аж үйлдвэрлэл, нийгмийн бүхий л салбарууд шинэ түвшинд гарч IOT, автоматжуулалт, хиймэл оюун ухааныг өргөнөөр ашиглаж эхлэх төлөвтэй байна. Жишээлбэл, Шведийн Ericsson компани Хятадын China Mobile-тай хамтран Нанжинд 5G ухаалаг үйлдвэрийг аль хэдийн туршилтаар ажиллуулж эхлээд байна. IOT-ийн тусламжтайгаар 2025 он гэхэд үйлдвэрлэлийн салбарын үр ашгийг 3.7 тэрбум доллараар нэмэгдүүлэх боломжтой гэж McKinsey компанийн тайланд дурджээ.
Монголчууд хэзээнээс 5G ашиглаж эхлэх вэ?
Монгол Улсын Засгийн газар харилцаа холбоо, мэдээллийн технологийг эдийн засгийн тэргүүлэгч салбарын нэгээр зарлаж, “Цахим Үндэстэн” санаачилгыг гаргасан. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар 2020 онд 5G технологийг нэвтрүүлэх талаар бодлогын баримт бичгийг баталсан бөгөөд 2022 оноос эхлэн 5G технологийг үе шаттайгаар нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Ингэхдээ юун түрүүнд уул уурхай, эрчим хүч, хөдөө ахуй зэрэг 5G технологи шаардлагатай салбаруудад ашиглаж эхлэх төлөвтэй байна. Энэ дашрамд дуулгахад, есдүгээр сарын 17-19-ний өдөр Үндэсний соёл, амралтын хүрээлэнд болох “Digital Nation-2021” арга хэмжээний үеэр Монгол Улсын анхны 5G демо сүлжээг байгуулж, үйлчилгээнүүдийг олон нийтэд танилцуулах гэж байна.