Засгийн газарНийгэмFocus

Түгжрэлийг бууруулах 15 санал танилцууллаа

Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хороог Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалж байгаа билээ. Өнгөрсөн долоо хоногт болсон тус хорооны анхдугаар хуралдааны үеэр Ерөнхий сайд ажлын хэсгийнхэнд түгжрэлийг бууруулах богино хугацааны шийдэл танилцуулах үүрэг өгсөн. Энэ хүрээнд ажлын хэсгийнхэн өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг богино хугацаанд шийдвэрлэх 15 санал танилцууллаа.

Түгжрэлийн өртгийг мөнгөн дүнгээр тооцвол, өнгөрсөн 10 жилд 11.8 их наяд төгрөгт хүрчээ. Нэг үгээр хэлбэл, шатахууны болон цаг хугацааны зардлыг (ажлын бүтээмж буурах, эрүүл мэнд, стресс, дуу чимээ гэх мэт) ийн тооцсон байна. Нийт бүтээж буй баялгийнхаа найман хувийг түгжрэлд алдаж байгаа судалгаа гарч, иргэдийн 85 хувь түгжрэл дээд цэгтээ хүрсэн гэж хариулжээ. Түүнчлэн судалгаанд оролцсон иргэдийн 76 хувь түгжрэлийг шийдэх зоригтой алхам хийх цаг болсон гэсэн байна.

Ерөнхий сайдын зүгээс нийтийн тээврийн менежментэд хувийн хэвшилтэй хамтрах ямар боломж байгаа эсэх, орон нутгаас ирж байгаа тээврийн хэрэгслийн зорилгыг тодорхойлох, дугаарын хязгаарлалт үр дүнтэй шийдэл байж чадах уу, төрийн албан хаагчдыг ажлын нэг өдөрт цахимаар ажиллуулбал хэр үр дүнтэй вэ зэрэг 20 орчим асуудлыг судлахыг чиглэл болгосон билээ. Ажлын хэсгийнхэн нийтийн тээврээр зорчих иргэдийн тоог 50 хувиар нэмэгдүүлбэл автозамын түгжрэлийг 30 хувиар бууруулна гэж үзэж байна. Энэ хүрээнд улсын төсвийн болон төр-хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар эхний ээлжинд автобусны парк шинэчлэлт хийх, багтаамж ихтэй нийтийн тээврийн төрөл LRT нэвтрүүлэх нь чухал гэж үзжээ.

Одоо сургуулийн автобусаар 11 мянган сурагч зорчиж байгааг 20 мянга болговол автозамын түгжрэл 2.5-2.7 хувиар буурах боломжтой юм байна. Нэгдсэн зохион байгуулалтаар явуулж байгаа сургуулийн автобусыг 53, төрийн болон хувийн сургуулийн өөрийнх нь автобусыг 227 болгосноор өдөрт 10000-12000 сурагч буюу машины хөдөлгөөнийг бууруулна гэж тооцжээ. Ажлын нэг өдрийг цахимаар ажилладаг болговол дэмжихээ судалгаанд оролцсон төрийн албан хаагчдын 91 хувь хэлжээ. Хэрэв төрийн албан хаагчид нэг өдөр гэрээсээ цахимаар ажиллабал замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн тоо өдөрт 15-25 мянгаар буурах тооцоо гарчээ.

Орон нутгаас нийслэлд сард дунджаар 28-30 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролдцог байна. Ихэвчлэн хувийн ажлаа амжуулах, автомашины татваар төлөх, хөдөлмөр эрхлэх, эмнэлгийн туслам авах, бараа бүтээгдэхүүн худалдаж авах зорилгоор ирдэг. Ялангуяа жил бүрийн нэг, наймдугаар сард орон нутгаас ирэх тээврийн хэрэгслийн тоо нэмэгддэг байна.

Ерөнхий сайдаас буруу талдаа хүрдтэй тээврийн хэрэгслийн импортыг хязгаарлах, хэзээнээс боломжтой эсэхийг судлах чиглэл болгосон. Уг асуудлыг судлаад 2028 оноос Улаанбаатар хот 100 хувь зүүн жолооны хүрдтэй автомашинд шилжих, 2022 оноос долоогоос дээш жилийн насжилттай тээврийн хэрэгслийн импортын татварыг нэмэх, мөн ирэх жилээс шинэ автомашин худалдан авах зээлийн таатай нөхцөлийг бүрдүүлэх санал дэвшүүлжээ.

Ажлын хэсэг дугаарын хязгаарлалт хэр үр дүнтэй байгааг судлахад хэрэгжилт хангалтгүй гарчээ. Тиймээс үүний хэрэгжилтийг хангуулах нь түгжрэлийг бууруулахад дэмтэй гэж үзсэн байна. Түүнчлэн зарим автозамыг нэг урсгалтай болгох боломжтой эсэхийг судлахад манай автозамын нэвтрүүлэх чадвар муу учраас одоогийн нөхцөлд тохиромжгүй гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Ажлын хэсгийнхний богино хугацаанд түгжрэлийг бууруулах санал:

– Тээврийн хэрэгслийн “ЦАХИМ ГЭРЧИЛГЭЭ” нэвтрүүлэх ажил (Замын хөдөлгөөний зохицуулалт төлөвлөлтийн нэгдсэн систем буюу RFID систем болон цахим тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэвтрүүлснээр зөрчил гаргасан, татвар хураамжаа төлөөгүй, үзлэг оношилгоонд ороогүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оруулахгүй байх)

– Ерөнхий болосвролын сургуулийг 5/9 шилжүүлэх

– Нийтийн тээврийн цагийг уртасгасан цагаар ажиллуулах, 05.30-00.00 цагт шилжүүлэх,

– Дугаарын хязгаарлалтын хэрэгжилтийг хангах,

– Төрийн албан хаагчдыг 1/5 онлайнд шилжүүлэх,

– Үзлэг, оношилгоонд ороогүй, татвар, даатгал төлөөгүй тээврийн хэрэгслүүдийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх,

– Тээврийн хэрэгслийн ослыг хурдан шуурхай шийдвэрлэдэг болгох,

– Хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг торгох, ачих ажиллагааг сайжруулах, чангаруулах,

– E-Police аппликейшныг иргэдэд сурталчлах, иргэдийг урамшуулах,

– Автомашингүй гудамж бий болгох,

– Зогсоолгүй бүс бий болгох,

– Зогсоолыг төлбөржүүлэх, нэгдсэн системд оруулах,

– Явган зам, дугуйн зам, автозамын гарц хаасан орц гарцыг чөлөөлөх,

– Байгууллагуудын ажлын цагийг уян хатан болгох,

– Уулзваруудын дахин инженерчлэл хийж нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх

Эдгээр 15 саналыг ирэх сараас хэрэгжүүлснээр автозамын түгжрэлийг 13-18 хувиар бууруулна гэж ажлын хэсэг үзжээ.

Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Б.Одсүрэн түгжрэлийг бууруулах богино хугацааны шийдлийг Ерөнхий сайдад ийн танилцууллаа. Удахгүй дунд, урт хугацааны шийдлүүдээ танилцуулахаа ч энэ үеэр хэлсэн юм.

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version