9 дүгээр сарын 1-ний энэ өдөр сургууль, цэцэрлэгт шинээр элсэн орж байгаа бяцхан нийслэлчүүддээ болон анги дэвшин суралцаж байгаа сурагчид, оюутан залуус, багш сурган хүмүүжүүлэгчид, боловсролын салбарын нийт ажилтан, албан хаагчдадаа нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс Хичээлийн шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлж, сурлагын өндөр амжилт хүсье.
Эрдэм боловсрол нэн чухал ч эрүүл мэнд хамгаас чухал. Цар тахлын хор аюул арилаагүй, хүндхэн нөхцөл байдалд хичээлийн жилийг нээж байгаатай холбогдуулан багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхүүд ирээдүй болсон үр хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалж, ариутгал халдваргүйтлийн дэглэмийг сайтар сахиулахад анхаарах нь чухал.
Ахуйн орчинд төдийгүй сургууль цэцэрлэгийн орчимд цар тахлын үеийн дэглэмийг сайтар сахиулж, эрсдэлийг арилгаж хичээлийн хөтөлбөрийг тасалдуулалгүй үргэлжлүүлэх нь энэ цаг үед бидний өмнө тавигдаж байгаа том сорилт юм.
Шинэ цагийн эрдэм боловсролтой иргэдийнхээ ирээдүйн төлөө хүүхэд багачууд, оюутан залуус, эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгчидтэйгээ хамтдаа хичээе. Та нарынхаа эрдэм сурах их үйлсэд нь амжилт хүсье.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Жанцангийн Батбаясгалан