Элчин сайд Кобаяаши Хироюки тэргүүтэй төлөөлөгчид Эрдэнэт үйлдвэртэй танилцав
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяаши Хироюки болон албаны бусад төлөөлөгчид /2021.08.27/ Эрдэнэт үйлдвэрт ажиллалаа. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх тэргүүтэй удирдлагууд зочдын хамт Ил уурхай, Баяжуулах үйлдвэрийн 6 сая тонны хүчин чадалтай Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн ажлын явцтай танилцаж, Засвар механикийн заводоор зочилсон юм. Үйлдвэрлэлийн явц, томоохон бүтээн байгуулалт, баялаг бүтээгч хамт олны ажил үйлстэй танилцсан зочдод Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Монголын анхны дижитал музейг танилцууллаа.
Монгол орны уул уурхай, Цахим мэдээлэл, Түүхэн замнал, Үйлдвэрлэл, технологи, инновац, Нийгмийн хариуцлагатай Эрдэнэт үйлдвэр, Бидний бахархал гэсэн зургаан танхимаас бүтсэн тус музей нь Монгол Улсын тэргүүлэх салбар болох уул уурхайн салбарын цогц мэдээллийг цахимжуулж нэгтгэснээрээ онцлогтой. Энэ үеэр Эрдэнэт үйлдвэрийн 43 жилийн түүх, хөгжил дэвшилтэй олон орны хэлээр танилцах боломжтой болсонд талархалтай хандаж байгаагаа хүндэт зочид илэрхийллээ. Музейд байрлуулсан Эрдэнэт үйлдвэртэй холбоотой 200 гаруй видео контент, 1000 гаруй үзмэр, 160 гаруй ном бүтээл, 30 гаруй самбар үзүүлэн, үзмэрүүдийн дээжээс сонирхож, цаашдаа энэхүү технологийн хөгжлийг түгээн дэлгэрүүлэх хэрэгтэйг онцоллоо.
И.ЧИНТОГТОХ