Засгийн газарОрон нутагFocus

Боршоо боомтын шинэ лабораторийн асуудлыг шийдэв

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Увс аймагт ажиллаж, цаг үеийн асуудлаар холбогдох салбарынхны ажил байдлыг шалгалаа.

Наймдугаар сарын 22-ны байдлаар Увс аймагт коронавируст халдварын 3530 тохиолдол бүртгэгдсэний дотор зургаа нь дельта вирусийн халдвар болох нь батлагджээ. Дельта вирусийн тохиолдлууд нь бүгд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хүмүүсийн сорьцоос илэрсэн тул тандалт судалгааг эрчимжүүлж, хяналтад аваад буйг Увс аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Алимаа танилцуулсан.

Аймгийн хэмжээнд эрүүл мэндийн ажилтнуудын хүний нөөцийн асуудал хомсдолтой байдаг тул сургууль төгссөн залуу боловсон хүчнийг гэрээгээр ажиллуулах боломжийг бүрдүүлж өгөхийг Шадар сайдад уламжлав.

Аймгийн Нэгдсэн эмнэлэг болон сумдын Эрүүл мэндийн төвд өдгөө 153 хүн хэвтэн эмчлүүлж буй бол гэрийн тусгаарлалтад 269 хүн эмчлэгдэж буй бөгөөд 4D эхо аппарат, зөөврийн рентген аппарат болон түргэвчилсэн оношлуур шаардлагатай байгааг газар дээр нь шийдвэрлэж өглөө. Вирусийн эсрэг эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц хангамж хүрэлцээтэй байгаа учраас өвчтөний ар гэрээс эм, тариа авахуулах асуудал гараагүй гэнэ.

Увс аймагт тээвэрлэлтийн асуудлаас болоод вакцинжуулалт удаашралтай байсан ч өдгөө жигдэрч, нийт хүн амын 83.7 хувь нь нэгдүгээр тунд, 74.8 хувь нь хоёрдугаар тунд хамрагджээ. 12-17 насны хүүхдүүдийн 65 хувь нь вакцины хоёрдугаар тунд хамрагдаад байгаа учраас хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө вакцинжуулалтаа эрчимжүүлж, сурагчдыг бүрэн тунд хамруулахыг холбогдох албаныханд Шадар сайд үүрэг болголоо.


Мал аж ахуй, газар тариалан хосолдог тус аймагт өвөлжилтийн бэлтгэл харьцангуй сайн хангагдаж байгаагийн зэрэгцээ хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг бүрэн хангах тал дээр анхаарч ажиллаж буйг Увс аймгийн Засаг дарга, Онцгой комисын дарга Ч.Чимэд хэлсэн юм.

Цар тахлын хажуугаар эдийн засгаа дэмжих, гадаад, дотоод худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх бодлого Засгийн газраас баримталж байгаа тул хилийн боомтуудын үйл ажиллагааг жигд хэвийн явуулахад анхаарч буйг Шадар сайд С.Амарсайхан онцлоод, Увс аймаг дахь Боршоо боомтын шинэ лабораторийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн асуудал тулгамдаж байсныг газар дээр нь шийдвэрлэлээ.

Боршоо боомтоор энэ оны эхний найман сарын байдлаар 762 ачаа тээврийн хэрэгслээр хүнсний бүтээгдэхүүн нэвтэрсэн бол 27578.8 тн шатах тослох материал, 819 автомашин импортолсон байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version