Баяжуулах үйлдвэрт шинэ насос суурилуулав
2021 онд хийгдэх хөрөнгө оруулалт, техник технологийн шинэчлэлийн ажлын хүрээнд Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйд шинэ насос суурилуулж байна. Энэ нь цагт 18000 м3 булинги шахах хүчин чадалтай Хятадын 900 HD маркийн насос юм. Одоогийн байдлаар насос суурилуулах ажлын гүйцэтгэл 90 гаруй хувьтай явж байгаа талаар албаны хүн мэдээлэв.
Мөн цахилгаан монтаж хийх, тоног төхөөрөмж суурилуулах ажил явагдана. Хуучин насос нь цагт 15000 м3 булинги шахдаг байсан бол хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдсэнээр шинэ насос суурилуулах шаардлагатай болжээ. Уг насосыг ашиглалтад оруулсны дараа хоёр дахь насосоо суурилуулах юм.
Үүнтэй уялдуулан насосны булинги шахах хоолойд нэг километр газар 1400 мм-ын голчтой шугам ашиглалтад оруулжээ. Мөн өвлийн бэлтгэл ажлын хүрээнд хоёр дахь шугамаа 1400 мм-ын голчтой шугамаар сольж ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Насосны хүчин чадал болон булинги тээвэрлэх хоолойн голчийг нэмэгдүүлснээр Баяжуулах үйлдвэрийн үйлдвэрлэлийн технологийн тогтвортой тасралтгүй үйл ажиллагааг бүрэн хангах юм. Хаягдлын аж ахуй нь үйлдвэрлэлийг эргэлтийн усаар хангахын зэрэгцээ баяжуулалтаас гарсан булингийг тээвэрлэх, шахах, хадгалах технологийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Одоогийн байдлаар Хаягдлын аж ахуйд нэг насос ажиллаж, таван насос засвар нөөцөд байгаа аж.
Т.БАТЧУЛУУН