Монгол киноны ХЭЛЦ ҮГС
– ТӨРД ХЭРЭГТЭЙ ЗАЙРАН – “Өглөө” кино. Төрд хийгээд түмний үйлд өчүүхэн ч хэрэггүй атлаа өөрийгөө хэрэгтэй гэж гэнэнээр итгэдэг, муйхраар зүтгэдэг хүмүүсийг голдуу шоглож ёгтолж хэлдэг хэлц үг болон хэвшжээ.
Хиагтын гудамжинд ялсан цэрэг эрстэйгээ яваа Сүхбаатар жанжин хэнгэрэг нүдэн, үсчин цамнаж буй зайран бөөтэй таарч, түр саатан харж зогсдог. Тэрхүү навсагнан цамнаж буй зайранг харж эгдүүцсэн Сүх жанжны баруун гар Сэлэм Тогмид “Буудчих уу, Жанжаан” гэхэд нь Жанжин “Хэрэггүй, байж л байг” гэчихээд давхиад явчихна. Түүнийг сонссон зайран /Ардын жүжигчин Чимид-Очир гуай/ хажуудах хүндээ “Чи сая сонсов уу. Жанжин намайг Төрд хэрэгтэй зайран гэж байна” гээд ихэд маадайн байдаг хэсэг юм. Энэ “Буудчих уу, Жанжаан” ч бас хэлц үг болсон.
– ГОЛ ГАРГАХ… Өнөө энэ үгийг санаатайгаар худал хэлж, хуурах утгаар ихэнхдээ хэрэглэж байна. Өргөн хэрэглэгддэг.
“Үер” киноны усч орос өвгөн найз Болд өвгөний өнчирсөн эхнэр хүү хоёрыг үерлэсэн Сэлэнгэ мөрөн гаталгахаар явж байхдаа араас нь ирээд хашгирсан цагаантнуудад хэлдэг үг. “Одоохон би эднийг ГОЛ ГАРГАЧИХААД ирье” гэнэ. Угтаа өвгөн гол гарсан ч эргэж ирэхгүйгээр явж буй, тэдгээр цагаантнуудыг худал үгээр аргацаахаар хэлж буй үг юм. Түүнийг нь мэдсэн цагаан цэрэг өвгөнийг буудаж орхидог билээ.
– МИНИЙ МЭДДЭГ ОРОС ХЭЛ ДУУСЛАА – “Сэрэлт” кино.
Өнөө энэ үг миний мэдэх чадах юмны маань хэмжээ энд хүрээд дуусав. Үүнээс цааш би чадахгүй гэдэг утгаар хэрэглэгддэг.
Орос эмчийг авчирсан жолооч эрийн үг. Сумын дарга, хоршооны дарга гэх мэт хөдөө сумын хариуцлагатнуудыг орос эмчид танилцуулж, “Это хорошоо дарга аа, а это монцонкоовын дарга аа. Вот это трий даргаа” гэж сумын дарга, хоршоон дарга нарыг эмчид танилцуулсны дараа тамхиа соронгоо нөгөөдүүлдээ “За миний мэддэг орос хэл дууслаа шүү. Одоо яадаг бай та нар өөрсдөө учраа ол” гэж өгүүлдэг.
– ЧИ Л МЭДДЭГ ШҮҮ ДЭЭ – “Аман хуур” кино. Нэг талдаа их бага ямар нэгэн эрх мэдэлд дуртай хүнд хандан доог, тохуутайгаар хэлэх хэллэг голдуу болжээ.
Хувийн тохилог байшин, шургааган хашаа нь газарт орсны дараа өвгөнийх нүүнэ. Эмгэн нь /гавьяат жүжигчин Бадамгарав гуай санагдана/ машины бүхээгт, өвгөн нь ачаан дээр сууж явна. Хаа очихоо мэдэхгүй гайхсан эмгэн цонхоор толгойгоо гаргаж “Хаа хүрэх юм бэ?” гэж хашгирч асуухад өвгөн “Мэдэхгүй ээ, чи л мэддэг шүү дээ” хэмээн хэвлүүлхэн өгүүлдэг хэсэг.
– ИНГЭЭД Л МИНИЙ МИНИЙ НЭР БАЙДАГГҮЙ ЮМ – “Анхны алхам” кино. Ямар нэгэн юмнаас санаандгүйгээр, азгүйгээр хоцорсон, мартагдсан үед ихэнхдээ хошигнол байдлаар хэрэглэнэ.
Хадлангийн бригадын хэдэн хөгшчүүлийн зураг сонин дээр гарчээ. Өвгөчүүл зургаа харан ихэд баясан суухуй нэг хөгшин сонины буланг тухтай хараад “Ингээд л миний нэр байдаггүй юм” гэж гомдоллож тунирхсан өнгөөр хэлдэг хэсэг ГЭХ МЭТЭЭР ҮРГЭЛЖИЛНЭ.
Монгол киноны Алтан үеийнхний бүтээсэн уран бүтээлээс маш олон үг өнөө ард түмний дунд нэгэнт хэлц үг, дам утгат үг болон хэвшиж, үндэстнийхээ хэл, сэтгэлгээг баяжуулжээ. Тэр цагийн бараг кино бүрээс энэ мэт тогтсон хэл үг гарсан нь уран бүтээлийг үнэхээрийн амьдралд ойртуулж, сэтгэлд тодортол урлан бүтээж чаддаг байсных болов уу.