Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Д.Энхтуяа сонгогдсон тойрог болох Баянгол дүүргийнхээ 15, 19 дүгээр хороонд ажиллалаа. Баянгол дүүрэгт 1990 оноос өмнө барьж, ашиглалтад оруулсан нийтийн зориулалттай 60 гаруй барилга бий. Үүний улмаас дулаан алдах, дээврийн ус айл өрхүүд рүү урсах гээд оршин суугчдад бэрхшээл олон тулгардаг аж.
Дээрх хоёр хороонд мөн ийм асуудал тулгамдаж буйг дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид болон хороодын Засаг дарга нар, сууц өмчлөгчдийн холбооны дарга нар уулзалтын үеэр хэлж байлаа. Тухайлбал, Баянгол дүүргийн 15 хороонд дээврийг нь засаж, дулаалах шаардлагатай хэд хэдэн байр бий аж. Мөн хэд хэдэн байрны цахилгаан шатыг засах шаардлагатайг хэллээ. Тус хорооны Засаг дарга Ж.Шижирдаваа “Манай хороонд орон сууцны барилгын фасад, дээвэр, цахилгаан шатны засвар нэн тулгамдаж байна. Бидний зүгээс нөхцөл байдлыг дүүрэг, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдөд уламжилж, шийдвэрлүүлж байгаа ч цаг үеийн байдлаас болоод зарим ажил удааширч байна. Өнөөдөр манай хорооноос дүүрэг, Нийслэлийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгчид хороонд ажиллаж, нөхцөл байдалтай танилцлаа. Төлөөлөгчдийн зүгээс ОНХС-гийн хөрөнгөөр ирэх жилд гүйцэтгэх ажлын жагсаалтад дээрх асуудлуудыг тусгах, мөн холбогдох агентлаг, яамдад уламжилж байгаад талархаж байна” гэв.
Цар тахлаас үүдэн хилээр нэвтрүүлэх ачаа, барааны эргэлт саарч, улмаар барилгын материалын үнэ өссөн зэргээс шалтгаалан гадна фасад болон дээвэр засварын зарим ажлын сонгон шалгаруулалтад компаниуд оролцохгүй, тендер буцах тохиолдол байгаа аж.
Уулзалтын үеэр Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Д.Энхтуяа “Орон сууц бүхий хороодод тулгардаг бэрхшээл болох дулаалга, дээвэр болон цахилгаан шат засварын ажлыг ОНХС-гийн хөрөнгөөр тогтмол засаж, сайжруулдаг. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн, найруулсан. Энэ хуулиар Нийслэл, дүүргийн ИТХ, Засаг дарга нар тулгамдсан асуудлаа өөрсдөө шийдвэрлэх боломж өргөжсөн. Тус хуулийн хүрээнд тулгамдаж буй асуудлаа бид шийдэх бүрэн боломжтой. Цар тахлын улмаас улс, нийслэл гэлтгүй өрх гэрийн эдийн засаг хүнд байгаа. Тиймээс Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчийн хувиар миний бие өрхийн аж ахуйг дэмжихэд ач холбогдол өгч ажиллана. Баянгол дүүрэгт Германы хөрөнгө оруулалтаар байгуулсан агро парк бий. Тус паркийг түшиглэн дөрвөн улирлын хүлэмж байгуулж иргэдийг ажилтай, орлоготой болгох ажлуудыг хийнэ. Нийслэлийн Засаг даргатай энэ талаар зөвшилцсөн. Эхний ээлжид 500 гаруй ажлын байр бий болно гэсэн судалгааг мөн гаргасан. Нийслэлийн ИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдээ дэмжиж ажиллахаар болсон. Энэ хүрээнд ЖДҮҮ эрхлэгчид, ялангуяа эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ хардаг ээжүүдээ дэмжиж ажиллана” гэсэн юм.