Уул уурхайFocus

Д.Цэнд-Аюуш: Хүмүүсийн сэтгэлгээ эрүүлжиж, аюулгүй нийгэмд амьдраасай

Өглөөний сэргээшийн 29 дэх цувралын эзэн Дашнямын Цэнд-Аюуш уригдлаа.

Төгссөн сургууль:
Соёлын сургууль

Мэргэжил:
Номзүйч, номын сангийн мэдээллийн ажилтан

Ажилласан туршлага:
1992-2003 онд аймгийн Номын төвд номын санч, 2003 оноос өнөөг хүртэл “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн номын сангийн эрхлэгчээр ажиллаж байна.

Мэргэжил дээшлүүлсэн байдал:
2005 онд Соёлын дээд сургуулийг бакалаврын зэрэгтэй ном зүйч мэргэжлээр төгсөж, 2010 онд Хүмүүнлэгийн их сургуульд Соёл судлалын магистрын зэрэг хамгаалсан.

Чин хүсэл:
10-р ангиа онц дүнтэй төгссөн тэрээр номын санчийн мэргэжил сонгоход олон ч хүн гайхширсан. Харин тэр өвөг эцгийнхээ оноосон “Насан цаглашгүй номын судар” буюу Цэнд-Аюуш нэр нь номын ертөнцтэй түүнийг салшгүй холбосон гэдэгт итгэдэг нэгэн. Тиймдээ ч хүсэл тэмүүллээрээ сонгосон энэ мэргэжлийнхээ эзэн болж, Эрдэнэт  үйлдвэрийн дэргэдэх “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн номын сангийн эрхлэгчээр 20-иод жил ажиллажээ. Сургалтын кабинетаас эхэлсэн номын сангийн үйлчилгээ өдгөө өргөжин тэлж, MNS ISO: 4227 стандартын шаардлага хангасан, техник технологи, уул уурхай болон бусад салбарын 40000 гаруй номтой томоохон номын сан болоод байгаа юм. Сүүлийн жилүүдэд номын сангийн дижитал шилжилт хийж, 5000 гаруй номыг цахим хэлбэрт оруулан, оюутан сурагчид төдийгүй уурхайчдыг хаанаас ч, хэзээ ч, цагт баригдалгүй ном унших боломжийг бүрдүүлсэн нь номын сангийн бүтээлч хамт олны уйгагүй хөдөлмөрийн үр шим юм. Эрдэнэт хотынхоо хүүхэд залуучууд, иргэд, олон нийтийн оюуны цангааг тайлж, өргөнөөр үйлчлүүлэх боломжийг хангасан, Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх бие даасан номын өргөөтэй болох нь түүний чин хүсэл билээ.

-Таны амьдралын сэргээш?
-Гэр бүлээрээ цагийг зугаатай өнгөрүүлэх.

-Өөртөө хэвшүүлсэн эерэг дадал?
-Хүнтэй эелдэг зөөлөн харьцдаг. Нэг л амьдрах хорвоод хүн хүнээ хайрлах, хүнийг ялгаж харьцахгүй байх хэрэгтэй. Уурласан хүнтэй уурлаж харьцахгүйгээр түүнийг ойлгож, хүлээцтэй хандаж харьцах дадалтай.

-Таны ажлын бүтээмжийг дээшлүүлдэг гол зүйл?
-Ажлын орчин, олон жил хамт ажилласан бие биенээ ойлгодог хамт олон минь.

-Хийж байгаа ажлын тань онцлог?
-Ном, хэвлэл мэдээллээр дамжуулан уншигчдад мэдлэг олгох нь эрхэлсэн ажлын минь үндсэн үүрэг. Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх эрдмийн их сургуульд уул уурхайн салбарын хойч үеийг бэлтгэхэд гар бие оролцож байгаа ажил мэргэжлээрээ бахархаж явдаг.

-Ойрын өдрүүдэд ямар ажил амжуулахаар төлөвлөж байна вэ?
-“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийг сонгон суралцахаар ирж буй шинэ элсэгчдэд номын сангийн үйлчилгээний талаар яриа, танилцуулга хийхээр бэлтгэж байна.

-Эрдэнэт үйлдвэр таны харах өнцөг, үзэл бодол, итгэл үнэмшилд хэрхэн нөлөөлж байна вэ?
-Үйлдвэрлэлийн процесс, цэгцтэй бодлого, менежмент нь их зөв голдирлоор яваа болохоор хаа ч байхгүй олон жилийн нөөцтэй хөгжлийн тулгуур үйлдвэр гэж боддог. Монгол хүн бүрт өгөөжөө хайрласан буянтай үйлдвэр. Тиймдээ ч уурхайчид “Бор уулынхаа буяныг мөн ч их эдлэх юм даа” гэж сүсэглэдэг. Миний хувьд цай сүүнийхээ дээжийг Эрдэнэт хайрхандаа өргөж, ажил, амьдралаа сүслэн даатгадаг сүсэгтэй хүн.

-Залуучуудад өгөх таны зөвлөгөө?
-Багаар ажиллах чадвартай, бусдыг хүндэтгэдэг, би гэхээс илүүтэй бид гэсэн сэтгэлтэй байгаарай.

-Таны 5 хүсэл?
-Эх дэлхий минь экологийн тэнцвэртэй байдлаа хадгалан эвдрэл гэмтэлгүй байгаасай. Үр хүүхдүүдийн минь ирээдүй сайн сайхан байгаасай. Техник технологийн дэвшил хурдтай байхын хирээр хүн төрөлхтөнд сөрөг нөлөөгүй байгаасай. Анагаахын ШУ-д олон амжилт гарч, хорт хавдар, корона зэрэг аюулт өвчнийг ялан дийлээсэй. Хүмүүсийн сэтгэлгээ эрүүлжиж, аюулгүй нийгэмд айдасгүй амьдраасай.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version