ОнцлохОрон нутаг

НҮБ-ын “ЧИП төсөл”-д Хүүхдийн сангаас дэмжлэг үзүүлнэ

“Монгол гэрийн халаалт, дулаалга агаар сэлгэлтийн багц буюу Чип төсөл”-ийн хэрэгжүүлэгч ПИПЛ ИН НИЙД ОУТББ-ын төлөөлөгчид Говь-Алтай аймагт ажиллалаа. Тодруулбал, Чип төслийн менежер Г.Лхагвасүрэн, Мэдээлэл харилцаа хамтын ажиллагаа хариуцсан менежер М.Номин, Төслийн менежер Д.Түвшинтөгс, ШУТИС-ын багш, Барилга эрчим хүчний төвийн захирал Б.Мөнхбаяр, Тогтвортой санхүүжилтийн холбооны зохицуулагч Б.Билэгсайхан нар хүрэлцэн ирж, Говь-Алтай аймгийн Засаг даргын тушаалаар томилогдсон гурван багийн ажлын явцтай танилцан зөвлөгөө өгч, санал бодлоо солилцлоо. 

Учир нь Монгол Улсын Засгийн Газар, НҮБ-ын Хүүхдийн Сан, Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа “Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах нь” төслийн хүрээнд ШУТИС-тай хамтран гэрт амьдардаг айл өрхүүдэд зориулсан эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй Монгол гэрийн халаалт, дулаалгын ЧИП/CHIP багцыг зохион бүтээж, 2019 оны өвлөөс эхлэн Баянхонгор, Говь-Алтай, Өмнөговь аймгийн төв, нийслэл Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нийт 492 өрхөд нэвтрүүлээд байна.

ЧИП багц нь өрх бүрт дулаан, тав тухай орчныг бүрдүүлж, хүүхэд бүрт эрүүл, боловсон, хог, тоосжилт, тортог багатай, тав тухай орчинд өсч, хөгжих боломжийг олгож байгаа билээ. Уг төсөл нь Говь-Алтай аймагт 2020 оны наймдугаар сараас эхлэн хэрэгжиж эхэлсэн бөгөөд Говь-Алтай аймгийн Засаг даргын захирамжаар Удирдлагын баг, Хэрэгжүүлэгч баг, Чанарын хяналтын баг байгуулагдан, Удирдлагын баг нь төслийн менежментийг, Хэрэгжүүлэгч баг нь хэрэгжилтийг, Чанарын хяналтын баг нь бүтээгдэхүүний чанар, стандартад хяналт тавьж ажиллаж байгаа аж. 

Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийн Ногоон хөгжлийн бодлогод Орчны бохирдлыг бууруулах зорилгоор байгальд ээлтэй хэмнэлттэй, дэвшилтэт технологи буюу төв суурин газрын гэр хорооллын айл өрхүүдэд “Эрчим хүчний хэмнэлттэй Монгол гэрийн дулаалга” шийдлийг нэвтрүүлэхээр тусгаж жилд 100 өрхийг хамруулахаар төлөвлөсөн. Үүний хүрээнд одоогийн байдлаар Говь-Алтай аймгийн 85 өрх буюу Есөнбулаг сумын 58 өрх, Цогт сумын 10 өрх, Халиун сумын 10 өрх, Цээл сумын 7 өрх тус тус хамрагдаад байна. Цаашид дахин 64 өрх буюу Есөнбулаг суманд 45 өрх Цогт суманд 7 өрх Халиун суманд 7 өрх, Цээл сумд 5 өрхийг нэмэлтээр хамруулахаар төлөвлөж байгаа ажээ. 

Есөнбулаг сумын төсөлд хамрагдсан иргэдийн сайн туршлага дээр үндэслэн хөдөөгийн сумдын иргэд ч мөн Монгол гэрийн дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн багцад хамрагдахаар хүсэлтээ илгээжээ. Энэ оны гуравдугаар сард Цогт, Цээл, Халиун сумын 27 өрхөд НҮБ-ын Хүүхдийн сангаас 70 хувийн дэмжлэгээр багцыг олгосон байна.

Цаашид Цогт, Цээл, Халиун сум өөрийн орон нутгийн хөгжлийн сан болон орон нутгийн төсвийн нийт 26.6 сая төгрөгийн санхүүжилтээр 19 өрхөд ЧИП багц авах 70 хувийн дэмжлэг үзүүлэхээр төлөвлөсөн байна. Мөн Есөнбулаг сум орон нутгийн хөгжлийн сангаас 20 сая төгрөгийн санхүүжилтээр 16 өрхөд, НҮБ-ын Хүүхдийн сангаас 38.4 сая төгрөгийн санхүүжилтээр 29 өрх буюу нийт 45 өрхөд багцын 60 хувийн дэмжлэг үзүүлэхээр төлөвлөөд байгаа тухай Говь-Алтай аймгийн ЗДТГ-аас танилцуулав.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version