Япон Улсын ЭСЯ-наас ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнд ном хандивлах ёслол ШУА-ийн төв байранд /2021.09.02/ боллоо. Ёслолын ажиллагаанд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши оролцож, ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэлд номын дээжээс гардуулав. Энэ удаад Япон Улсын эдийн засаг, нийгэм, түүх, соёл, утга зохиол зэрэг олон салбарын 30 гаруй номыг ШУА-ийн судалгаа шинжилгээний ажлын хэрэгцээнд зориулан хандивлаж байгаа юм.
Элчин сайд Х.Кобаяши, “Интернэт хөгжсөн орчин цагийн нийгэмд интернэтээс шаардлагатай мэдээллийг хурдан хугацаанд цуглуулах нь түгээмэл байдаг ч хүмүүсийг илүү чөлөөтэй сэтгэн, шинэ нээлт хийж, бүтээл туурвихад сэжүүр өгөх нууцлаг хүч номд агуулагддаг гэж би боддог. Монголын судалгаа шинжилгээний гол төв болсон ШУА-д хандивласан эдгээр ном зөвхөн япон судлаач төдийгүй бусад судлаачдад гүнзгийрүүлэн судлах гол материал болно гэж найдаж байна” хэмээн онцлов.
ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл академийн эрдэмтэд, судлаачид өнөөг хүртэл олон салбарт Японы эрдэмтэдтэй хамтран ажиллаж ирсэн, энэ хамтын ажиллагааг үргэлж дэмжиж тусалж байдагт Элчин сайдад талархал илэрхийлэв. Улмаар “Англи хэлээр хэвлэсэн, олон салбарыг хамарсан эдгээр ном нь япон судлаачдаар зогсохгүй Япон улсын талаар мэдэх судлахыг эрмэлзэж буй оюутан магистрантуудад, өргөн олон нийтэд ч үр өгөөжтэй байх болно гэв.
Мөн уулзалтын үеэр ирэх 2022 онд тохиох Монгол, Японы дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд болох ШУА, Элчин сайдын яамны хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Ёслолын ажиллагаанд Япон Улсын ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн дарга Ё.Ито, ажилтан Б.Цогтчимэг, ШУА-ийн Олон Улсын харилцааны хүрээлэнгийн захирал, доктор Д.Золбоо, эрдэм шинжилгээний ажилтан, доктор Б.Сэржав нар оролцов.
Эх сурвалж: Шинжлэх ухааны академи