Цацрагийн үүсгүүрээс урьдчилан сэргийлэлт “Маш сайн” гэж үнэлэгджээ
Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар цацрагийн үүсгүүрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах ээлжит шалгалтыг энэ сарын 24-27-ны өдрүүдэд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т хийлээ. Төлөвлөгөөт шалгалтаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ “Маш сайн” үнэлэгдэж, Цацрагийн хяналтын аюулгүй байдлын алба нь Улсын хэмжээнд жишиг болохуйц ажиллаж байгааг мэргэжилтнүүд онцоллоо.
Монгол Улсын хэмжээнд цөмийн болон цацрагийн үүсгүүр ашигладаг 444 объект, эдгээрээс ижил төрлийн цөмийн хэмжүүр ашигладаг 20 орчим аж ахуйн нэгж байдаг бөгөөд Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар нь тэдгээр байгууллагад жил бүр төлөвлөгөөт шалгалт явуулж, холбогдох тусгай зөвшөөрлийг олгодог байна.
Эрдэнэт үйлдвэрийн тухайд дээрх чиглэлээр Цацрагийн хяналтын аюулгүй байдлын алба болон цацрагийн үүсгүүр хэрэглэгч 7 бүтцийн нэгжийн 9 алба, хэсэг, нэгж үйл ажиллагаа явуулж, Цөмийн энергийн тухай, Цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны үндсэн дүрэм, үйлдвэрийн газрын цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын дотоод дүрэм, бусад хууль, эрх зүйн актуудаар тогтоосон шаардлагыг ханган ажилладаг.
Мэргэжлийн байгууллагын шалгалтаар “Маш сайн” үнэлгээ авахад дотоод хяналтын тогтолцоо сайн хөгжсөн, бичиг баримтын хөтлөлт сайн зэрэг олон шалгуур үзүүлэлт багтаж байгаа юм.
2020 онд Цацрагийн хамгаалалтын хөтөлбөр, түүний хавсралт хөтөлбөрүүд, Цацрагийн үүсгүүрийн техникийн төлөв байдал тогтоох эрсдэлийн үнэлгээ, Цацрагийн үүсгүүрээс хүн амд үзүүлэх шаардлагын үнэлгээ, Цацрагийн ослын эрсдэлийн үнэлгээ, Цацрагтай ажиллагчдын ажлын байрны тодорхойлолт, Орчны цацрагийн хяналт мониторинг гэсэн томоохон ажлуудыг үйлдвэрийн хэмжээнд хийж хэрэгжүүлэн, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна.