Алслагдсан хороодын ӨЭМТ-д 400 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж олголоо
Нийслэлийн ИТХ-д төлөөлөгч Ж.Алдаржавхлан, Б.Мягмар нарын санаачилгаар Нийслэлийн ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар Хан-Уул дүүрэгт ногоон байгууламжийг нэмэх, хүүхдийн тоглоомын талбайг засаж, тохижуулах зэрэг ажил олныг хийсэн. Тэгвэл өнөөдөр төлөөлөгчдийн санаачилгаар тус дүүргийн алслагдсан 7 хорооны ӨЭМТ-д 400 сая төгрөгийн үнэ бүхий орчин үеийн, нэн шаардлагатай тоног төхөөрөмж олголоо. Үүнд, лабораторийн болон физик эмчилгээний тоног төхөөрөмж, шүдний бор машин, биеийн жингийн индекс тодорхойлогч, цусан дахь өөх тос хэмжигч, ор, яаралтай тусламжийн тэргэнцэр зэрэг багтаж буй. Ингэснээр тухайн долоон хорооны иргэд шүдний эмнэлэгт үзүүлэх болон нярайг хуваарьт үзлэгт оруулахдаа хотын төв орох шаардлагагүй болж буй онцлогтой. Тодруулбал, иргэд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйчилгээг ӨЭМТ-өөсөө бүрэн авах боломжтой болж байна.
Арга хэмжээний үеэр Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Мягмар “Нийслэлийн ОНХС-гийн хөрөнгөөр Хан-Уул дүүрэгт 2.4 тэрбум төгрөгийн ажил хийхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд дүүргийнхээ алслагдсан хороодын ӨЭМТ-ийн чадавхыг бэхжүүлэх, үйл ажиллагааг нь сайжруулах зорилгоор орчин үеийн дэвшилтэд тоног төхөөрөмж олгож байна. Хүн эрүүл байж аз жаргалтай, сайхан амьдарна. Ялангуяа цар тахал дэгдээд буй хүнд цаг үед ачааны хүндийг үүрч буй ӨЭМТ-үүдийнхээ эмч, мэргэжилтнүүдийг дэмжих ёстой. Цаашид дүүргийнхээ эрүүл мэндийн байгууллагын чадварыг сайжруулахад бид онцгой анхаарна” гэсэн юм.
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч бөгөөд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан ирэх жилүүдэд өрнүүлэх эрүүл мэндийн салбарын бүтээн байгуулалтын талаар “АХБ-ны санхүүжилтээр Яармагт 300 ортой эмнэлэг барина. Ирэх жил дүүргийн Эрүүл мэндийн төвийн барилга болон амбулаторийг шинэчилнэ. Ингэснээр нэг дор 400 хүнийг хэвтүүлэн эмчлэх боломж бүрдэнэ. Өнөөдөр та бидний гадна нь зогсож буй “Био-Асралт” ӨЭМТ-ийг саяхан ашиглалтад оруулсан. Нийслэл хотод төдийгүй Монгол Улсын хэмжээнд ганц байгаа орчин үеийн ӨЭМТ. Цаашид дүүргийнхээ бүх ӨЭМТ-ийг ийм барилгатай болгохыг зорьж байна. Энэ хүрээндээ 21 дүгээр хороонд ӨЭМТ болон хорооны барилгын ажлыг эхлүүлээд байна” гэсэн юм.